Валютын ханш сулрах төлөвтэй байна

Хуучирсан мэдээ: 2010.08.18-нд нийтлэгдсэн

Валютын ханш сулрах төлөвтэй байна

Гадаад валютын ханш өдрөөс өдөрт буурсаар байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар  сард нэг ам.доллар 1450 төгрөгийн ханштай байсан. Харин энэ оны нэгдүгээр сараас эхлэн валютын ханш унаж эхэлсэн юм. Улмаар дөрвөн сарын дараа нэг ам.доллар 1364 төгрөгийн ханштай болсон байв.  Эдийн засагчид болон банкны мэргэжилтнүүд тэр үед валютын ханшийн уналт тавдугаар сарыг хүртэл үргэлжилнэ хэмээн үзэж байсан. Гэсэн ч дөрөвдүгээр сарын эхэн үеэс валютын ханш бага зэрэг өсч эхэлсэн юм. Арилжааны банкуудад валютын ханш цаг цагаар нэмэгдэх хандлага ажиглагдаж байгааг ч банкныхан хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ энэ нь түр зуурын үзүүлэлт гэж хэлэхээ ч мартаагүй. Тэдний таамаглал үнэн байсан. Монгол банкнаас валютын ханшийг хэвийн хэмжээнд барих бодлогын үр дүн нь энэ байв. Гадаад валютын ханш өнгөрсөн зургадугаар сараас эхлэн өнөөдрийг хүртэл буусаар байна. “Найман шарга” валютын захын ченжүүдийн хэлж буйгаар гадаад валют тэр дундаа доллар юаний ханш өдөрт дунджаар 2-3 төгрөгөөр буурч байгаа аж. Гадаад валют ихээр нөөцөлсөн иргэд, аж ахуйн нэгжүүдийн хувьд ханш өсөх болов уу гэсэн хүлээлт бий. Арилджааны банкуудад өчигдрийн байдлаар ам.доллар 1327 төгрөг, английн  фунт 2111 төгрөг, хятадын юань 200 төгрөг, евро 1718 төгрөгийн ханштэй байв.

Ийнхүү валютын ханш буурч байгааг эдийн засагчид манай улс руу орох гадаад валютын урсгал нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байна. Энэ нь манай улсын байгалын баялаг, ноос, ноолуурт гадны хөрөнгө оруулалт дулааны улиралд ихэсдэгтэй холбоотой юм. Манай улсын зах зээлд голлох үүрэгтэй гадаад валют нь ам.доллар. Ам.долларын ханшийг дагаад бусад валютын ханш хэлбэлзэж байдаг гэхэд болно. Хятадын юанийн ханш сүүлийн өдрүүдэд унаж буй. Монгол банкинд өчигдрийн байдлаар нэг ам.доллар 1321.64, хятадын юань 194.42, евро 1696.54, ОХУ-ын рубль 43.36, английн фунт 2064 төгрөгийн ханштай байв. Валютын ханш ийн унаж буйг сайн, муу хоёр талтай хэмээн эдийн  засагчид үзэж байна. Валютын ханш буурахын хэрээр Монгол төгрөгийн ам.доллартай харьцах ханш ч чангарч байгаа. Төгрөгийн ханш ийн чангарах нь импортлогчдод ашигтай тусдаг. Харин эсрэгээрээ экспортлогч нарт алдагдал үүсгэдэг.

Юань, ам.долларын ханш өдрөөс  өдөрт буурсаар байгаад аж ахуйн нэгжүүд болон бизнес эрхлэгч хувь хүмүүс  “Илүү их ашиг олох боломжийг олгож байна” хэмээн нааштай байгаа талаар ярьж байв. Энэ тохиолдолд импортын өргөн хэрэглээний барааны үнэ буурах боломжтой юм. Гэсэн ч хүнсний томоохон зах, бөөний худалдааны төв, дэлгүүрүүдээр өргөн хэрэглээний барааны үнэ буурч байгаа хандлага ажиглагдахгүй байгаа юм. Улсад их хэмжээний татвар төлдөг, төсвийн орлогыг бүрдүүлэлцдэг экспортлогч  аж ахуйн нэгж, компаниудын хувьд төгрөгийн ханш ийн чангарч буй нь бага зэрэг сөрөг нөлөөллийг үзүүлдэг. Монголын аль нэг экспортлогч компани  бараа бүтээгдэхүүнээ нэг ам.доллар 1450 төгрөгтэй тэнцэж байх үед экспортлох, нэг ам.доллар 1360 байх үед экспортлох хоёрын дунд алдагдал хүлээдэггүй юм аа гэхэд орлого нь багасах нь мэдээж юм. Манай улсын төсвийн багагүй хувийг  уул уурхай, ашигт малтмалаас олох орлого бүрдүүлдэг. “Эрдэнэт” үйлдвэрийг Монгол Улсын “Саалийн үнээ” хэмээн нэрлэсэн байдаг. Валютын ханш тэр тусмаа ам.долларын ханш ийн унаж байгаа улсын төсвийн орлогыг бууруулах магадлалтай байдаг ажээ. Эдийн засагчид гадаад валютын ханш ирэх сарын эхэн хүртэл буурна хэмээн тооцоолж байгаагаа хэллээ.

Т.Урангэрэл. Зохиогчийн эрх: “Улс төрийн тойм” сонин.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж