Тендерийн хуулийг өргөн барихыг шаардав

Хуучирсан мэдээ: 2010.08.17-нд нийтлэгдсэн

Тендерийн хуулийг өргөн барихыг шаардав

УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг  өнгөрсөн оны аравдугаар сард Сангийн сайдад хандан Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд гарч байгаа зөрчил, дутагдалд зохих арга хэмжээ авах, холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох, худалдан авах ажиллагаанд зохих журам мөрдөж байгаа эсэхэд хяналт тавихыг анхааруулан албан тоот хүргүүлсэн ч өнгөрсөн хугацаанд тодорхой ажил хийгээгүй байна.
Мөн 2010 оны намрын чуулганы хэлэлцэх асуудлын дараалал гарсан ч Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль ороогүй тул өнгөрсөн намрын чуулганаар батлагдсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар эхлэл нь тавигдсан Төсвийн бодлогын шинэчлэлтэй холбогдуулан уг хуулийг боловсронгуй болгох шаардлагатай гэж үзэн Сангийн сайдад хандан шаардлага тавьжээ.

Шаардлагад эрхэм гишүүн дээрх хуулийн төслийг хугацаа алдалгүй УИХ-д өргөн барьж Нэгдсэн төсвийн тухай болон Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн төсөлтэй хамтатган нь намрын чуулганаар хэлэлцүүлэхийг онцолсон байна.
 
Учир нь дээрх хууль батлагдан гараагүйгээс төсвийн хөрөнгөөр ажил гүйцэтгэх тохиолдолд тендерийг шалгаруулах болоод ажил гүйцэтгэх явцад хугацаа  ихээр алдах, ажлыг чанаргүй гүйцэтгэх, мэдээлэлд ойрхон төрийн өндөр албан тушаалтан хийгээд дунд шатныхан,  тендерийн хорооны хүмүүсийн хувийн хөрөнгөө арвижуулах, авлига авах, өгөх хэрэгсэл болсоор ирсэнд УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг шүүмжлэлтэй хандаж уг хуулийг агуулгаар нь өөрчилж тендер тойрсон гажуудлыг засах ёстой гэж үзэж буй юм.

Г.Дарь

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж