
Соёлын төв өргөөнд өнөөдрөөс эхлэн 19.00 цагаас “Х-Түц” хамтлагийн “Галзуу фанат” хошин шогийн тоглолт эхэлж байгаа ажээ. Энэ зуны турш “Х-Түц” хамтлагийн жүжигчин И.Одончимэг дэлгэцийн хоёр дахь бүтээлээ хийн завгүй байв. Тэрбээр “Миний хөрш чөтгөр” уран сайхны кино бүтээж авьяаслаг найруулагч болохоо харуулж, өнгөрсөн жил үзэгчдийг байлдан дагуулсан бол энэ намар есдүгээр сард дараагийн киноны нээлтээ хийхээр төлөвлөжээ. Залуусын хайр сэтгэл, нөхөрлөлийг инээдмийн хэлбэрээр өгүүлсэн уг кинонд “Х-Түц” хамтлагийнхан эрэгтэй жүжигчид эмэгтэй болж, эмэгтэй жүжигчид нь эрэгтэй болон тоглож байгаа гэнэ. Найруулагч Одноо шинэ киноныхоо нэрийг хараахан сонгоогүй байгаа ажээ. Тайз, дэлгэцийн бүтээлийг хослуулан хийж чаддагийн бас нэг жишээг харуулаад байгаа “Х-Түц” хамтлагийн уран бүтээлчид ийнхүү шинэ тоглолтоороо үзэгчидтэйгээ уулзах нь ээ. Тус тоглолт сар гаран үргэлжлэх бөгөөд тасалбар нь Соёлын төв өргөөний кассаар 6500 төгрөгийн үнэтэйгээр зарагдаж эхэлжээ.
Г.Даша