Улаанбуудайн гурван сарын нөөц байна

Хуучирсан мэдээ: 2010.08.17-нд нийтлэгдсэн

Улаанбуудайн гурван сарын нөөц байна

Гэр хорооллын гудамжинд байдаг “Орж гарч байя даа” гэх хэгжүүн нэртэй найман нэрийн барааны дэлгүүрт гурил зарахгүй байна. Худалдагч хүүхэн эзнээ ирэхийг хүлээж байгаа гэх ч гурилын үнэ өссөнийг урд орой телевизээр үзчихээд нэмэгдсэн үнээр зарах гээд хав дараад сууж байгаа нь энэ. Хэдээр зарахаа харзнаж байгаад дэлгүүрийн эзэн шийдэх гэнэ. Өөр олон хүн дэлгүүрийн эзний “шийдвэр”-ийг хүлээсээр тэвчсэнгүй, гурилгүй гарч одох нь харагдсан. Гоймон, будаагаар оройн хоолоо хийсэн байлгүй тэд. Харин маргаашнаас нь тэд гурилаа ямар үнээр зарах бол. Дэлгүүрийн худалдагч, захын ченж цаашлаад гурил үйлдвэрлэгчид шат шатандаа үнэ нэмсээр тэдний хөлд хэрэглэгчид үрэгдэх нь.
Гурилын үнийн өсөлтөд улаан буудайн нөөцтэй холбон ярьдаг. Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдврийн яамны Хүнсний үйлдвэрлэл худал­даа үйлчилгээний бодлогын хэрэг­жилтийг зохицуулах газрын мэргэ­жилтнээс авсан мэдээгээр Монгол Улсыг хөгжүүлэх санд 80 000 тонн, Тариалан эрхлэлтийг дэмжих санд 22 000 тонн нийтдээ 102 мянган тонн улаанбуудайн нөөц байна. Дотоодын гурилын хэрэгцээ сард 17 000-20 000 тонн байдаг албан тоо баримтаар тооцоолж үзэхэд дээрх нөөц манай улсын гурван сарын хэрэгцээг бүрэн хангахуйц гэдгийг дээрх мэргэжилтэн батлан хэлж байна лээ.
Нөөцийн улаан буудайнаас тонныг нь 220 000 төгрөгөөр өгөх гэрээг Тариалан эрхлэлтийг дэмжих сан гурил үйлдвэрлэгчидтэй хийж байна. Тэгэхээр хямд буудайгаар төр хангаж буй учир гурилын үнийг өсгөхгүй байх бололцоо бүрдэнэ гэж яамныхан тайлбарлаж байгаа юм. Гэхдээ үйлдвэрлэгчдэд улаанбуудайн чанар бас чухал. Өнөө нөөцөд байгаа улаан буудайг голох зарим нэгэн ч байдаг юм билээ. Учир нь буудайн чанараас хамаараад гурилын гарц харилцан адилгүй ажээ.
Юутай ч сайн, муу нь яахав гэсэн бүдүүлэгдүүхэн баримжаагаар бол нөөцийн улаанбуудайгаар гурилаа хийсээр шинэ ургацтай залгана, монголчууд. Тэр үед гурилын үнэ бас яах бол. Москвад найтаахад Улаанбаатар ханиалгана гэгчээр энд тэндхийн цаг уур, байгаль орчин улс төрийн байдлаас улбаалж үнэ нэмэх шалтгаан олчихгүй бол үнэ таатай нэг их өсөхгүй байж болох. Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамныхан хямдхан улаанбуудай өгсөн компаниудаа нэгдүгээр зэрэглэлийн гурилын үнийг кг нь 480 төгрөгөөр худалдаалах болзол тавьж байгаа юм.
Өнгөрсөн хавар 282.2 мянган га-д үр тариа тарьсан. Эрт намар болж сайхан зуны ургацыг хяруугаараа дарчихгүй бол 312 мянган тонн үр тариа хураан авах төлөвлөгөөтэй байгаа аж. Харин тариаланчдаас ямар үнээр улаанбуудайг нь худалдан авах нь одоогоор тодорхойгүй байна. Ургацын буудайн 218 мянган тонныг гурил болгоно гэж яамныхан тооцоолж байгаа аж. Одоогоор нөөцөд гурван сар хэрэглэх улаанбуудай байгаа гэнэ.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж