
Хотгойдын Шадар ван Чингүнжавын мэндэлсний 300 жилийн ойг Хөвсгөл аймгийн төвд саяхан тун нижгэр тэмдэглэсэн. Төсвөөс тэрбум төгрөг гаргаж, 360 сая төгрөгөөр Шадар вангийн 10 метр хөшөө босгож энэ тэр. Харамсалтай нь хөшөөний хүрлийг Чингүнжавыг зоосны нүхээр сүвлэж алсан хятадуудаар цутгуулсан юм гэсэн. Энэ “бүтээн байгуулалт”-тай барьцаад сум болгон нь энэ ойн хүрээнд өөр өөрийн наадмыг бас хийсэн байна. Гэгээнийхээ дурсгалд зориулж суварга ч босгосон байх юм. Тэгээд 10-аад машин тойруулаад сойчихсон, гурван сумын арваад бөхийг хооронд нь барилдуулж, түрүү морины шагналыг “хээлтэй” хүүхэн нөмгөн гардуулсан шиг ёстой нэг наадаж байна аа. Бас нэг сумын нутгийн зөвлөлийн дарга, өөрийгөө ирээдүйн их хурлын гишүүн гэж итгэсэн нөхөр ирчихсэн наадам болж буй дэнжид хар багадаа хэрхэн хонь хариулж явсан дурсамжаа ярьж энэ тэр.
Үүгээр ч зогсохгүй, аймагт түрүүлсэн, улсын цол авсан бөхчүүд сумандаа очиж цолны найр хийгээд, түрүүлсэн бөхөд нь сумын начин цол өгдөг жишиг хүртэл тогтжээ. Муу ч сайн ч төрийн наадамд өгдөг цолыг хэн нэг нь үнэмлэх бичээд өгчихдөг болсон байна. Эрх биш юманд чинь эрэмбэ, чансаа гэж нэг юм байна. Нэг суманд суварга босгож, хэдэн хот айл нийлээд наадам хийсний төлөө үндэсний хэмжээний телевизээр бүхэл бүтэн сурвалжлага бэлтгэн цацаж, уралдсан барилдсан нөхдүүдийг улс орон даяар зарлаад яах вэ дээ. Бас болоогүй ээ, тус сумын иргэд наадамд эрвийх дэрвийхээрээ бэлтгэн хуушуур хайрч, хүнсний худалдаа гаргаж, Билэгдэмбэрэл гэгээнийхээ номыг хэрхэн зарж борлуулж байгаа тухай сурталчлаад авна лээ. Үгүй тэгээд тэдэнд чинь хуушуурыг нь хотоос нисдэг тэргээр зөөж өгөлтэй нь биш, өөр яа гээ вэ.
Хэрэвзээ би лав нутагтаа очоод амрах зуураа ах дүү нартайгаа нийлээд хэдэн төгрөг хийчих санаатай гуанз ажиллуулсан бол түүнийгээ лав ингэж улс орон даяар зарлуулж, шившиг болохыг хүсэхгүй л байсан. Ядахдаа аймаг орон дотроо бол яах вэ, олгой хагаравч тогоондоо гээд дуугуй өнгөрнө. Бодвол наадам хийсэн хүн нь нэлээд нэлээд бяртай амьтан байсан болоод өөрийнхөө “пиар”-ыг хийхийн тулд арилжааны телевизэд багагүй мөнгө төлж байж уг нэвтрүүлгийг хийлгэсэн байх л даа. Гэхдээ наанадаж эфирийн соёл, цаанадаж нутаг орны нэр хүнд гэж нэг юм байна. Хоосон дэнж дээр хөлс, тоосондоо дарагдсан хэдэн нөхдүүдийг зурагтаар дүүрэн гаргачихаад нутаг орноо сурталчилж байна гэх нь хаашаа ч юм. Монголын хөдөөгийн хөгжил, өнөөгийн байдлын байдаг л нэг дүр зураг. Харин гадаадынханд үзүүлээд жаахан дэгсдүүлсэн тайлбар хийчихсэн бол нүүдлийн соёл иргэншлийн тухай хямд төсөр үзүүлэн болох байх. Гэвч цаадуул чинь ч бас харсаар ижил дасал болчихсон зүйл шүү дээ.
Үүний дараахан мөн телевизээр “Малын зохиомол хээлтүүлэг”-ийн талаар “онлайн” сургалт явуулав. Гэрийн тэжээмэл амьтдыг хэрхэн зохиомлоор хээлтүүлэх тухай “Эцэг малын билгийн эсийг гуурсаар авч эмийнх нь үржлийн эрхтэнд суулгахыг зохиомол хээлтүүлэг гэдэг” тухай зургаар үзүүлж, энэ нь хамгийн хямд мөртлөө үр ашигтай, эрсдэл багатай үржлийн арга хэмээн ухуулж байна. Энэ чинь хэдэн он бэ. Малчдад зориулсан сургалт уу, тавдугаар ангийн анатомийн хичээл үү. Одоо бол ДОХ-ын тухай ч ингэж ярих шаардлагагүй болсон цаг. Ер нь өөрсдийгөө хэдэн онд амьдарч байна гэж бодоод байгаа юм бэ?
Ер нь бол хэлье, хийе гэвэл хийх ажил, ярих сэдэв мундахгүй л их байна. Хөдөөгийнхөн яагаад хөгжихгүй, хотынхон яагаад ажилгүй байгаа, найр наадмаа өндөрлөж, намрын ажил, өвлийн бэлтгэлээ хийх цаг болсон тухай гээд л.
Яах вэ, зуны дэлгэр цагт бол наадаж, наргиж бололгүй яах вэ. Гэхдээ наадам хийхэд бас учир байна. Шадар вангийн насны ойг аймаг даяараа тэмдэглэсэн улс яахаараа сум болгонд үргэлжлүүлж, бөхгүй газар барилдаж, морьгүй газар уралдах ёстой гэж. Тэртэй тэргүй сумын наадам гэж байна. Түүнийгээ дорвитойхон тэмдэглээд авдаг цол, өгдөг бай нь хүндтэй, орон нутагтаа ч хийсэн ажилтай, хэлэх үгтэй сууж байсан бол аштай юу. Ер нь ч тэгээд энэ жалгын нэг наадам, жалгын нэг хутагт хувилгаад хөдөө хотгүй монголчуудын нурууг авч дууслаа. Хараад байх нээ энэ нь ихээ холоос чиглүүлж, нэлээд дээрээс шидсэн чулуу шиг. Дээд хүн суудлаа олохгүй болохоор доод хүн гүйдлээ олохгүй шүү дээ.
Б.СЭМҮҮН