
Үнэн хэрэгтээ хөдөөгийн байдал шальдар булдар, цагийн байдал ороо бусгаа л байна. Хэдэн зууны туршид ар Монголын тал хээр нутагт жил тутам 20-25 сая толгой мал л идээшилж бэлчээрлэж байсан түүхтэй гэдэг. Одоо энд 45 сая толгой мал бэлчиж байна. Жил ирэх тусам байгал цаг уур өөрчлөгдөж, ган гачиг, зуд турхан, үер ус, аянга цахилгаан тасрахаа болилоо. Эдгээр гамшигт өнөөх олон толгой малаас маань жилийн жилд л хэдэн зуун мянгаар аваад одож байна. Тэглээ гээд манай малчид ухаарч сэхээрсэн юм алга. “За яахав гарах юм гарч, орох юм орж л байгаа биз” гэсэн янзтай суусаар л. Отор нүүдэл хийж, хадлан тэжээл бэлтгэдэг хүн ховордлоо. Урьдын цагт отор нүүдлийг зуны дэлгэр цагт л, өвсний соргог, бэлчээрийн сайхныг дагаж хийдэг байсан. Одоо бол зун намартаа нэг л удаа сэлгэж буучихаад хавь ойрынхоо газрыг талхиж гүйцсэний дараа л өвөлжөө рүүгээ нүүдэг болжээ. Ер нь тэгээд зарим малчид өвөлжөөгөө хүртэл халуун зунаар идүүлчихээд тэсгим өвлийн хүйтэнд отор нүүдэл хийгээд явж байгааг юу гэх вэ?
Ингэж л хэдэн малаа нааш цааш болгосоор шар нар бор хоногийг өнгөрөөсөөр амьдрал ахуй нь ч дээшилсэн юмгүй байтал, араас нь дахиад л шинэ үеийн малчид өсч өндийж эхэлнэ. Ийнхүү Монголын малчид хэдэн зууны тэртээх уламжлалт арга ажиллагаанаасаа салаагүй, бас залхуу хойрго хэвээрээ байсаар, малынхаа ая занг дагасаар шинэ зууны босго давлаа. Одоо манайхан зун болохоор налайгаад хэвтчихдэг, зуд болвол хамгаа тавиад туучихдаг. Айраг цагаа гарахаар айл айл дамнаад хуруудчихдаг, найр наадам болохоор ногт ганзагалаад тэнэчихдэг. Зун намрын зургаан сард зугаалж явсаар нэг л мэдэхэд хөхүүрийн ам цаашилж, хүйтний ам наашлахад л ам мөлтөс хадлан тэжээл, өвөлжөө бууц гэхийн завсар анхны цас ордог билээ. Ингэж тэгсээр мал дагасан амьдрал дөрвөн цагийн улиралд нэг л хэмээр эргэлдэнэ.
Нэг хэсгийнх нь тоотой хэдэн мал өсч өгөхгүй зовооно. Нөгөө хэсгийнх нь тоогүй олон мал нь тогтож өгөхгүй зовооно. Анзаараад байхад аль ч айлд ялгаагүй авгай хүүхдүүд л өглөөнөөс үдэш болтол өнөөх хэдэн малынхаа хойноос эргүүлдэж өнжинө. Тэглээ гээд тэдэнд ялгарах зүйл даанч үгүй. Эдэлж хэрэглэдэг нь ч адилхан, идэж уудаг нь ч ижилхэн. Утаа үнэртсэн хөх гэр, улаа бутарсан хүрэн хүүхдүүд. Хотоороо дүүрэн хоньтой, хөндийгөөрөө дүүрэн үхэртэй хэрнээ хоногийн хоолоо л залгуулж яваа “Мянгат малчин” хаа сайгүй олширчээ. Өөрсдөө иддэггүй, өрөөл бусдад өгдөггүй, үс ноос, сүү саалийг нь авдаггүй, ердөө л бараагий нь хараад “Мянгат малчин” гэсэн цол хэргэмдээ баясаад л “амь зогоож” байгаа шинэ Монголын хөрөнгөтнүүдийг яалтай ч билээ.
Одоо мянгат малчин гэхээр 1000 толгой малтай хүнийг хэлэхээ больжээ. Харин 3000, 4000, 5000 гээд тооны хойноос хөөцөлдсөн мянгат малчин нэмэгдэж байна. Зарим газар ах дүү хамаатан саднаараа хэдэн малаа нийлүүлж, ээлж дараалан тоолуулсаар байгаад бүгдээрээ “Мянгат малчин” болцгоосон тохиолдол ч байна. Тэр олон “Мянгат малчид” тооны хойноос л хөөцөлдсөнөөс биш чанарын талаар огт анхаарсангүй. Тэр олон толгой мал бэлчээрийг л талхилснаас бус тарга тэвээргэ авч, үржил шимээ өгсөн нь юу л бол. Өнгөрсөн жилийн зуднаар хэд хэдэн “Мянгат малчин” айл саалийн хоёрхон үнээ, тууврын хэдхэн хоньтой үлдсэн тухай сонсогдож байсан. “Одоо л ойлголоо. Чанаргүй олон малаас чанартай цөөн нь дээр юм байна. Малаа эргэлтэд оруулах шиг чухал юм байна” гэж тэд дуу алдаж ярилцлага өгч байсан. Үнэхээр ингэж гэмшсэн бол энэ хавраас л малаа чанаржуулах ажлаа эхэлсэн байх учиртай.
Их зудны дараа мал өөрөө аандаа өсдөг нэгэн жам бий. Энэ жам ёсны үзэгдэл манай малчдыг маш их мартамхай болгодог гэмтэй. Тээр жил Баянхонгор аймагт зуд болоход бараг л бүх малаа барсан гэвэл хэтрүүлэг болохгүй. Тэгтэл хоёрхон жилийн дотор үлдсэн хэдэн мал нь өмнөхөөсөө ч олон болж өсч үржсэн удаатай. Харин чанарын хувьд сайжирсан нь юу л бол. Одоо зуд болохгүй гэхийн аргагүй. Хашрахгүй бас өнөөх чанаргүй малаа үржүүлээд байвал байгал өөрөө цэвэрлээд хамаад авах нь тодорхой боллоо. Чанаргүй олон малын хойноос хамаг амь амьдралаа үрж, хүн ёсны амьдралаас өөрсдийгөө зольж байгаа хэдэн малчдаа дөнгөнөөс нь салгаж, гэрэл гэгээнд гаргая. Орчин цагийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж, малын үүлдэр угсааг сайжруулж, үр шимийг нь дээшлүүлж, байгаль орчноо хамгаалья. Зуданд өгөх гэж малаа хий дэмий өсгөж, махаа барахаа болъё, өөрсдөдөө ашигтай, өрөөлд дэмтэй, байгальд ээлтэй шинэ зууны шилдэг аж ахуйг хөгжүүлэхийн төлөө түмэн олноороо гэгээрэн тэмүүлцгээе.
Г.Энхбаатар