Цаг хугацаа өнгөрөн, хэдэн иргэншил, хэдэн нийгэм солигдсон ч тэрхүү хэм хэмжээ улс орон бүрт өөрийн гэсэн онцлогтойгоор оршсоор иржээ. Өнгөрөгч хаврын чуулганаар Өрсөлдөөний тухай хуулийг батлан шинэ “дүрэм” үйлчлэхээр тунхагласан боловч урьдын адил шударга бус өрсөлдөх тохиолдлууд байсаар байв.
ХУУЛЬ БАТЛАГДАХААС ӨМНӨ
Монгол оронд Социализм хөгжсөн 70 орчим жилд бараа, үйлчилгээний үнийг төрөөс хатуу хянаж, бүх салбарт улсын өмчийн монополиуд оршиж, өрсөлдөөн огт байгаагүй гэж болно. 1986 онд эдийн засгийн шинэтгэлийн зарим арга хэмжээг Засгийн газраас хэрэгжүүлж, 1988 онд хоршооны болон улсын үйлдвэрийн тухай хуулийг баталж түүний дагуу улсын бөгөөд хоршооны үйлдвэрүүд илүүдэл бүтээгдэхүүнээ зах зээлд чөлөөтэй борлуулах эрхтэй болж, анхны хоршоонууд олноор үүсэв. 1989 оны хувьд эзэмших малын тоог өсгөж, хувийн аж ахуйг дэмжсэн алхмууд хийгдсэн. Энэ үеэс эхлэн Монголын эдийн засагт урьд нь байгаагүй зах зээлийн өрсөлдөөн хөгжиж эхлэв. Хэдий 1993 онд “Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль” батлагдсан нь нийгмийн тодорхой шаардлагын үүднээс бус зах зээлийн эдийн засагт Монгол Улс шилжсэнтэй холбогдон түүний тулгуур хуулиудын нэг болох хувьд нь батлах эрх зүйн шаардлагатай л холбоотой юм.
Ийнхүү өнгөрсөн хаврын чуулганаар Өрсөлдөөний тухай хууль батлагдах хүртэл өрсөлдөөнтэй холбоотой харилцааг 1993 он Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль, 2003 оны “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль”-иар л зохицуулж байв.
Зах зээлд Давамгай байдалтай аж ахуйн нэгж тус байдлаа урвуулан ашиглах, Аж ахуйн нэгжүүд Өрсөлдөөнд харш үйл ажиллагаа явуулах, Өрсөлдөөнд саад учруулсан хэлцэл хийх зэрэг шударга бус өрсөлдөөн гарах нь ихэссээр байсан тул тус салбарын харилцааг зохицуулж буй Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулийг шинэчлэн сайжруулах шаардлага бий болов. Хууль батлагдахаас өмнө Нээлттэй Нийгэм Форум, МУИС-ийн Эдийн Засгийн Сургуулиас явуулсан судалгаанд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн 66% нь зах зээл дээр шударга бусаар өрсөлдөх явдал гаргадаг болохоо хүлээжээ. Мөн хариуцлагын төрлүүд хангалттай хэдий ч хэмжээ, хязгаарын хувьд хангалтгүй байв. Энэ нь тус хуулийн хэрэгжилтийг сулруулж байгаа гол хүчин зүйл болж байв. Торгуулийн дээд хэмжээ нь 250 мянган төгрөг байдаг бол шударга бус үйл ажиллагаа явуулсан байгууллагын тус ажиллагааны улмаас олж байгаа орлого нь долоогоос дээш оронтой тоогоор хэмжигдэж байлаа.
ӨРСӨЛДӨӨНИЙ ХУУЛЬ БАТЛАГДСАН НЬ
Өнгөрөгч оны дөрөвдүгээр сард Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Ганхуяг, Р.Амаржаргал, Ц.Баярсайхан нарын гишүүд Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьснаар шинэ хууль бий болох явц эхэлжээ. Ийнхүү хуулийн төслийн нэрээс эхлээд л өөрчилөн зассаар 14 сарын дараагаар уг хуулийн төслийг батлав. Мэдээж багагүй хугацааг боловсруулахад зарцуулсан тул засаж сайжруулах ёстой олон зохицуулалтыг агуулжээ. Үүнд хамгийн их шүүмжлэлийг дагуулсан, хуучин мөрдөгдөж байсан хуулийн гол сул тал нь хариуцлагын хэмжээнд байсныг шинэ хуулиар олон улсын туршлагад үндэслэн өөрчилөв. Өөрөөр хэлбэл гадаад улсуудад торгуулийг “тухайн аж ахуйн нэгжийн өмнөх жилийн борлуулалтын орлогын тодорхой хувиар” тооцдог. Үүнийг Монгол Улсын Өрсөлдөөний эрх зүйн хэм хэмжээнд оруулж ирсэн явдал нь хуулийн хариуцлагын үр нөлөөг дээшлүүлэхэд буюу аж ахуйн нэгжүүд дахин тус зөрчлөө гаргахгүй байх, эдийн засагт учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхэд томоохон хөшүүрэг болох боломжтой болголоо. Мөн хуулиар хуучин хуулийн нэр томьёо дутагдлыг засан хамрах хүрээ, хязгаарыг тодорхой болгож өгчээ. Тухайлбал “аж ахуй эрхлэгч” гэж аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа ашгийн төлөө болон ашгийн бус хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага хувь хүнийг хэлнэ хэмээн тодорхойлсон нь улсын бүртгэлд аж ахуйн нэгжээр бүртгүүлээгүй ч бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа иргэд, ашгийн бус хуулийн этгээдүүд зах зээлд сөргөөр нөлөөлөх, өрсөлдөөнийг хязгаарлах явдал гарах боломжтой байдгийг харсан хэрэг байв.
Шинэ хуулинд гадаад улсуудын хуулиудад байдаг онцгой зохицуулалт болох хориглох зохицуулалт хамаарахгүй нөхцөлүүд буюу картелийг зөвшөөрөх тохиолдлууд болон өршөөлийн зохицуулалтыг тус хуулийн төсөлд оруулсан нь зэрэг нь хэдий давуу талтай боловч эргэн харах зүйл ч мөн байсаар байна. Тухайлбал, Давамгай байдалтай хуулийн этгээдүүд нэгдэх, нийлэхээр бол Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт өргөдөл гаргах бөгөөд түүнд нь татгалзсан, эсвэл зөвшөөрсөн дүгнэлт гаргахаар зохицуулжээ. Нэгдэж нийлэх ажиллагаанд зөвшөөрөл олгох тухай зохицуулалт байх шаардлагагүй гэж бусад орнуудад үздэг аж. Өөрөөр хэлбэл ихэнх улсуудад аж ахуйн нэгж давамгай байдалтай байхыг бус, тус аж ахуйн нэгж давамгай байдлаа урвуулан ашиглахыг хориглодог зохицуулалттай юм.
ХУУЛЬ БАТЛАГДСАНААС ХОЙШ
Шинэ “дүрэм” үйлчилж эхэлснээс хойш хоёр сар өнгөрчээ. Хэрэв өнгөрөгч өдрүүдэд гурилын үнэ килограмм тутамд 50-150 төгрөгөөр нэмэгдэж, үйлдвэрлэгч, борлуулагчдын үндэслэлгүй үнэ нэмсэн тухай шуугиан гараагүй бол “шинэ хууль” үйлчилж байгаа талаар бид анзаараагүй хэвээр байх байлаа.
Ингэх нь ч аргагүй л дээ. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дэд дарга нь “Өрсөлдөөний тухай хууль хэрэгжиж эхлээгүй тул үйлдвэрлэгчидтэй хариуцлага тооцох боломжгүй, УИХ-аар баталсан хууль Төрийн мэдээлэл сэтгүүлд нийтлэгдсэний дараа хүчин төгөлдөр болдог. Өрсөлдөөний тухай хууль уг сэтгүүлд хэвлэгдээгүй байгаа” хэмээн мэдэгдэж, өөрийн үйл ажиллагааны мөрдлөг болох хуулиа батлагдсан эсэхийг мэдэхгүй сууж байхад бусад нь хэрхэн хуулиа биелүүлж мөрдөх билээ. Орост улаан буудайг экспортлохыг хориглосон шийдвэр гарсан, гурил үйлдвэрлэгчид 20 орчим төгрөгөөр үнээ нэмсэн нь ченжүүдэд “Балжинням, Дашням” давхацсан өдөр болон харагдаж зарж буй үнээ шууд нэмээд авах нь тэр.
Хууль санаачилагч гишүүд хууль батлагдсаны дараагаар хэвлэлийн хурал хийлгэн “гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ өссөн тохиолдолд Засгийн газартай хариуцлага тооцож болохоор болж байна” хэмээн мэдэгдсэн. Харин тэрхүү амыг нь асуусан сэтгүүлчдийн амыг “шалгаж байна” гэх үгээр таглаж багагүй хугацаа хожив. Эцэст нь Засгийн газарт үүнийг шалган буруутанг тогтоохоос илүү гурил үйлдвэрлэгчидтэй уулзан цаашид гурилын үнэ шалтгаангүйгээр нэмэхгүй байх тохиролцоонд хүрэх нь амар байсан бололтой хэсэг дотоодын үйлдвэрлэгчидтэй уулзан үнэ нэмэхгүй байх тохиролцоонд хүрснээр асуудлыг шийдсэн мэт зарлав. Хариуцлага чангарсныг мэдээгүй ченжүүд, үйлдвэрлэгчид, хуулийг хэрхэн хэрэгжүүлэхээ мэдэхгүй Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрынхан дүрэм үйлчилдэггүй үеийнхээрээ сэтгэсний “ачаар” ийнхүү хэсэг үймээд авав. Гурилын үнийг буулгах талаар ярьсаар хэрхэн өсгөж байгааг мартах нь бололтой. Хэрэв утаа хаашаа хийсэж байгааг биш, юунаас гарч байгааг харвал асуудал гурилын үнэд биш өрсөлдөөний хуулийн үйлчлэлд байх учиртай бус уу.
Б.Энхмандах