
“Энэ хуульд бараг АНУ-ын бүхий л аж үйлдвэрийн секторын үйл ажиллагаа өртөх болно. Конгогийн эрдэс малтмалд кольтан багтдаг бөгөөд ингэснээр лааз ашигладаг, үйлдвэрлэдэг бүхий л салбарыг хамрах болно” гэж Мэдээллийн технологийн аж үйлдвэрийн зөвлөлийн дэд ерөнхийлөгч Рик Росс ярьж байна. Дайн байлдаантай улс орноос олборлодог ашигт малтмалыг “Apple”, “Microsoft” зэрэг компаниуд цахилгаан бараа бүтээгдэхүүнүүддээ өргөнөөр ашиглаж байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр бичиж “геноцидын утаснууд” гэж нэрлээд байгаа нь энэ хууль батлагдахад нөлөөлжээ.
Шинэ хуулийн дагуу АНУ-ын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд өөрсдийн бараа бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэлд Конгогоос авсан эрдэс, ашигт малтмал ашигласан эсэх талаар жилийн тайлан гаргаж байх ёстой бөгөөд хэрвээ “дайны ашигт малтмал ашигласан” эсэхээ нарийн тодорхойлж чадахгүй бол эрдэс бодисын эх сурвалжийг хэрхэн тогтоохоор оролдсон тухай хөндлөнгийн аудитын дүгнэлт өгөх ёстой болж байгаа юм.
Энэхүү хуулийн заалтыг зөрчсөн компаниуд торгууль төлөх ба шүүхэд дуудагдах болно. Түүнчлэн АНУ-ын хөрөнгийн биржүүдийг хянаж, үйл ажиллагааг нь зохицуулдаг Хувьцаа, Биржийн Комиссын арга хэмжээнүүдэд өртөх болно. “Бизнесийн группууд шинэ хуулийн үзэл санааг дэмжиж байгаа хэдий ч энэ нь бодит байдал дээр дэндүү хэрэгжилт муутай байж болох хийсвэр хууль хэмээн үзэж байна. Хэрвээ энэ хуулийг хэрэгжиж эхлэх юм бол энэ нь үйлдвэрлэгчдэд маш их дарамт болж, ажлын ачааллыг нь санаанд оромгүйгээр нэмэгдүүлэх болно” гэж “McDermott Will & Emery” хуулийн компанийн Девид Левайн ярьж байна.
Т.Бадрах