“Б.Хурцыг шүүх анхан шатны шүүх ажиллагаа дууссан”

Хуучирсан мэдээ: 2011.02.05-нд нийтлэгдсэн

“Б.Хурцыг шүүх анхан шатны шүүх ажиллагаа дууссан”

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцыг   Германы талд шилжүүлэх эсэх асуудлыг Их Британийн Court of Magistrate of Westminster  шүүх танхимд өнгөрсөн хугацаанд  анхан шатны шүүх хурлаар долоон удаа хянан хэлэлцэж ирэх хоёрдугаар сарын 18-ны өдөр эцсийн шийдвэр гаргах болжээ. Ээлжит шүүх хурлын талаар ажлын хэсгийн ахлагч ГХЯ-ны дэд сайд Б.Болороос тодрууллаа.

-Б.Хурцын долоо дахь удаагийн шүүх хурлын талаар ямар мэдээлэл ирэв?

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцыг Германы талд шилжүүлэх эсэхийг шийдэх долоо дахь удаагийн шүүх хурал буюу анхан шатны шүүх ажиллагааны эцсийн шатны шүүх хурал энэ сарын 2-ны өдөр болж өндөрлөлөө. Энэ удаагийн шүүх хурлын үеэр Б.Хурцын өмгөөлөгч Алан Жонс нэмэлт баримтуудыг танилцуулж, Их Британийн тал ч Европын холбооны улсын захирамжийн дагуу баривчилсан нь хууль зөрчөөгүй гэсэн баримт тайлбарыг тавьсан. Шүүх бүрэлдэхүүн хоёр талаас тавьсан баримтуудыг хянан хэлэлцээд нэмэлт хэд хэдэн асуудлыг шалгах  шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр энэ сарын 18-ны өдөр эцсийн шийдвэрийг гаргахаар тогтсон.

-Их Британи нь Европын холбооны улс, тэгэхээр Европын холбооны Үндсэн хуулийг дагаж мөрдвөл магадгүй Б.Хурцыг тус улсад яллаж болох юм гэсэн мэдээлэл ч байх юм. Энэ хэр үндэслэлтэй вэ?

-Б.Хурцыг одоогоор яллах  шүүх хурал болоогүй. Хэрэв түүнийг Их Британийн тал баривчилсан нь зөв гэсэн шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн гаргавал Германы талд шилжүүлэх юм. Германы хууль хяналтынхан Монгол улсын иргэн Б.Хурцыг шилжүүлэн авбал эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж эхэлнэ гэсэн үг. Гэхдээ эх оронд нь буцаах байх гэсэн найдлага бидэнд байгаа. Өнгөрсөн хугацаанд болсон шүүх ажиллагааны үеэр  манай талаас өмгөөллийн үйл ажиллагаа маш сайн явагдсан гэж ойлгож  болно.

-Яагаад өнөөдрийг хүртэд батлан даалтад гаргахгүй байна вэ. Гэр бүлийнх нь хүн амаржих дөхсөн нь шүүхийн хувьд хүндэтгэн үзэх шалтгаан шүү дээ?

-Шүүгчид батлан даалтад гаргаагүй үндэслэлээ бидэнд тайлбарлаагүй. Заавал тайлбар өгөх шаардлага байхгүй.

-Европын холбооны нутаг дэвсгэрт Б.Хурц тагнуулын ажиллагаа явуулсан нь  түүнийг батлан даалтад гаргахгүй байх том шалтгаан байх тийм үү?

-Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй юм. Б.Хурцыг хувь хүн талаас нь монгол улсын иргэн гэдэг утгаар нь эх оронд нь авчрах нь хамгийн чухал асуудал болоод байна.

-Дөнгөж анхан шатны шүүх ажиллагаа дууслаа. Цаашаа шат шатны шүүх гээд ямар ч байсан  хоёр жил үргэлжлэх байх аа?

-Урьдчилж хэлэх боломжгүй.

-Долоо дахь  шүүх хуралд манай талыг төлөөлж хэн хэн оролцов. Энэ сарын 18-ны өдөр гарах шийдвэр анхан шатны шүүхийн  шийдвэр  эцсийнх байж чадах болов уу. Бас л манай талаас тавьсан баримтуудыг нягталж үзнэ гэсэн тайлбар өгөх юм биш байгаа?

-Монгол Улсын төлөөлж Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар, Монгол Улсаас Их Британи улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл, зөвлөх Н.Батаа, өмгөөлөгч Алан Жонс, Мак Доналтс, Б.Хурцын эхнэр Б.Сарнай хүүгийн хамт оролцсон байна. Шүүх бүрэлдэхүүн хоёр талаас гаргасан тайлбар бусад мэдээлэл үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэж, дүн шинжилгээ хийж анхан шатны шүүхийн эцсийн шийдвэрийг энэ сарын 18-нд гаргана гэдгийг албан ёсоор хэлсэн байгаа.

-Б.Хурцын өмгөөллийн зардалд яг одоо хэдэн ам.доллар төлөх болсон бэ. Ямар ч байсан дөрвөн сар гаруй хугацаа өнгөрчихлөө шүү дээ?

-Шүүхийн эцсийн шийдвэр гарсны дараа өмгөөллийн зардлын асуудлыг өгөхөөр гэрээ хийсэн байгаа. Яг хичнээн ам.доллар төлөх эсэх нь одоогоор тодорхойгүй.

Н.Түвшин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж