
шалгаж, хянахдаа сайн ч юм шиг, муу ч юм шиг. Улмаар шалгачихаад
буруутныг олж тогтоон шийтгээд ч байгаа юм шиг өршөөгөөд ч байгаа юм шиг
нэг тийм тогтолцоо хаа сайгүй байна. “Хэрэглэгч та хаан” гэх уриаг олон
байгууллагын ханан дээрээс харж болно. Гэтэл үнэн хэрэгтээ монополь
эрхтэй зарим компани, ченжүүдийн тогтоосон үнийг үг дуугүй хүлээн
зөвшөөрч худалдан авахаас өөр арга хэрэглэгчдэд одоохондоо байхгүй л
байна. Өнгөрсөн долоо хоногоос эхлэн хэрэглэгчдийг хамгийн ихээр
бухимдуулж буй нэг зүйл бол гурилын үнэ өглөө сэрээд харахад 200 гаруй
төгрөгөөр нэмэгдсэн явдал. Үүний шалтгааныг олон хүн гурил үйлдвэрлэгч
компаниудтай холбон тайлбарлаж байсан. Хэрэглэгчийн эрх ашгийг
хамгаалдаг цорын ганц байгууллага нь “Хэрэглэгч таны эрхийг бид
хамгаалъя” хэмээх уриаг дэвшүүлсэн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө
газар юм. Тэд өнгөрсөн долоо хоногт огцом нэмэгдсэн гурилын үнийн
өсөлтийн цаад эзнийг тодруулж, олон нийтэд зарлана хэмээн амласан. Тус
байгууллагаас өчигдөр энэ талаар мэдээлэл хийсэн юм.
ШӨХТГ-аас энэ сарын 10-12-ны өдрүүдэд “Барс”, “Бөмбөгөр”, “Нарантуул”
худалдааны төв, “Номин”, “Миний дэлгүүр”-ийн сүлжээ дэлгүүрүүд болон
жижиглэнгээр гурил худалдаалдаг цэгүүдэд шалгалт хийжээ. Мөн хэргийн
эзэн, хэнгэргийн дохиураар нэрлэгдээд буй “Алтан тариа” ХХК болон
“Таванбогд трейд”-ийн “Улаанбаатар” гурилын үйлдвэр, “Милл хаус” зэрэг
үйлвэрүүдийг ч шалгасан байна. Монгол Улсын гурилын хэрэгцээ жилдээ 240
орчим мянган тонн байдаг. Үүний 105.3 мянган тонн буюу 49.9 хувийг
дотоодын гурил үйлдвэрлэгчид хангадаг аж. Энэ оны эхний долоон сарын
байдлаар “Алтан тариа” ХХК дотоодын гурилын зах зээлийн 22.9 хувь,
“Таванбогд трейд”-ийн гурилын үйлдвэр 19.6 хувь, “Аляска импекс” ХХК 11
хувь, “Өег” ХХК 9.2 хувь, “Милл хаус” ХХК 6.5 хувийг тус тус эзэлсэн
байна. Эдгээр компани гурилын үнээ 20-100 төгрөгөөр нэмсэн хэмээх
хариултыг өгч байсан юм. Харин жижиглэнгийн худалдаачид ойролцоогоор 200
гаруй төгрөгөөр нэмэгдэж ирж байгааг хэлсэн. Шалгалтын явцад гурилын
зах зээлд хамгийн их хувийг эзэлдэг гурван компани бүтээгдэхүүнийхээ
үнийг нэг өдөр буюу энэ сарын 2-нд нэмсэн нь тогтоогджээ. Харин “Милл
хаус” ХХК дараа өдөр нь гурилын үнээ нэмэгдүүлсэн байсан аж. Ингээд
ШӨХТГ-аас дээрх компаниудын үнээ нэгэн зэрэг нэмж, үгсэн хуйвалдсаныг
тогтоожээ.
Тус байгууллагынхан гурилын зах зээлийн судалгааг явуулсан байна.
Ямартай ч одоо байгаа нөөц ойрын хугацаанд хураах нөөцтэй нийлээд
2010-2011 гурилын нийлүүлэлтийн доголдол гарахгүй хэмээх хариултыг тус
газраас өгсөн юм. Тэгэхээр барааны хомсдол гарч түүнийг дагасан үнийн
хөөрөгдөл гарах үндэслэлгүй ажээ.
Манай улсад Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль хэрэгжиж
эхлээд багагүй хугацаа өнгөрсөн. Уг хуулийн шинэчилсэн найруулга болох
Өрсөлдөөний тухай хуулийг УИХ-аас саяхан баталсан. Уг хууль Монгол Улсын
Үндсэн хуульд зааснаар “Төрийн мэдээлэл” сэтгүүлийн 2010 оны долдугаар
сарын 28-нд хэвлэгдэн гарсан байдаг. Гурилын үнийн өсөлтийн шалтгааныг
тодруулж улмаар хариуцлага тооцох асуудал шинэчилсэн найруулгын буюу
Өрсөлдөөний хуулийн дагуу шийдсэн бол дээрх компаниуд өмнөх жилийн
орлогын зургаа хүртэлх хувьтай тэнцэх төгрөгөөр торгуулах байлаа. Гэсэн
хэдий ч гурил үйлдвэрлэгч компаниуд Өрсөлдөөний хууль үйлчилж эхлэхээс
өмнө үнээ нэмсэн тул Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулийн
заалтын дагуу 250 мянган төгрөгийн торгууль хүлээжээ. Манай улсад одоо
мөрдөж буй ихэнх хууль, журмын дагуу ямар нэгэн зөрчил, доголдол
гаргасан байгууллагууд хамгийн ихдээ 250 мянган төгрөгийн торгууль
төлөөд л хөнгөхөн гараад явчихдагийн нэгэн жишээ энэ болов.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Д.Мандахаас зарим асуултад хариулт авлаа.
-Үнээ нэмж, үгсэн хуйвалдсан компаниудад 250 мянган төгрөгийн торгууль ногдуулна гэдэг маш бага торгууль шүү дээ?
-Дөрвөн компанид хуучин хуулийн дагуу 250 мянган төгрөгийн торгууль
ногдуулсан. Бид хуулиа л мөрдөнө. Эдгээр компанийн үнээ нэмсэн цаг
хугацаа нь Өрсөлдөөний хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр
хэрэгжиж эхлэхээс өмнөх цаг хугацаа юм. Тиймээс хуучин хуулийн дагуу
торгуулиа хүлээнэ. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар тухайн хууль
“Төрийн мэдээлэл” сэтгүүлд хэвлэгдсэн өдрөөс хойш 10 хоногийн дараа
хүчин төгөлдөр үйлчилж эхэлдэг юм.
-Өрсөлдөөний хуулийн хамрах хүрээ нь ямар юм бол. Зөрчил гаргасан аж ахуйн нэгжид ямар хариуцлага хүлээлгэх вэ?
-Өрсөлдөөний тухай хуулиар бол аж ахуй эрхлэгч бүх хүн энэ хуульд
захирагдана. Өмнө нь улсын бүртгэлтэй, гэрчилгээ авсан аж ахуйн нэгж л
Өрсөлдөөний хуулийн үйлчлэлд хамрагдаж байсан. Харин одоо ямар нэг
үйлчилгээ эрхэлж байгаа хувь хүн ч гэсэн хамрагдах юм. Өрсөлдөөний хууль
энэ сарын 7-оос хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Хуульд заасан
өрсөлдөөнд харш үйл ажиллагаа явуулсан аж ахуйн нэгж, хувь хүмүүст
хуулийн дагуу хариуцлага тооцох болно. Зохиомлоор, ямар нэгэн
үндэслэлгүй, үгсэн хуйвалдаж үнээ нэмсэн тохиолдолд тухайн компанид
өмнөх жилийн орлогын зургаа хүртэлх хувьтай тэнцэх мөнгөн торгууль
ноогдуулна.
Т.УРАНГЭРЭЛ
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин