Австрали хөрөнгө оруулагчдыг үргээж байна

Хуучирсан мэдээ: 2010.08.18-нд нийтлэгдсэн

Австрали хөрөнгө оруулагчдыг үргээж байна

“Arkx Clean Energy Fund”-ын менежерүүд Австраличууд хэдий ч Австралид хөрөнгө оруулалт хийдэггүй бөгөөд наймдугаар сарын 21-нд болох сонгуулийн дараа ч энэ байр сууриа өөрчлөхгүй бололтой гэж “Bloomberg” агентлаг мэдээлж байна. “Бид Австралид хөрөнгө оруулалт хийхийг хүсдэг. Гэвч эрх зүйн зохицуулалт нь тодорхой биш, бодлого нь зургаан сар болгонд, жил тутам өөрчлөгдөж байдаг оронд хөрөнгө оруулалт хийх бололцоогүй” гэж Сидней хотод байрладаг тус сангийн менежер Тим Баклей ярьж байна.

Хөрөнгө оруулагчид Австралийн дахин сэргээгдэх эрчим хүчний хувьцаануудыг авахаас зайлсхийж байгаа бөгөөд Австралийн засгийн газар хүлэмжийн хийн ялгаруулалтаа худалдах эсэх болон ямар бодлого баримтлах нь тодорхойгүй байгаа нь үүнд нөлөөлж байна. Долоодугаар 30-ний байдлаар Австралийн цэвэр, дахин сэргээгдэх эрчим хүчний компаниуд, тухайлбал салхинаас эрчим хүч үйлдвэрлэдэг “”Infigen Energy Ltd” болон газрын гүний эрчим хүчийг ашигладаг “Geodynamics Ltd” зэрэг 78 компанийг багтаасан хувьцааны индекс 30 хувиар унасан бол энэ зуур “S&P/ASX 200” индекс зургаан хувиар өссөн байна.

“Австрали улс сэргээгдэх эрчим хүчний салбараа яаж хөгжүүлэх алсын хараагүй байна. Үнэндээ байдал муу байна” гэж “ACT Australian Cleantech Index” компанийн Жон О’Брайен ярьж байна. Австарийн засгийн газар сэргээгдэх эрчим хүчний санаачилгадаа 4.6 тэрбум ам.доллар зарцуулах болно гэж мэдэгдсэн бол Хятад улс ирэх арван жилийн дотор 738 тэрбум ам.доллар сэргээгдэх эрчим хүчний салбартаа зарцуулах болно гэж 7 сарын 20-нд мэдэгдсэн.

Одоо эрх барьж байгаа Жулиа Гиллиардын Хөдөлмөрийн нам хүлэмжийн хийг худалдах системийг 2012 он хүртэл хойшлуулаад байгаа бөгөөд “энгийн Австраличуудыг оруулсан” хүлэмжийн хийг бууруулах арга хэмжээг тодорхойлох иргэний бүлэг байгуулах гэж байна.

Гиллардын өрсөлдөгч, Үндэсний-Либерал намын тэргүүн Тони Абботт өнгөрсөн оны аравдугаар сард “хүнээс шалтгаалаад цаг уур өөрчлөгдөж байна гэдэг бол шал худал зүйл” хэмээн ярьж байсан бөгөөд нүүрсхүчлийн хийг худалдаалах нь Австралийн эдийн засагт хохирол учруулах болно гэсэн байр суурь илэрхийлж байсан.

“Ийнхүү Австраличууд байгаль цаг уурын өөрчлөлтийн талаар мэтгэлцэж байх үед Хятад улс асар их хэмжээний хөрөнгийг сэргээгдэх эрчим хүчний салбартаа зориулах гэж байгаатай холбоотойгоор дэлхийн зах зээл дээрээс улам бүр их хөрөнгө оруулалт татаж байна. Хэрвээ байдал энэ чигтээ үргэлжилбэл Хятад улс хамгийн орчин үеийн технологиор дэлхийд тэргүүлж, харин Австрали динозавр, малтмалын түлшний салбарт дэлхийд тэргүүлэгч үлдэх болно. Хэрвээ тэгвэл энэ нь Австралийн хувьд гунигтай зүйл байх болно” гэж Аркс компанийн Баклей ярьж байна.  

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж