Гишүүдийн тэрбумын задаргаа

Хуучирсан мэдээ: 2010.08.18-нд нийтлэгдсэн

Гишүүдийн тэрбумын задаргаа

УИХ-ын эрхэм гишүүн энэ зун тун завгүй. Хөөрхий, гишүүд ха­луунд нозоорч, бороонд норон байж иргэдийнхээ төлөө тоо бодож, толгойгоо өвтгөж явна. Хуулийн төсөл бичин, улсын бодлого то­дорхойлох үүрэгтэй гишүүд нягт­лан, нярав болж “мэргэжил”-ээ  со­ли­сон нь өнөөх л “76 тэрбум”-тай холбоотой. Хориотой 76 тэрбум төгрөгийн задаргаа аль хэдийнэ эхэлжээ. Хориотой гэхийн учир ги­шүү­дийн өөрсддөө авах тэрбум төгрөгийн эрхийг Үндсэн хуулийн цэц “Эцэг хууль зөрчлөө” гэж хориглосон. Үндсэн хуулийн цэ­цийн дүгнэлтийг УИХ нухацтай хэлэлцэлгүй Хүүхдийн мөнгө, Эх орны хишиг мэтийнхээ ард хийж нуусаар чуулган завсарлуулсан билээ. Ингэж нүүрээ улалзуулан байж хадгалж үлдсэн төсвийн тэрбум төгрөгийг өөрийнхөө халааснаас гаргасан мэт өнөөдрийг хүртэл цацаж байна. Тэрбум төгрөг бүхэлдээ биш задаргаагаар эрхэм гишүүдийн ирэх сонгуулийн сурталчилгаа болжээ. Хатуухан хэлэхэд 76 тэрбум төгрөг Монголын хөгжилд биш гишүүдийн өчүүхэн эрх ашигт үйлчилж байгааг сонгогчдынх нь яриа нотолно. УИХ-ын гишүү­дийн багцын гэх  нэг тэрбум төгрөг юунд зарцуулагдаж байгааг  жи­шээ болгохоор Сонгинохайрхан дүүргийн хороодын Засаг дарга нараас сонирхлоо. Уншигч та ч эрхэм ги­шүүдийн адил гар утасныхаа тооны машиныг ашиглахад буруудах юун. Учир нь тэдний дур мэдэн цацаж байгаа тэрбум төгрөг та, бидний татварын мөнгө шүү дээ.

Сонгинохайрхан дүүргийн хо­роодын дарга нарын олонхи нь сонгосон гишүүнийхээ буянаар хо­роон­доо бүтээн байгуулалт хийж байгаагаа дуулгав. Бүтээн байгуу­лалтыг нь харахад урьдын л адил сургууль, цэцэрлэгийн засвар хийх, хорооны барилгыг сэлбэх зэргээр хязгаарлагдсан байлаа. Бас ном, сурах бичиг, хөнжил гу­дас, компьютер тэргүүтнийг тойр­гийнхондоо бэлэглэн, өглөг тараасан аж. Тухайлбал, УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Д.Батбаяр нар Сонгинохайрхан дүү­рэгт байрладаг их, дээд сургууль болон номын сан, төрийн бус байгуул­лагуудад ном, сурах бичиг хандивлажээ. Бэлэгний номууд нь гадаад, дотоодын их дээд сургуулийн хичээлийн программд байдаг анагаах ухаан, эдийн засаг, мал аж ахуй, газар тариалангийн холбогдолтой гэх. Гишүүдийн нэг тэрбум төгрөгийн багцаас 50 саяыг нь хумсалж орхисон ном, сурах бичгийг “Мандах”, “Чингис Соосэ”, “Мон­гол Фермер”, “Монос”, “Олимп, “Ач” зэрэг их, дээд сургуулийн оюут­нууд ашиглаж байгаа аж. Мөн гишүү­дийн гарын үсэгтэй номыг Нацаг­доржийн нэрэмжит номын сангийн Цамбагарав дахь салбар, “Толгойт” төрийн бус байгууллага, “Баянхошуу” Дэлхийн зөнгийн салбар, Жаргалан тосгоны номын сангаас унших боломжтой аж.   
Үүнээс гадна Ардчилсан намаас сонгогдсон хоёр гишүүн маань дүүргийнхээ III хорооны ажлын байрыг долоон сая төгрөгөөр засуулжээ. XIV хорооны байрыг Д.Тэрбишдагва гишүүн дөрвөн сая төгрөгөөр дээ­вэр, туургыг нь чимсэн аж. Д.Тэрбишдагва гишүүнээс дутахгүй гэ­сэн шиг Н.Алтанхуяг гишүүн тус хо­роонд явган хүний гүүр бариулж байгаа. 20 гаруй сая төгрөгөөр бо­сох гүүрээ ашиглалтад орохоор “УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн са­наачилгаар уг гүүрийн барилаа” гэж бичихээр төлөвлөсөн гэх (Чин­гэлтэй дүүрэгт Г.Баярсайхны гүүр гэж байдаг. Адилхан тэрбумтай юм чинь юу дутах вэ). Үүнээс гадна Тэргүүн шадар сайд 112 дугаар цэ­цэрлэгт долоон сая төгрөгийн хө­рөнгө оруулалт хийж, дөрвөн өрөөг нь тохижуулжээ. Гишүүн тохи­жуулсан гэхэд бусад ангитайгаа л адил гялгар бөмбөг, хуванцар тоглоомтой гэдгийг эцэг, эхчүүд хэлж байсан. Эрхэм гишүүн ганц 112 дугаар цэцэрлэгт тусгайлан хөрөнгө оруулсан гэмээ цагаатгахын тулд намынхаа нөхөр Д.Батбаяртайгаа хөрөнгө нийлүүлэн Сонгинохайрхан дүүргийн 44 цэцэрлэгт тоглоом, матрас, ор хөнжлийн даавуу зэрэг 58 сая төгрөгийн бараа бэлэглэснийг сонгогчид нь шагшиж байсан. Бас хоёр ч цэцэрлэгийн дээвэр, хана зэргийг засахад 42 сая төгрөг зарцуулжээ. Багачуудын хүмүүждэг ор­чинд энэ мэтээр анхаарсан Н.Алтан­хуяг, Д.Батбаяр нар эрүүлийг хамгаалагчдад ч багагүй бэлэг өгчээ. Тухайлбал, өрхийн эмч, суви­лагч­дад нэжгээд компьютер, прин­тер, ширээ, даралтын аппарат зэргийг 30 сая төгрөгөөр худалдан авч бэлэглэжээ. Эрхэм гишүүд Сонгинохайрхан дүүрэгт оруулсан хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын жишээ ийм байна. Он дуустал эрүүл мэндийн салбарт л гэхэд 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн гэж байгаа. Сонгинохайрхан дүүргээс гадна З.Алтай гишүүн Баянзүрхэд усан оргилуур барьж, Д.Зоригт сайд Чингэлтэй дүүрэгт цэцэрлэгт хүрээ­лэн тохижуулах зэргээр тэрбумын хаялгаар их хотын бүтээн байгуу­лалт өрнүүлж байна. Сонгогчид, иргэд тэрбумын задаргаа, бэлгийг “Гишүүний маань хишиг” гэж алга хавсран хүртэж байгаа. Харин гишүүд ирэх сонгуулийн сурталчилгаагаа хийж байгаадаа битүүхэн баяртай инээмсэглэн зуныг өнгөрөөж байгаа нь дамжиггүй. Гишүүд 76 тэрбумыг задлаагүй бол нүдэнд харагдахуйц бүтээн байгуулалт, үйлдвэр байгуулах боломжтойг мэдэж байгаа. Гэхдээ тэдэнд хэтийн зорилтоос илүүтэй тойргийнхоо өмнө тонголзож, сонгогчиддоо бэлэг барих нь ашигтай ажээ.

Б.Цэцэгдэлгэр. Зохиогчийн эрх: “Улс төрийн тойм” сонин.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж