Хятадууд дайныг хүсээ гэж үү?

Хуучирсан мэдээ: 2010.08.18-нд нийтлэгдсэн

Хятадууд дайныг хүсээ гэж үү?

Хятадын “Чайна Про” сэтгүүлийн гаргасан мэдээллээр бол тус улсын Хэйлуньжан мужийн нутаг дахь Оростой хиллэдэг хилийн дагуу хоёр томоохон автозамын ажлыг маш шуурхай хийж дуусч байгаа ажээ. Эдгээр нь Хэйхэ-Цзинь суурингуудын хоорондох 114 км урттай зам болон Шүбинь-Цзинь суурингуудын хоорондох  103 км урт замууд юм. Энэ хоёр зам ирэх 10-р сар гэхэд бүрэн ашиглагдаж эхлэх болно гэж мэдээлсэн байна. Мөн энэ жилээс Оросын хил дагуу хэд хэдэн суурингуудыг холбосон хоёрдугаар зэрэглэлийн гурван ч замыг барьж эхэлсэн байна. Харин өмнөд хөрш нь ийнхүү хилийнх нь дагуу авто зам барьж байгаад оросууд тийм ч таатай хандахгүй байгаа бололтой. Эдгээр замууд нь стратегийн хоёр ч зорилгыг агуулж байгаа хэмээн тэд үзэж байгаа аж. Нэг нь орон нутгийн эдийн засаг болон аялал жуулчлалыг дэмжих зорилготой боловч өөр бас нэг чухал үүрэг бий хэмээн хардаж байгаа юм. Тэр нь хоёр орны хооронд улс төрийн нөхцөл байдал хурцадсан үед цэргийн анги нэгтгэлүүд болон зэвсэг техникийг шилжүүлж байршуулах  үүрэгтэй гэнэ. Дээрхи хардлага хэр үндэстэй болох талаар  Оросын “Свободный Пресс” сэтгүүлээс хятад судлаач Александр Аладинтай ярилцжээ.

СП: Орос Хятадын хооронд зөрчил мөргөлдөөн гарах ямар баримт үндэслэл байгаа вэ?

А.А: Хятадын нутгаас Оросын хил рүү чиглэсэн өргөн замуудыг барих ажил явагдаж байна. Энэ замууд цэргийн хүнд техник, зэвсгийг зөөхөд даахуйц бетонон суурин дээр баригдаж байна. Эдгээр дэд бүтцийг ашиглалтад оруулснаар Хятад нь Оросын хилийн дагуу цэргийн хүч болон зэвсэг техникээ зөөн аваачиж болохын зэрэгцээ стратегийн чухал чиглэлээр дайралтын операци гүйцэтгэхэд  ямар ч саадгүй болж байна.

СП: Тэр чухал гээд байгаа нь ямар чиглэлүүд юм бэ?

А.А: Энд нэг үйл явдлыг санах хэрэгтэй болж байна. Орос Хятадын хооронд найрамдал, сайн хөршийн харилцааны гэрээ байгуулсны дараа 2004 онд Путин болон Ху Зиньтао нар хоёр орны хилийн зөвшилцлийн баримт бичгийн нэмэлтэд гарын үсэг зурцгаасан юм. Энэ зөвшилцлийн дагуу Хятадад 337 ам дөрвөлжин километр хэмжээтэй газар нутгийг өгсөн. Үүнд Чита мужийн Аргунь голын дээд эрэг дэх Большой болон Их Уссурийн арлын хэсэг зэрэг газрууд багтаж байгаа.

СП: Арал энд ямар хамаатай гэж?

А.А: Арлуудыг Хятадад өгснөөр  Хабаровск, Оросын Алс Дорнодын газар нутгийн  стратегийн аюулгүй байдалд аюул учруулж байгаа юм. Их Уссурийн арлын нэг хэсэг нь одоо Хятадын мэдэлд очсон. Үлдсэн хэсэг нь Хабаровск хот руу шууд очих боломжтой чиглэлийг нээж өгдөг юм. Өмнө нь энэ арал дээр хамгаалалтын бүс байгуулсан байсан. Дайны үйл ажиллагаа явагдах үед энэ нь Хабаровск хотыг хаах зорилготой байсан. Одоо байхгүй болж байна. Ийм учраас дайн эхэллээ гэж бодоход Хятадын арми 2-3 цагийн дотор л Хабаровск хотод орж ирэх бололцоотой. Энэ хотыг эзэлбэл Амур мөрөн дээрхи төмөр замын гүүрийг эзэлж авах бөгөөд төмөр зам болон авто замуудыг хаах боломжтой болно. Ингэснээрээ Алс Дорнод Оросоос бүрэн таслагдах юм. Цаашдын хувь тавиланг нь Хятад улс хэдхэн долоо хоногт л шийдчихнэ. Оросоос энэ бүс нутагт туслах хүч бололцоо үнэн хэрэгтээ байхгүй гэж болно. Алс Дорнод дахь цэргийн зэвсэг техникийн ихэнх хэсэг нь хуучин, армид шинэ цэргүүд маш бага татагдаж байгаа. Армийг шинэчилснээс хойш 85-хан сургалт муутай бригадаас өөр зүйл үлдээгүй. Арми нурж унасны дээр ёс суртахууны хувьд ч доройтсон. Арми болон офицеруудад томоохон цомхотгол хийх болсноор Алс Дорнод болон Дорнод Сибирийг гадаадын дайснаас халхлах цэргийн хамгаалалтгүй болгож орхисон доо.

СП: Та ч нөгөө солирын сүйрэл шиг л юм яриад байх юм аа…

А.А: Ингээд ч зогсохгүй шүү. Томоохон хэмжээтэй тогтворгүй байдал үүсгэхийн тулд Урал болон Оросын төвийн нутгуудаар хорлон сүйтгэх ажиллагаанууд хийгдэж байна. Хэрэв ийм ажиллагаа өвөл явагдвал хотуудын цахилгаан, дулааны хангамж таслагдаж , хүмүүсийн дунд үймээн сандрал үүсч, улмаар тэд дулаан болон хүнсний хангамжийнхаа төлөө тэмцэх болно. Дээрэм тонуул гарч дэлгүүр хоршоо, хүнсний агуулах, төвлөрсөн цэгүүдийг тонож дээрэмдэх болно. Засаг төр энэ бүхний эсрэг хийж чадах зүйл гэж байхгүй, тэдэнд хоосон үг, түүндээ төөрсөн төөрөгдөл хоёроос өөр юм алга байна. Ийм нөхцөлд хоосон амлалтаар байдлыг засаж чадахгүй. Орост хоосрол нүүрлэж байна.

СП: Та үнэхээр ийм зүйл болно гэж төсөөлж байна гэж үү?

А.А: Яагад болохгүй гэж? Хятад дайнд бэлдэж байна. Жил болгон төсвөө өсгөсөөр байгаа. Энэ онд Хятадын төсөв 78 тэрбум ам.доллар болж байна. Харин нийтэд зарлаагүй төсвийн хэмжээ нь дээрхи тооны 30-40 хувьтай тэнцэхээр төлөвлөгдсөн. Хятадын зэвсэглэлд стратегийн пуужингаас эхлээд хамгийн сүүлийн үеийн буудлагын зэвсэг хүртэл бий. Хятадын пуужин Москвад, Доод Новогородод ч хүрнэ. Харин Урал, Дорнод Сибирь, Камчатка болон Алс Дорнод бол бүхэлдээ Хятадын пуужингийн онилгоон доор байна.Хятадын нисэх хүчин дорно зүг дэх манай агаарын орон зайд дураараа сэлгүүцэж болж байна. Яагад гэвэл тэнд үнэндээ бол агаарын хамгаалалт байхгүй. Хятадын тэнгисийн цэргийн хүчний хөлөг онгоцнууд тоо болон зэвсэглэлийн чанараараа манайхыг хэдийнээ гүйцэж түрүүлсэн. Шумбагч онгоцнууд нь Оросын хил орчмын усанд чөлөөтэй шунгаж байх боломжтой. Хятадын ардын чөлөөлөх арми 2 сая 250 мянган цэрэгтэй гэдэг ч дайны ажиллагаа явагдмагц 208 сая сайн зэвсэгтэй, сайтар бэлтгэгдсэн цэрэг гаргах болмжтой болсон. Хятадын арми Оросын хилийн дагуух хуурай газраар давшилт хийж , агаарын десант буулгаснаар дайн эхлүүлэхэд л хурдан хугацаанд бүрэн ялалт авч улмаар Уралыг хүртэлхи Оросын газар нутагт халдаж болно. Урал хүртэлх газар нутаг эзлэгдсэний дараа оросууд нэг бол Уралын цаана нүүлгэн шилжүүлэгдэнэ, эсвэл устана. Ялагчийг шүүдэггүй биз дээ.

СП: Тэгвэл Орос улс Алс Дорнодын хөрштэйгээ харилцаагаа хэрхэн тогтоох вэ?

А.А: Оросын удирдлагууд Алс Дорнод дахь стратегийн түнш болох Хятадтай хамтарч хэрэгжүүлэхээр 2018 он хүртэл Оросын Алс Дорнод, Дорнод Сибирь болон Хятадын Умард Дорнын бүс нутгуудын хамтын ажиллагааны хөтөлбөрийг хүлээж авсан. Энэ хөтөлбөрөөр бол Оросын орд газруудыг хамтран ашиглаж олборлох бөгөөд харин боловсруулах болон бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрүүд нь Хятадын нутагт баригдахаар туссан байгаа. Хятадууд бидний хилийн шалгах цэгүүд, гүүр,орд газруудад очих замуудыг барьж байна.  Бас тэдгээрийн олборлолт ашиглалтыг хариуцаж, тоосгоны үйлдвэр, орон сууцнуудыг ч барьж өгч байгаа. Энэ бүхнийг манай түүхий эдийг Хятад руу зөөж тэндээ боловсруулж бүтээгдэхүүн гаргахын тулд л хийж байгаа юм. Цэргийн бодлогын өнцгөөр харахад энэ бүхэн нь газар нутгийг эзлэн авах, цэргийн хүч нь Оросын гүн рүү түргэн давшин ороход л хэрэгтэй болж байгаа юм.  Оросын алт,мөнгөний ордууд болон стратегийн түүхий эд болох вольфрам,молибден,зэс,ванадийн ордуудыг ч бас Хятадад өгч байна. Энэ бүхэн эргээд танк,нисэх онгоц,пуужин болж Хятадын ардын чөлөөлөх армийн хамтаар орж ирнэ. Харин барьсан орон сууц нь тэдний ард иргэдэд хэрэгтэй болж байгаа юм. Яагаад гэвэл хятадууд манай нутаг руу үүрд эндээ суурьшихаар бодож орж ирнэ. Хятадууд хэдийнээ манай орон нутгийн удирдлага руу шургалж эхэлсэн. Бас тэд хотуудын захирагчийн сонгуулийн үйл ажиллагааг,сонгуулийн кампанит ажлыг санхүүжүүлж эхэлсэн. Засгийн төлөөлөл болон төрийн албан хаагчдыг худалдан авч байна. Хятадын сонирхолд худалдагдсан,тэдний эрх ашгийг хангахын тулд үйлчилдэг улстөрийн болони эдийн засгийн элит хүрээлэл хүртэл бий болоод байна.

СП: Энэ бүхэнд юунд хүргэх бол?

А.А: Орос өөрийн Алс Дорнод дахь газар нутгаа алдана гэсэн үг. Оростой хиллэж байгаа Хятадын газар нутаг дахь хүн амын нягтаршил улам бүр ихэсч байна. Алс Дорнодын районтай хиллэдэг Хятадын хоёрхон мужийн хүн ам гэхэд л 114 сая болчихоод байгаа юм. Гэтэл Алс Дорнод болон  Дорнод Сибирийн нутгийг бүхэлд нь аваад үзэхэд нийтдээ зургаахан сая оросууд л амьдрч байн шүү дээ. Алс Дорнод болон Дорнод Сибирийн оросууд Оросын газар нутгийн Европ тивд хамаарах хэсэг рүү зугатацгааж байна. Яагад гэвэл тэд ирээдүйдээ итгэхгүй болж өөрсдийн аюулгүй байдлын төлөө санаа зовж байгаа учраас тэр юм. Энэ бүхний шалтгаан бол стратегийн түншлэл гэгдэх урианы доор тухайн бүс нутагт явагдаж байгаа хятадчилах үйл явц болж байна. Тун удахгүй орон нутгийн хятад иргэдийн тоо тэнд оршин суугч оросуудаас олон болж тэд ч өөрсдийн нөхцөл болон дүрэм журмыг ямар нэг саад бэрхшээлгүйгээр бусдад тулгах болно. 

Бэлтгэсэн М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж