
“Монгол Улсынхаа нэр хүндийг өндөрт өргөж, бас эх орноо сурталчлах ажилд асар их үүрэг гүйцэтгэж байгаад нь Монгол Улсын Засгийн газар болон монголын ард түмэн туйлын баяртай байдаг. Их аваргын зодог тайлах энэ ёслол Монгол, Япон хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд бас нэг хуудас нээх нь дамжиггүй. Сумогийн их спортоо хэдийгээр орхиж байгаа ч улсынхаа нэр хүндийг цаашид олон үйл ажиллагаагаар өндөрт өргөж, үргэлжлүүлж явна гэдэгт бид найдаж байгаа. Их аваргынхаа цаашдын ажил, амьдралд хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе” хэмээн Ерөнхий сайд урилга хүлээн авах үедээ хэллээ. Их аваргад Ерөнхий сайд С.Батболд улам хийморьтой явахыг ерөөн, хийморийн морь бэлэглэв.
Сумогийн их аварга зодог тайлах энэ ёслолын ажиллагаандаа гадаад ,дотоодын 16 мянга гаруй төлөөлөгч урьж байгаа юм байна. Түүний дотор Японы нэр хүнд бүхий бизнесмэн,урлаг спортын эрхмүүд байгаагаас гадна дэлхийд данстай төлөөлөгчид ч багтаж байгаа ажээ. Сумогийн их ертөнцөд ид хаваа гайхуулж, эх орныхоо нэрийг дуурсгаж байсан шигээ их аварга маань ёслолын ажиллагааныхаа үеэр олны анхаарлыг бас ийн татах бололтой. Харин Монголын 100 гаруй төлөөлөгч түүний зодог тайлах ёслолын ажиллагаанд оролцоно хэмээн Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.