УИХ-ын гишүүд Нанотехнологийн газарт зочлов

Хуучирсан мэдээ: 2010.08.17-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүд Нанотехнологийн газарт зочлов

УИХ-ын гишүүн Н.Ганбямба, Д.Очирбат нар  АНУ-ын Холбооны үндэсний нанотехнологийн зохицуулах газарт энэ сарын 12-ны өдөр зочилж, тус газрын захирал Клэйтон Тигтэй уулзав.  УИХ-ын гишүүд зургадугаар сард УИХ-аас  баталсан “Төрөөс өндөр технологийн аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого”-ын талаар танилцуулж, цаашид энэхүү бодлогыг  хэрэгжүүлэхэд хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцоод, АНУ-ын Үндэсний нанотехнологийн санаачлага, түүний үйл ажиллагаатай танилцав. АНУ-ын Засгийн газраас технологи, үйлдвэрлэлийн салбарт шинэчлэл хийх судалгаа, хөгжлийг дэмжих зорилгоор  Үндэсний Нанотехнологийн Санаачлага хөтөлбөрийг 2001 онд баталсан юм. Тус хөтөлбөрийн зорилго нь  нэгдүгээрт, дэлхийн төвшний нанотехнологийн судалгааг хийж хөгжилд хүрэх, хоёрдугаарт, шинэ технологийг бүтээгдэхүүн, үйлчилгээний салбарт нэвтрүүлэх буюу арилжаалах, гуравдугаарт, нанотехнологийн чиглэлээр шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэх, дөрөвдүгээрт, нанотехнологийг хөгжүүлэхдээ эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчныг хамгаалах замаар нийгмийн өмнө  хариуцлагатай байх гэсэн дөрвөн үндсэн асуудалд чиглэжээ. Нанотехнологийг чиглэлээр Америкт үйл ажиллагаа эрхэлдэг  25 яам, агентлаг энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцдог бөгөөд Үндэсний нанотехнологийн зохицуулах газар үйл ажиллагааг нь зохицуулдаг байна.

АНУ-ын Засгийн газраас тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг жил жилээр санхүүжүүлдэг бөгөөд тухайлбал 2010 жилд 1,8 тэрбум ам.долларын төсөв  баталжээ. Ерөнхийлагч Барак Обамагийн Засгийн газраас нанотехнологийн судалгааны үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах буюу арилжаалахад  онцгойлон анхаарч байна. Ерөнхийлагч Барак Обамагийн шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан Зөвлөх энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтийн тайлангийн хурлыг  ахалж, Ерөнхийлөгчдөө илтгэдэг ажээ. Уулзалтын үр дүнд талууд Монгол Улс, АНУ-ын хооронд нанотехнологийн салбарт хамтран ажиллах чиглэлийг Засгийн газрын төвшинд харилцан тохиролцохоор болж, харин хувийн хэвшлийн их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагууд хоорондын хоёр талын хамтын ажиллагааг дэмжих нь зүйтэйг цохон тэмдэглэсэн талаар Гадаад харилцааны яамны хэвлэлийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж