Ардчилсан намын дотоод хямрал 20 нас хүрлээ

Хуучирсан мэдээ: 2010.08.17-нд нийтлэгдсэн

Ардчилсан намын дотоод хямрал 20 нас хүрлээ

“Хорин хэдэн нас ч хогийн нас даа” гэж ахмадууд ярьдаг. Яахаараа “хогийн” байдаг юм бэ гэхээр амьдралын утга учрыг мэдэхгүй байж дэндүү омголонгоосоо болж эргээд харахад тун зоригтой, тэнэг алхмууд хийсэн байдаг болохоор тэр гэх.  Ардчилсан нам бүтэн жилийн турш 20 жилийн ойн тухай ярилаа. Нийгмийн шинэчлэлт, үзэл санааны өөрчлөлтийн хувьсгал болохоор нэг нам байтугай улс орон даяар тэмдэглэх нь зүй. Харин 20 жилийн ойгоо угтуулан намынхаа дотоод хямрал, хар хорын арга барилаасаа салъя гэж хэлэх хүн энэ намд алга. Бидний нүдэн дээр төрж, өсч, торинож буй энэ нам 20 жилийн турш дотооддоо хямарч байна. Хорин жилийн хугацаанд Үндэсний зөвлөлдөх хорооны хурал хэдэн удаа болсныг бүү мэд.

ҮЗХ-ны хурал болгоны өмнө намын даргаа “авч хаях” хуйвалдаан  хийдэг гэхээр санаанд багтамгүй.   Энэ удаагийн ҮЗХ-ны хуралдааны сургаар намын дарга Н.Алтанхуягийнх нь  суудал ганхаж эхэллээ. Одоогоор тус намын генсек хурлын тов албан ёсоор гараагүйг мэдэгдэж эргэлзээтэй яриаг жаахан ч гэсэн  дарж авлаа. Гэхдээ гишүүдийнх нь  сэтгэл санаа тайвширсан эсэхийг хэн ч хэлж мэдэхгүй.

 Намын даргыг анх томилогдохоос нь үзэн ядаж  удахгүй огцруулна гэж ам тангараг тавьсан гишүүн ч цөөнгүй бий. МАХН-ынхан бол АН-ын дэргэд “гэнэн цагаахан” юм шүү дээ. Угаасаа бүх зүйл даалгавраар явдаг болохоор “Чи босч намын даргыг шүүмжил. Огцруулах нь зүйтэй гэж хэл” гээд л гүйцээ. Харин АН-ын гишүүд эхлээд огцруулах магадлалтай байгаа тухай мэдээл­лийг сонин, сайтуудаар цацна. Ги­шүүдийн сэтгэл зүй бэлтгэгдээд ирэхийн цагт буюу санал хураалтын үеэр гар утасны гайхамшиг, интер­нэт захидал ашиглан эцсийн мө­чид нэгнийгээ тандана.  Хурлын завсарлагааны үеэр кофе уух зуур шивэр авир хийгээд нүд ирмэлцэх төдийд намын даргын хувь заяа хэдийнэ  шийдэгдсэн байх болно. Саналын хуудсыг бараг тоолоод хэрэг­гүй дээ. Эсийн хуваагдал мэт хэтэрхий жижиглэгдэж фракцилсан намын аюул энэ. Тиймээс ч нэгэн цагт МАХН-ыг даргалж байсан Нам­барын Энхбаяр “Эвтэй байх­даа хүчтэй” хэмээсээр намаа жигүү­рээс өөр юу ч үгүй байлгахыг чухал­чилсны дүнд зоргоороо аашилж чаддаг байлаа. Жигүүрийн ахлагч Ө.Энхтүвшинд сайдын суудал өгсөн нь өд сөдийг нь зулгаагаад хаяснаас юуны өөр байх билээ. Ингэж дайсангүй удирдаж байсан туршлага АН-ын­ханд  яагаад ч таардаггүй нь мөнөөх хуваагдалтай холбоотой.

Ардчилсан  намын дарга Н.Алтан­хуяг ҮЗХ-ны хурлын өмнөхөн айхгүй ч гэсэн аягүй л  яваа. Түүнтэй хүч хавсрагч фракциудаас лав л “Кроун”-ы Д.Нямхүү “Н.Алтанхуягийг огцрууллаа гэхэд дараагийн хүн нь хаа байгаа юм бэ ” гэж буулт хийв. Харин З.Энхболдыг хоёр жилийн өмнөх ялагдлын шархаа нөхөхөөр дахин босч ирэхгүй гэхийн баталгаа байхгүй. Учир нь түүнийг Ардчилсан нам гэж хардаг. Энэ намыг  даргалах цаг нь болсон гэж боддог хэсэг цөөнгүй. Тиймээс ч энэ хүчийг улам мэдрэхийн тулд Ардчилсан хүчний холбоог төрүүлсэн байж мэднэ. Нэгэнт сонгуулийн мөчлөг орсон болохоор цаашид энэ зорилгоо ч нуугаад байхгүй л болов уу. МоАХ-ны фракцийн хувьд Засгийн газрын бүрэлдэхүүнд нь багтаж байгаа Х.Баттулга төдийлөн эсэргүүцээд байхгүй ч С.Эрдэнэ тэргүүтэн З.Энх­болдтой санаа нэг байгаа нь тодорхой. Тэгээд ч “АН-ын дарга ажлаа хийж чадахгүй байна. Огцрох ёстой” гэсэн байнгын уншлагатай хүчин шүү дээ. Тэд “Н.Алтанхуягт албан тушаалыг ханатал өглөө. Одоо боллоо” гэж үзэж байгаа. Тиймээс ч намтайгаа уралдан Ардчилсан хүчний холбоо нь бүсийн чуулга уулзалт гэх далайцтай том нэрийн дор бараг гишүүн бүртэйгээ  уулзан учир байдлаа таниулж явна. Ажиллаад байгаа юм шиг боловч “алалцаад” байгаа энэ үзэгдлийг Н.Алтанхуяг яаж зохицуулахаа мэдэхээ байчихаад байгаа бололтой.  Энэ сарын 20-нд Дархан-Уул аймагт төвийн бүсийн чуулга уулзалт хийхээр зэхэж байгаа Ардчилсан хүчний холбооны энэхүү арга хэмжээг санаатайгаар АН-ын ҮЗХ-ны хурал болгож цуурхал та­раасан байхыг ч үгүй гэх газаргүй. АН-ынхан 20 жилийнхээ түүхэнд ийм жижиг  ажилдаа  гаршсан шүү дээ.

“Алтан гадас” фракцийнхны хувьд ҮЗХ-ны хурлын тов гараа­гүй. Товыг зөвхөн намын дарга зар­лах ёстой. “Үндэсний зөвлөлдөх хо­рооны хуралдааныг ойрын үед зарлана” гэсэн цуурхал та­рааг­чид бол АН-ын даргын суу­далд санаархагчдын тарьж буй уламж­лалт будилаан”  хэмээн мэдэгдэж байгаа. Тэд Ардчилсан хүчний хол­боо цаашид улам тодрох бол­но. Дээрх цуу яриа ч тэр зүгээс га­ралтай хэмээн хардаж байгаагаа нуухгүй байна.

Бас нэг хачирхалтай яриа тэнүү­чилж эхэлсэн. Энэ нь хаа хамаагүй экс  Ерөнхийлөгч Намбарын Энх­баяр­тай холбоотой аж. АН-ын ҮЗХ-ны хурал хэзээ мөдгүй болж намын дарга Н.Алтанхуягаа авч хаях гэж байна гэсэн бүдэг бадаг мэдээллийг түүний зүгээс сэм шидсэн гэлцэх юм. МАХН-ын гишүүнчлэлээ хэдийнэ сэргээсэн тэрбээр яах гэж ийм мэдээг өөр намын хашаа давуулан шидсэн байж таарах вэ. Мөнөөх бичээд байдаг хана, хэрэм нь хаачив. Таамаглал төдий боловч газар авсан энэ яриаг тэмдэглээд авахад гэмгүй.  Ардчилсан намыг бужигнуулах нь түүнд ашигтай. Учир нь хамтарсан  Засгийн газрыг огцруулахад МАХН-ыг ухаж  төнхсөнөөс  Ардчилсан намын бацаануудыг араас нь түлхүүрдвэл хамаагүй хялбар   байх болно.  Тиймээс  20 жил дотооддоо дайтсан Ардчилсан нам өдгөө МАХН-аас давхар хамааралтай болж хоорондоо талцах нь  хөөрхийлөлтэй. Хорин нас хогийн нас гэдэг ч үнэн юм даа.

У.ОРГИЛМАА

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж