“Цагаан тэмээн аалз” теле зохиомж дахин дэлгэцнээ гарна

Хуучирсан мэдээ: 2011.02.05-нд нийтлэгдсэн

“Цагаан тэмээн аалз” теле зохиомж дахин дэлгэцнээ гарна

UBS телевизийн сэтгүүлч, продюсер, редактор Б.Саруул, “Hero” энтертайнмент продакшнтай хамтраад “Дэлхий ээж” дууны түүхээр “Цагаан тэмээн аалз” телевизийн зохиомжит нэвтрүүлэг хийжээ. “Hero” энтертайнментын уран бүтээлчидтэй сэтгүүлч Б.Саруул 2007 онд анх “Гоолингоо” уран бүтээл дээр хамтран ажиллаж байжээ. Дөрвөн жилийн дараа ийнхүү дахин тэд “Цагаан тэмээн аалз” баримтат уран сайхны нэвтрүүлэг дээр хамтран ажиллажээ. “Дэлхий ээж” дууг мэдэхгүй Монгол хүн байхгүй биз ээ. Бид дэлхий ээжийнхээ хэвлийд төрчихөөд яг хүүгийн ёсоор өнөөдөр хандаж чадаж байна уу даа? Газар дэлхий, байгалийг нь өнөөдөр ухаж сэндийчээд дэлхий эхийгээ дотроос нь идээд яг л “Цагаан тэмээн аалз”-ны үлгэрийг өнөөгийн амьдрал дээр давтаад байна уу даа гэсэн санаагаар энэхүү нэвтрүүлгээ хийсэн байна.

Энэхүү нэвтрүүлэг нь хөгжмийн зохиолч Энхбаяр, яруу найрагч С.Мэнд-Ооёо, дуучин Б.Бадар-Ууган агсны амьдруулсан “Дэлхий ээж” дуунаас үндэслэн байгаль экологийн сүйрэл мөхөл өнөөдөр бидний амьдралд ямар хурцаар тавигдаж байгаа юм бэ гэдгийг хөндөж гаргаснаараа онцлогтой бүтээл болж үзэгчдийн хүртээл болжээ. Мөн тус нэвтрүүлэгтээ олны танил урлаг, соёлын алдартнуудын урин оролцуулж байгаль дэлхий, экологийн асуудлаар өөр өөр өнцгөөс сөхөн харуулсан байна. Жишээ нь, сэтгүүлч Г.Бадамсамбуу “Олон гол, нуур ширгэж алга болохыг би нүдээрээ үзсэн” гэж ярьсан бол гавьяат жүжигчин С.Жавхлан “Хүн төрөлхтөн бүгд байгаль руу явж байхад бид нар яагаад тэд нарын хог шаар, үлдэгдлийг нь энд бий болгох гэж оролдоод байгаа юм бэ?” хэмээн өөр өөрийн үзэл бодлоо илэрхийлжээ.

“Дэлхий ээж” дуу анх зохиогдохдоо хэдийгээр үзэл суртлын дуу байсан ч 30 жилийн нүүр үзэн ардчилсан нийгэм хүртэл явж чадсан дуу юм. Ард түмний дунд алдаршин үлдсэн энэхүү дууг сонсох бүртээ, дуугаар дамжуулан гаргах гэсэн гол санааг маань хүмүүс үргэлж санаж байгаасай хэмээн уран бүтээлчид ярьсан юм.

Сэтгүүлч Б.Саруулын хоёр нэтрүүлэг хоёулаа дуун дээрээс үндэслэгдэн хийгдсэн нь бас их учиртай гэнэ. Тэрбээр “Бид нар өнөөдөр төв талбай дээрээ очоод агаарын бохирдлыг бууруулъя, байгаль дэлхийгээ сэндийчээд үгүй хийгээд байна гэж уриа лоозон барьж жагсахаасаа илүүтэйгээр хүний сэтгэлд хамгийн их хүрсэн дуу уран бүтээлээр нь дамжуулан үзэгчдэдээ нэг ойлголт төрүүлэх нь дуу урлагийн хүч гайхамшиг болов уу гэж би боддог. Ер нь баримтат уран сайхны нэвтрүүлгүүдээ дуун дээрээс дөрөөлж үзэгчдэдээ хүргэдэг нь уран бүтээлчид бидний бас  нэг онцлог гэж хэлж болох байх. Дэлхий дахины тулгамдсан асуудал болсон байгаль орчны мөхөл, түүнийг шашин ёс заншил урлагтай хослуулан олны танил хүмүүсийн яриагаар нэвтрүүлгээ хийсэн ” хэмээн ярилаа.

2011 оны нэгдүгээр сарын 11-нд үзэгчдэд анх хүрч байсан тус нэвтрүүлэг өнөөдөр “UBS” телевизээр 22.00 цагт “Гоолингоо”, “Цагаан тэмээн аалз” теле зохиомжууд дахин цувралаар үзэгчдийн хүртээл болох гэж байна.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж