Орос кaмпитализм ба тавантолгой дахь гуравдагч тоглогч

Хуучирсан мэдээ: 2010.08.17-нд нийтлэгдсэн

Орос кaмпитализм ба тавантолгой дахь гуравдагч тоглогч

ТАВАНТОЛГОЙГ ЧИГЛЭХ ӨМНӨД СОЛОНГОСЫН ҮЗЭЛ СУРТАЛ

Солонгосын хойгт үзэл суртлын аян дайн хэдийнэ эхэлжээ. “Чонан” хөлөг онгоц сүйрснээс үүдэж, хоёр Солонгосын харилцаа хурцдах цагаар өмнөдүүдэд геополитикийн шинэ сонголт хийх цаг тулгарав. Мэдээж хэрэг, тэр бол Монгол. Хэдийгээр Монгол, Өмнөд Солонгос улсын дипломат харилцаа 20 жилийн түүхтэй ч геополитик, гео эдийн засгийн хувьд нэн шинэ түүх эхэлж байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард манай улсад нэгэн солонгос эрхэм айлчлаад буцсан юм. БНСУ-ын Үндэсний ассамблейн дэд дарга И Юүнь Сон УИХ-ын дарга Д.Дэмбэрэлтэй уулзаж, Ким Хен О даргынхаа мэндийг уламжлангаа Тавантолгой ба төмөр замын талаарх солонгос сонирхлыг илэрхийлсэн билээ. Солонгосын хойгоос Монгол, тэр тусмаа Тавантолгойг чиглэх үзэл сурталжсан алхмаа хийсэн хэрэг.          

Гэвч монголчуудад Орос, Хятадын ашиг сонирхлын “хил”-ийг давж, өмнөд солонгосчуудтай харьцах хүсэл зориг бий юү. Зүүн хойд Ази хэмээх нэгэн дээвэр дор багтаж, гуравдагч хөршийн харилцааг дээдэлж буйнхаа хувьд ма­най улс Өмнөд Солонгостой хам­­тарч, геополитикийн нүүдэл хийх сонирхолтой. Тиймээс ч УИХ-ын дэд дарга Н.Энхболд, Г.Баярсайхан, Э.Мөнх-Очир, Р.Раш, Зам, тээвэр, барилга, хот бай­гуулалтын дэд сайд А.Гансүх нар өнгөрсөн долоо хоногт тус улсын Үндэсний ассамблейн дарга Ким Хен О тэргүүтэй төрийн өндөр албан тушаалтнуудтай уулзаад иржээ. Тэдний ярианы гол сэдэв Та­вантолгой ба төмөр зам. УИХ-ын чуулганы танхимд өнгөрсөн хавар орос, хятад сонирхол давамгайлж, улстөрчид өргөн, нарийн царигаас үүдэлтэйгээр халуухан маргаан өр­нүүлсэн. Мөнхийн хөршүүдээсээ болж, монголчууд ийн муудалцахыг сонссон өмнөд солонгосчууд одоог хүртэл инээдээ барьж ядан байна. Ким Хен О дарга ч эл байдлаа нууж ядан эрхэм гишүүдэд “Ер нь төмөр зам гэдэг өргөн, нарийндаа ч гол нь биш. Харин high tech, хөрөнгө оруулалтдаа л байгаа юм шүү дээ” гэжээ. Гэхдээ хангүг ноёдын зүгээс Тавантолгой тийш татах төмөр замд хэр хөрөнгө оруулахаа хараахан дуулгаагүй. Манай улсад ирэх сард болох гадаадын хөрөнгө оруулагчдын чуулганы үеэр тэд тодорхой тоо хэлэх нь гарцаагүй. Учир нь тэр цагт Монголын Засгийн газар Тавантолгойг хамтарч ашиглах гадаадын оператор компаниудыг сонгон шалгаруулах юм. Монгол­чуудын үдийн зоогны “хачир” хан­гүг урлаг болсончлон Монголын зарим улстөрч Өмнөд Солонгосын геополитикийн тоглоомын дүрмийг хүлээн зөвшөөрчээ. Тус улсын улс­төрчид, хөрөнгө оруулагчид “Та­вантолгойд хамтарч ажиллах оператор компаниудыг тендер зар­лаж шалгаруулах нь оновчгүй” гэсэн байр суурьтай байна. Үүний оронд “Мөнгө, технологиор өрсөлдье” гэд­гээ дуулгасан бол УИХ-ын зарим гишүүн “Концессийн тухай хуулийн дагуу үндэсний аюулгүй байдалд харшлахгүй л бол та бүхний са­налыг хүлээн авахад татгалзах зүйлгүй” гэжээ.      
   
Солонгосын хойгийг сонирхохоос өөр аргагүй. Өмнөд солонгосчуудад хойдуултайгаа нэгдэх хүсэл байдаг ч БНАСАУ-ын эрх баригчдын ре­кет бодлогод эгдүүцсээр байгаа. Яг өнөөдрийн байдлаар шүү. Гэвч Хойд мөсөн далай хайлж байгаачлан хоёр Солонгосын ха­рилцаа зөөлөрч, ард түмэн нь инстинктээрээ нэгдэнэ гэдгийг олон улсын тоймчид онцолж байна. Тэгвэл Монголын ашиг сонирхол яагаад Солонгосын хойгийг чиг­лэнэ вэ. Төр Өмнөд Солонгост төв­лөрсөн ажиллах хүчнийхээ хувь заяанд барьцаалагдаж байна. Тий­мээс хангүг ноёдод инээмсэглэл бэлэглэхээс яах вэ. Үүнээс өөр бас нэгэн дүрэм бий. Энэ бол Зүүн хойд Ази, тэр дундаа ирээдүйд геополитикийн хамгийн нөлөө бү­­хий газар болох магадлалтай Солонгосын хойг юм. Орос, хятадууд хойд солонгосчуудтай сүжирч, АНУ өмнөдийнхөнтэй хамтраад байд­гийн учир үүнд л бий. Үнэн хэрэгтээ тэдэнд хоёр Солонгосыг нэгт­гэх хүсэл хараахан алга. Харин монголчуудад Солонгосын хойгоор дамжин далайд шинэ гарцтай болж, Зүүн хойд Азиас Зүүн өмнөд Ази, Европ руу дөтлөх хүсэл байх л.

УИХ-ын гишүүдийг Өмнөд Со­лонгосын Үндэсний ассамблейн дар­га, Төмөр зам, далайн тээврийн асуудал хариуцсан сайдтай гар барих зуур Сөүлд Терминатор хү­рэлцэн ирэв. АНУ-ын Калифорни мужийн захирагч Арнольд Шварц­неггер тэнд хурдны галт тэрэг, төмөр зам барих технологи судлахаар иржээ. Үнэхээр ч “Азийн таван бар”-ын нэг болох БНСУ-ыг хурдны галт тэрэгний технологиор нь дэлхий хэдийнэ хүлээн зөвшөөрсөн. Үүнээс гадна тус улсад мэдээллийн технологийн чиглэлийн бүхэл бү­тэн дүүрэг бий. Эл байдлаас дүг­нэвэл, Өмнөд Солонгос улс Со­лонгосын хойгоос Монгол руу технологижсон үзэл суртлын аянаа ойрын жилүүдэд хүчтэй явуулах нь ойлгомжтой. Хамгийн сонирхолтой нь Орос, Өмнөд Солонгосын төмөр зам өргөн царигтай. Тиймээс хоёр улсын Тавантолгой дахь ашиг сонирхол яалт ч үгүй огтлолцлоо.   

“ОРОСУУДАД МӨНГӨ БАЙХГҮЙ”

Монгол Улсад “Мөнхийн хөр­шүүдтэйгөө мөнхөд эвтэй ор­ших” гэсэн дүрэм бий. Харин мон­голчуудад “Орос, Хятад ахан дүүс­тэйгээ муудалцаж болохгүй” гэсэн болгоомжлол байх. Орос цөмийн зэвсэг, өргөн уудам газар нутагтай. Хятад үй олон хүн ам, бас мөнгөтэй. Хятад хөрөнгөжиж, Алс дорнодыг эзэгнэж байгаа нь оросуудыг түгшээж эхэлсэн. Гэхдээ хойд хөршийнхнийг тайвшруулах нэг зүйл бий. Энэ бол Сибирийн их зам буюу Транссибирийн төмөр за­мын сүлжээ. Москва, дорнод Си­бирь, Алс дорнодыг Евразитай хол­босон 9288.2 километр урттай Транссибирь дэлхийн хамгийн урт төмөр зам юм. Уг төмөр замаар жилд 100 сая тонн ачаа тээвэрлэх боломжтой. Оросуудын хувьд Си­бирийн их замд түшиглэж, дор­нод Сибирь, Алс дорнодыг улс төр, эдийн засгийн хяналтаасаа ал­дах­гүй байх бодлого баримталж байна.

Орос орон большевик, коммунист үзэл суртлын солбицол дор Транс­сибирийг цогцлоосон ч өдгөө “Транс­сибирь бол капитализмын их бүтээн байгуулалт” хэмээн магтан дуулах болов. Товчхондоо, тэд их бүтээн байгуулалтынхаа сүр хүчин дор бүс нутагтаа эзэрхийлэл тогтоох хүслээ дарж чадахгүй байна. Тэр тусмаа социализмын үед Монголыг эзэгнэн тоглогч байсан дүрээсээ төсөөрч чадалгүй шинэ зуунтай золголоо. Монголын шатахууны зах зээл дэх “Роснефть”-ийн монопольчлол, уул уурхайн салбараас тэд чамлахааргүй “бал” хурааж байгаа ч ханахгүй байна. Оросуудын аажим, аажмаар бүхнийг эзэрхийлэх оролдлого япончуудад таалагдаагүйгээс Монголын ураны салбарт хамтарч ажиллах нь талаар болсон. Хятадуудын хувьд ч мөн ялгаагүй. Орос, Хятад улс 1897 онд Хятад-Дорнод төмөр замыг хамтран барьж, Сибирийг Владивостоктой холбож байсан түүхтэй. Гэвч цаг хугацааны уртад Хятад хө­рөн­гөжсөн, Орос монопольжсон гүрэн болж хувирсан.

“Оросууд үүнийг хүсээ гэж үү”. Зүүн хойд Азийн хөрөнгө оруулагчдын дунд “Оросуудад мөн­гө байхгүй” хэмээх яриа газар авчээ. Хойд хөршийнхөн нэгэн цагт “Оросууд дайныг хүсээ гэж үү” хэмээн дуулдаг байсан бол одоо “Оросууд геополитикийн голлон тоглогчийн имижээ алдахыг хүсээ гэж үү” хэмээх боллоо. Байгаль нуу­рын чинадад өнөөдөр юу болж байна вэ. Орос орон шатаж, Ерөнхий сайд В.Путиний нөлөө бүхий улстөрчийн имиж бүдгэрч байна. Харин Кремльд юу байна вэ. Олигархиудын өр, тэдний мэдэл дэх социализмын үеийн томоохон объектууд л бий. Тэгэхээр Япон, Өмнөд Солонгос, Хятадын хөрөнгө оруулагчид хойд хөршийнхнийг “Мөн­гөгүй” гэж дүгнэхээс өөр яах вэ. Хойд хөршийнхөн одоогоос хоёр жилийн өмнө Тавантолгой тийш татах төмөр зам барих эздээр то­дорсон атал олон улсад ийм дуу­лиан дэгдсэн нь анхаарал татах асуудал биш гэж үү.  

Орос, Хятадын нөлөөг сулруу­лахыг монголчууд ч эрмэлзэх боллоо. Тиймээс гуравдагч тоглог­чийг хүсэмжлэх болов. Японы Ерөн­хий сайд асан Таро Асо “Курилын арлууд Японы нутаг дэвсгэрийн үндсэн хэсэг” хэмээн 2008 оны хавар мэдэгдсэн нь Орос, Японы харилцааг хурцатгах шахсан. Өмнөд Курилын дөрвөн арлаас үүдэлтэй маргаан хоёр орны харилцааг улам эмзэгшүүлж байгаа. Хятадууд ч хүний олноор Сибирийг эзэгнэж, хойд хөршийнхөнд таагүй сэтгэгдэл төрүүлсэн. Өмнөд солонгосчуудын хувьд, Орос, Хятадтай хэвийн ха­рилцаатай. Гэхдээ хүссэн ч, эс хүссэн ч БНСУ-ын хөрөнгө оруу­лагчид high tech-ийн ид шидээр Тавантолгойд гуравдагч тоглогч болох нь гарцаагүй боллоо. Энэ нь хоёр улсын төрийн өндөр ал­бан тушаалтнуудын уулзалтаас тодорхой харагдана. Гэвч… Оро­сууд шатахууны үнээр бойкот хийж, хятадууд “Хилээ хаалаа шүү” гэвэл яана!   

C.БАТТУЛГА

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж