Пакистаны эдийн засаг элгээрээ хэвтлээ

Хуучирсан мэдээ: 2010.08.18-нд нийтлэгдсэн

Пакистаны эдийн засаг элгээрээ хэвтлээ

Пакистаны түүхэнд урьд болж байгаагүй үерийн гамшиг тохиож байна. Мэдээж энэ нь инфляцийг хөөрөгдөж, тус улсын Засгийн газар төсвийн алдагдлаа бууруулах боломжийг үгүй хийж буй хэрэг боллоо. Үүний хажуугаар гадаадын зээл тусламжид дулдуйдан арай ядан хөл дээрээ тогтож буй эдийн засагт Талибаны босогчид саад болсоор байна. Пакистаны Засгийн газар энэ оны эхэнд эдийн засаг нь 4.5 хувийн өсөлттэй гарна хэмээн урьдчилан тооцож байсан юм. Гэтэл өнгөрсөн сарын 1-нээс эхэлсэн үерийн гамшиг ургац хураалтыг тасалдуулж, ойролцоогоор 20 сая хүнийг орон гэргүй болгосон билээ. Энэ нь тус улсын нийт хүн амын 12 хувь юм. Төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний дөрвөн хувьтай тэнцэнэ хэмээн тооцож байсан бол одоо энэ хэмжээ нэмэгдэх нь тодорхой болоод байна. Хөвөн, будаа, элсэн чихрийн тариалалт тасалдсан нь тэдгээр түүхий эдийн үнэд шууд нөлөөлж, үнийн хөөрөгдөл бий болгожээ. Газар тариалангийн салбар Пакис­таны ажиллах хүчний 60 хувийг дангаараа бүрдүүлж, эдийн зас­гийнх нь дөрөвний нэг буюу 167 тэрбум ам.долларыг уг салбарын бүтээгдэхүүн эзэлдэг байна. Одоо болж буй үерийн гамшгаас өмнө 2005 онд хүчтэй газар  хөдлөлт, террорист халдлагын улмаас одоогийнхтэй дүйцэхүйц их хохирол амсч байсан нь бий. Дэд бүтэц, барилга байшинг эвдэлж гэмтээсэн нь үйлдвэрүүд хэвийн үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болгож байгааг ажиг­лагчид онцолж байна. Ямартай ч одоогийн байдлаар гамшгаас аврах сан байгуулж гэмээнэ дор хаяж 116 сая ам.доллартай дүйцэхүйц хөрөнгө цуглуулах шаардлагатайг эдийн засагчид онцолж байгаа юм. Пакистаны тэргүүлэх санхүүгийн байгууллага “BMA Capital”-ийн шинжээчид ойрын саруудад инфляцийн өсөлт асар хурдацтай явагдана хэмээн анхааруулж байна. Гэхдээ анхаарууллаа гээд яах вэ дээ. Байгалийн гамшгийг санасан зоргоороо удирдаж болох биш.

Пакистаны “Karachi” индекс энэ сард таван хувиар унаад байгаа. Хувьцааны биржүүд дээр өдөрт эргэлдэж буй Пакистаны руппийн хэмжээ энэ сарын 12-ны байдлаар 2.68 тэрбум буюу 31 сая ам.доллар болсон аж. Энэ нь 2010 оны эхний зургаан сард дунджаар 4.98 тэрбум руппи байсантай харьцуулахад бараг хоёр дахин буурсан хэмжээ юм. Түүнчлэн тус улсад инфляцийн түвшин үерийн гамшиг болж эхэлсэн долдугаар сарыг багтаагаад энэ оны эхний долоон сарын байдлаар 12 хувьд хүрчээ. Дэлхийн банкнаас гаргасан тооцоогоор инфляцийн хөөрөгдөл газар авч буйгаас болж Пакистаны иргэн бүр өдөрт нэг ам.доллар хүрэхгүй мөнгөөр амь зууж байна. Үнийн өсөлтийг зогсоохын тулд Пакистаны төв банк өнгөрсөн сард бодлогын хүүгээ 12.5 хувь байсныг 13 хувь болгон өсгөсөн. Гэтэл санхүү, мөнгөний бодлогоос үл хамааран үүсч буй инфляцийг ийн зохицуулах гэсэн арга нь хэр оновчтой бол. Пакистанд одоо макро эдийн засгийн бодлого боловсруулахаас илүүтэйгээр ир­гэн бүрт нь хүрсэн хоол хүнс, эм, эмнэлгийн тусламж хэрэгтэй байгаа билээ. Тус улсын Засгийн газар фермерүүдэд өгөх зээлийн хэмжээгээ бууруулж, хэмнэсэн хөрөнгөөрөө барилга байшин, орон гэр барихаар төлөвлөж буй тухай Ерөнхий сайд нь мэдэгджээ. Пакистанд санхүүгийн байгууллагуудаас ойрын ирээдүйд 186 сая хүн зээл авч, үерийн гамшигт нэрвэгдсэн газар нутгуудад хийх сэргээн босголтын ажлуудад зориулна гэсэн тооцоо байна. Олон улсын валютын сангаас өнгөрсөн хоёр жилийн туршид 11.3 тэрбум ам.долларын тусламж үзүүлсэн. Пакистаны эдийн засагчид Олон улсын валютын сангаас өгөх зээл, тусламжийнхаа зэрэгцээ төв банк нь шинээр мөнгө хэвлэхийг зөвшөөрөх байх хэмээн найдаж буй. Урьдчилсан тооцоогоор тус улсын Засгийн газар сэргээн босголтын ажилд 150 тэрбум руппий зарцуулна. Үүнээс болж тус улсын төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь зургаан хувьтай тэнцэж, нэмэгдэх болсон. Санхүүгийн хямралын жилүүдэд дээрх хэмжээ дөрвөн хувь болж байсан юм. Ямартай ч одоогоор Азийн өмнөд хэсэгт оршдог тус улс төрийн өмчит хөрөнгөө худалдах замаар хөрөнгө босгох хандлагатай байна. Үүний зэрэгцээ Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны тусламж цутгах нь дамжиггүй юм. Түүнчлэн АНУ, Их Британи, Япон, Саудын Араб зэрэг донор орнуудын тусламж байна. Эдгээр орны Пакистаны эдийн засаг дахь оролцоо их. Зөвхөн өнгөрсөн оны дөрөвдүгээр сард л гэхэд олгох гэж байсан 5.3 тэрбум ам.доллараа саатуулснаас болж инфляцийн түвшин өссөн билээ. Цагаан ордоноос мэдээлснээр АНУ-ын тусламжийн багийнхан Пакистанд очиж ажиллан 1000 гаруй хүнийг аварсан байна. Түүнчлэн 35 сая ам.долларын тусламж үзүүлээд байгаа юм. Хятадын Засгийн газраас гурван сая ам.долларын тусламж өгөхөөр болсон. Газар зүйн байрлалын хувьд Пакистан бол Өмнөд Азийн байгалийн нөөцөөр баялаг Иран, Афганистаныг Зүүн өмнөд Азийн Энэтхэг, Хятадтай холбох гол орон болдог. Тиймээс ч Хятадад геополитикийн ач холбогдолтой улс юм. Пакистанд газар тариалангийн салбарт ургацын гаралт муудаж байгаа нь  нэлээд санаа зовоосон асуудал болоод байгааг Пакистаны Хөдөө аж ахуйн сайд Мухаммед Гондал өнгөрсөн долоо хоногт онцолжээ. Дэлхийн банкны тооцоогоор ойролцоогоор нэг тэрбум ам.долларын өртөг бүхий тариалалтыг үерийн ус дайрчээ. Энэ нь Пакистаны экспортын гол бүтээгдэхүүн болох хөвөн, будаа, элсэн чихрийн ургацыг бууруулж байна гэсэн үг. Зөвхөн хөвөн тариалалтын бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ дэлхийд дөрөвдүгээрт ордог тус улс энэ салбарт 117 сая ам.долларын алдагдал хүлээгээд байгаа юм. Харин Нью-Йоркийн Худалдааны бирж дээр нэг паунд хөвөнгийн үнэ бага зэрэг өсч, 80.34 цент болжээ.

Одоогийн байдлаар Пакистанд тариалалтын бүс нутгаас 17 сая акр газар үерт автаад байна. Энэ нь газар тариалан эрхлэх боломжтой нийт нутгийн гуравны нэг юм. Ойролцоогоор 100 мянган амьтан үхжээ. Ямартай ч одоогоор Пакистан улс нийт 800 сая ам.долларын алдагдал хүлээгээд байгаа. Үүний цаана мөнгөөр үнэлж болшгүй олон мянган хүний амь нас эрсэдсэн тоо баримт бий. Үнэхээр ч энэхүү үерийн гамшиг нь Пакистан улс байгуулагдсанаас хойш 63 жилийн дотор тохиолдож байгаагүй их хор хохирол дагуулж байгаа билээ. Дээр дурьдсанчлан өмнө нь 2005 онд 7.6 баллын хүчтэй газар хөдлөлт болж 86 мянган хүн амь насаа алдаж байсан удаатай.

Т.Элиса. Зохиогчийн эрх: “Улс төрийн тойм” сонин.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж