Буудлагын спортын холбоо гомдолтой байна

Хуучирсан мэдээ: 2010.08.17-нд нийтлэгдсэн

Буудлагын спортын холбоо гомдолтой байна

Монголын хэвлэлийн хүрээлэн дээр
Өнөөдөр 12 цагт Монголын Буудлагын Спортын Холбооны (МБСХ) гишүүн,
Монгол улсын гавьяат дасгалжуулагч Ц.Өлзийбаяр сэтгүүлчдэд мэдэгдэл
хийлээ. Энэ нь ХБНГУ-ын ЭСЯ-ны консул Монголын гурван тамирчныг саяхан
болж өнгөрсөн буудлагын ДАШТ-д оролцох эрхийг хаан боогдуулсан тухай юм.
Ө.Өлзийням, Э.Бадамгарав, н.Гэрэлтуяа гэсэн дээрх тамирчдыг аяллын
зорилго тодорхойгүй гэсэн шалтгаанаар визнээс хассан юм байна. Тэмцээнд
оролцох тамирчид өөрсдийн зардлаар явдаг. Тэнд буудлагын дасгал 170
евро, байрлах буудлын өрөө хоногийн 70 евро байдаг ба үүнийг Монголын
буудлагын спортын холбоо гаргажээ. Германд очиход тэмцээнд оролцоогүй
гурван тамирчны дасгал, буудлын мөнгө болох 1500 еврог нэхсэн ба энэ
мөнгийг төлөхгүй бол очсон 16,17 тамирчныг тэмцээнд оруулахгүй гэсэн
байна. Үүнд МБСХ гомдолтой байгаа төдийгүй хамгийн гол нь Монгол Улсыг
төлөөлж оролцох охид, залуучуудын баг тарсанд бүр сэтгэл дундуур байгаа
гэнэ. Дашрамд дурьдахад манай баг, тамирчид ДАШТ-ээс охидын
ганцаарчилсан төрөлд нэг алт, эмэгтэйчүүдийн багаар төрөлд дөрөвдүгээр
байранд орсон амжилттай ирсэн билээ. Уг нь баг бүрэн бүрэлдэхүүнээрээ
оролцсон бол үүнээс илүү амжилт гаргах байсан гээд энэ тухай бүх шатанд
нь гомдол гаргана гэдгээ Ц.Өлзийбаяр хэвлэл мэдээллээр дамжуулан
мэдэгдлээ.

Л.Навчаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж