Сайд нар юу хийж байна вэ?

Хуучирсан мэдээ: 2010.08.18-нд нийтлэгдсэн

Сайд нар юу хийж байна вэ?

УИХ-ын хаврын чуулган завсарласнаас хойш Төрийн ордон эзгүйрч, түүнтэй зэрэгцэн Ерөнхий сайд орон нутгийн томилолт өвөртлөн, 20 гаруй хоног хөдөөд ажилласан нь сайд нарт хэсэг хугацаанд амсхийх боломж олгосон юм. Гэхдээ гүйцэтгэх засаглалын тэргүүн өнгөрсөн долоо хоногийн бямба гаригт Улаанбаатар хотод буцаж ирснээр Засгийн газрын ээлжит хуралдааныг зарлаж, тус хуралдаан өнөөдөр 10.00 цагт эхлэхээр төлөвлөгдөөд байна. Түүгээр уул уурхайн компаниудын шүдний өвчин болоод байгаа Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилт ямар байгаатай танилцсан ажлын хэсгийн санал дүгнэлтийг сонсохоор болжээ.  Мөн улсын хэмжээнд зохион байгуулсан уул уурхайн компаниудад хийсэн шалгалтын дүн ч эцэслэн гарсан тул энэ асуудал ч давхар танилцуулагдах болсноор Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нар өнгөрсөн өдрүүдэд амрах сөхөөгүй ажиллажээ. Уг нь сайд Л.Гансүх амралтаа авсан ч дэд сайд нь эзгүй тул өөрөө нугалахаас аргагүй байгаа гэнэ. Эрдэс баялаг эрчим хүчний сайдын хувьд хоёр ч дэд сайдтай ч өөрөө энэхүү ажлаа гардан амрахгүйгээр шийджээ. Харин шалгалтын дүнгээс хамаарч Засгийн газрын хуралдаанаас гарах шийдвэр тун ч чухалд тооцогдож байгаа юм. Учир нь УИХ-аас Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хуулийг батлан гаргаснаас хойш багагүй хугацаа өнгөрсөн ч хэрэгжилт тун хангалтгүй гэх. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрдэс баялаг эрчим хүчний яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хамтран байгуулагдсан ажлын хэсгийнхэн гол мөрний урсац бүхий газар, усны сан, ойн сан бүхий газрын хилийн заагийг тогтоосныг эс тооцвол бусад төрлийн ажил буурин дээрээ эргэлдэж байгаа ажээ.
Албаны мэдээгээр дээрх хэсэгт хамаарч цуцлагдах шаардлагатай 1115 ашигт малтмалын лиценз хувь хүн болоод аж ахуйн нэгжид бий. Лицензийн нийт талбай 12.7 сая га-г хамаарч буй. Дээрх лицензийг цуцлах тохиолдолд Монголын төр 4.8 их наяд төгрөг гаргана. Энэ нь зөвхөн лицензийг төр өөрийн мэдэлд буцаан авсны төлөөсөнд өгөх ёстой нөхөн төлбөр. Өөрөөр хэлбэл, ашиглалтын үйл ажиллагаагаа эхлүүлсэн компаниудын хөрөнгө оруулалтдаа хэдий хэмжээний хөрөнгө зарцуулсныг оруулаагүй тооцоогоор дээрх хэмжээний нөхөн олговор гарсан нь энэ ажээ. Тиймээс төрөөс уул уурхайн компаниудад олгох нөхөн төлбөрийн хэмжээ дээр дурдсан тоогоор хязгаарлагдахгүй өсөх юм байна. Нөгөөтэйгүүр, төрд Монгол Улсын хоёр жилийн төсөвтэй дүйх энэ хэмжээний мөнгийг гаргаад өгчих чадал ойрын таван жилд байхгүй гэх. Ядахад УИХ-ын хаврын чуулганаар эх үүсвэр нь хаанаас гарах нь тодорхойгүй бодлогын баримт бичгүүдийг батлан гаргаж, Засгийн газрыг хөрөнгийн эх үүсвэрээ өөрсдөө олохыг үүрэгдсэн нь хүнд байдалд оруулж буй сурагтай. Тиймээс хэрэгжилт нь хангалтгүй Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хуулийг өөрчлөх шаардлагатай гэж үзэх үү, эсвэл төрөөс нөхөн төлбөр хийнэ гэж зориглох уу гэдэгт өнөөдөр цэг тавих юм.

Сургалтын төлбөр 20 хувь хүртэл нэмэгдэв

Хичээлийн шинэ жил эхлэхэд ердөө 13 хоног үлдсэн тул Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр амрахгүйгээр шийдэж, цаг үеийн асуудалд анхаарлаа хандуулах болжээ. Тэрбээр улсын хэмжээнд цэцэрлэг, сургуулийн засварыг энэ сарын 25-ны дотор багтаан, дуусгахыг үүрэг болгоод буй.  Албаны хүний тодотгосноор сургууль, цэцэрлэгийн зас­варын ажил одоогоор 70 орчим хувьтай яваа аж. Энэ жилийн хувьд сургууль, цэцэрлэгийн засварын ажилд улсын төсвөөс зургаан тэрбум орчим төгрөг, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хоёр тэрбум гаруй төгрөг тус бүр гаргаж,  210 гаруй сургууль, цэцэрлэгт засварын ажлыг эхлүүлснээс одоогоор 60 орчмынх нь бүрэн дууссан байна. Үлдэж байгаа 150 сургууль, цэцэрлэгийн засварын ажил  төлөвлөсөн хугацаандаа дуусах бололцоотой гэнэ.
Харин их, дээд сургууль, коллежиудын сургалтын төлбөрийн тухайд инфляцийн төвшинтэй уян, 20 хувиас хэтрүүлэхгүй байх тохиролцоонд хүрсэн. Улсын хэмжээнд одоогоор 120 гаруй төрийн болоод хувийн хэвшлийн их, дээд сургууль, коллежи үйл ажиллагаа явуулж буйгаас ШУТИС, Соёл урлагийн их сургууль хам­гийн өндөр сургалтын төлбөртэйд тооцогдож байна. Эдгээр сургуулийн сургалтын төлбөр нэг сая төгрөгийн босгыг давжээ.

Үндэсний үйлдвэрлэгчдийг бүтээн байгуулалтад нэгдэхийг хүсэв

УИХ-ын хаврын чуулганаар Шинэ бүтээн байгуулалт, Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлого зэрэг хөрөнгө ихээр шаардсан бодлогын баримт бичгүүдийг батлан гаргасан нь Зам тээвэр барилга хот байгуулалтын сайд Х.Баттулгыг амралтаа умартахад хүргэжээ. Зөвхөн Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн хүрээнд 18.2 их наяд төгрөг “босгох” шаардлагатай болж, буй юм. Тиймээс сайд гадаадын хөрөнгө оруулагчдыг хүлээн авч уулзан, Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрт тусгалаа олоод байгаа 100 мянган айлын орон сууц, 5000 гаруй км авто зам барихад шаардагдах хөрөнгөд эх үүсвэр шаардлагатай талаар ярилцжээ. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт тэрбээр Германы Дой чи компанийн гүйцэтгэх захирал, Хонконгийн галакси группийнхэнтэй уулзаж, хөтөлбөрүүдээ тус бүр танилцуулсан байна. Хөтөлбөрт тусгаснаар Улаанбаатар хотыг аймгийн төвүүдтэй, аймгийн төвийг хилийн боомтуудтай, Алтанбулаг-Улаанбаатар-Замын-үүд чиглэлд 990 км хурдны зам барих, Улаанбаатар хотын хэмжээнд шинэ орон сууцны хороолол барьж байгаатай холбоотойгоор авто зам шинээр барих, хуучныг нь шинэчлэн засах, гүүрэн гарц барихад нийтдээ зургаан их наяд төгрөг шаардлагатай байгаа юм. Мөн 100 мянган айл орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ч хөрөнгө ихээр шаардана, эдгээр ажлыг гүйцэтгэхэд үндэсний компаниудын оролцоо чухал гэж үзэн, тэдний төлөөллийг уржигдар  хүлээн авч  уулзан, санал солилцов. Тэрбээр үндэсний компаниудын өмнө их ажил хүлээж байгааг сануулж бүтээн байгуулалтын төлөө нэгдсэн зохион байгуулалтад орж, пирамид хэлбэрээр ажиллах цаг үе ирснийг онцлон захисан юм. Ямартай ч ирэх жилүүдэд төр, хувийн хэвшлийн харилцаа бэхжиж, бүтээн байгуулалтын их ажлыг дан ганц гадаадын хөрөнгө оруулагчдад найдах бус үндэсний үйлдвэрлэгчидтэйгаа хамтран гүйцэтгэх их аянд Зам, тээвэр барилга хот байгуулалтын сайд мордохоор шийдсэн бололтой, энэ чиглэлээр шаргуу ажиллаж эхлэв.

ЖДҮ-ийн зээл олголт 67 хувьтай байна

Тэргүүн Шадар сайд Н.Алтанхуягт өнгөрсөн амралтын өдрүүдэд Архангай аймагт ажиллаж, нам, төрийн ажлыг зэрэг амжуулжээ. Тус аймагт дээрх өдрүүдэд Ардчилсан намын бүсийн чуулга уулзалт болсон нь Засгийн газраас дэвшүүлсэн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих жилийн хүрээнд хийгдэж байгаа ажилтай танилцах боломжийг ч давхар олгожээ.  
Хоёр дахь жилдээ хэрэгжиж байгаа Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төслийн хүрээнд Засгийн газраас энэ онд 30 тэрбум төгрөг гаргаснаас дээрх аймагт 650 сая төгрөгийн санхүүжилт хийгдсэн байна. Одоогоор зээл олголт 67 хувьтай байгаа бөгөөд  47 аж ахуй нэгж иргэнд 433 сая төгрөг олгосон байна.  Харин өнгөрсөн жилийн тухайд 840 сая төгрөгийн санхүүжилт хийгдэж,  100 ажлын байр шинээр бий болгосон гэнэ. Зээлд хамрагдагсдын хувьд Тэргүүн шадар сайдад онцлон захисан захиас нь зээлийн шаардлага хэт өндөр байгааг уян хатан болгох, банкууд зээлийг хүссэн хэмжээгээр нь олгохгүй, хасч танаж буйг цаашид анхаарч, хүртээмжтэй болгоход Засгийн газар санаачлага гарган ажиллах шаардлагатай гэсэн шүүмжийг хүлээн авч, цаашид анхаарах амлалт өгчээ.
Тэргүүн Шадар сайд өчигдөр мөн Хятадын Коммунист намын Төв Хорооны Гадаад Харилцааны газрын дарга Ван Жаруй тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хоёр орны хоорондын харилцаа хийгээд нам хоорондын хамтын ажиллагааны талаар яриа өрнүүлж, төсөл хөтөлбөрүүд олноор хэрэгжинэ хэмээн найдаж буйгаа илэрхийлээд авсан юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж