
Тэднийг үнээ нэмсний маргааш буюу наймдугаар сарын 3-ны өдөр “Милл хаус” ХХК мөн гурилын үнээ өсгөжээ. Тиймээс нэр дурдсан дөрвөн компанийг “Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай” хуулийн дагуу тус бүр 250 мянган төгрөгөөр торгохоор шийдвэрлэснээ Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Д.Мандах хэвлэлийнхэнд танилцууллаа.
Оны эхний долоон сарын байдлаар зах зээлд 131,6 мянган тонн гурил нийлүүлснээс 58,5 хувь буюу 77 мянган тонныг нь дотооддоо үйлдвэрлэсэн.Манай нийт зах зээлийн 22,9 хувийг “Алтантариа” ХХК, 19,6 хувийг “Таванбогд трейд” ХХК, 11 хувийг “Алейск импекс” ХХК, 9,2 хувийг “Өег” ХХК, 6,5 хувийг “Милл хаус” ХХК хангаж ирсэн байна. Тэгэхээр гурилын зах зээлдээ л дээгүүрт жагсдаг хэдхэн үйлдвэр нь санаа, үг нэгдэн гурилын үнийг нэмчихлээ гэсэн олны хардлага бодитой болох нь тогтоогдлоо гэж албаны хүмүүс хэлж байна. Харин эдгээр газруудад хүлээлгэх хариуцлагын хувьд өмнөх хуулинд зааснаар 250 мянган төгрөгийн торгууль ногдуулсан нь хэрэглэгчдийг басамжилсан, компаниудад олз болсон мэт. Энэ талаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга тайлбарлахдаа:
-“Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга болох “Өрсөлдөөний тухай хууль”-ийг УИХ 2010 оны зургадугаар сарын 10-ны өдөр баталсан. Гэвч Монгол Улсын Үндсэн хуулийн 26,3-т заасны дагуу уг хууль Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдсэнээс хойш 10 хоногийн дараа хүчин төгөлдөр үйлчилж эхлэх учиртай. Шинэ хуулийг долдугаар сарын 28-ны өдрийн Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэсэн бөгөөд наймдугаар сарын 8-наас хүчин төгөлдөр болсон. Гэтэл гурилын үнийг гэнэт нэмсэн үйлдэл нь наймдугаар сарын 2-ны өдөр буюу шинэ хуулийг мөрдөж эхлэхээс өмнө болсон хэрэг. Иймд шийдвэрийг хуучин хуулийн дагуу гаргасан.
-Тэгвэл дээрх компаниудыг хуулийн цоорхойг ашигласан гэж ойлгож болох уу. “Хууль чангарах тусам хулгайч нарын арга нарийсдаг” гэдэг шиг гурил үйлдвэрлэгч компаниуд шинэ хууль батлагдахаас өмнө үнээ нэмж ашиг олсон хэрэг биш үү?
-Үүнийг бид хариулах боломжгүй. Ямартай ч гурилын үнийг нэг өдөр нэмсэн нь тогтоогдсон тул дээрх арга хэмжээг авсан. Түүнчлэн наймдугаар сарын 7,8-ны амралтын өдрүүдэд “Алтантариа”, “Улаанбаатар” гурил үйлдвэрүүд болон ОХУ-аас гурил импортлогч томоохон компаниуд гурилын худалдаагаа нэгэн зэрэг түр зогсоосон нь сүлжээ дэлгүүрүүд болон худалдааны төвүүдэд хийсэн судалгаагаар нотлогдсон. Түр зогсолтын дараа наймдугаар сарын 9-ний өдөр “Алтантариа” ХХК гурилын үнээ дахин 130-160 төгрөгөөр нэмсэн. Иймд дээрх команиуд борлуулалтаа түр зогсоосон нь “Өрсөлдөөний тухай хууль”-ийн 11.1.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзэх магадлалтай байгаа тул шалтгааныг тогтоохоор бид ажиллаж байна.
-Хэрэв энэ үйлдэл нь үгсэн хуйвалдсан хэлбэр гэдэг нь тогтоогдвол шинэ хууль үйлчлэх үү?
-Дээрх аж ахуйн нэгжүүдийн хийсэн үйлдэл нь нотлогдвол “Өрсөлдөөний тухай хууль”-ийн 27.1.1-д заасны дагуу аж ахуй эрхлэгчийн тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын зургаа хүртэл хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хууль бусаар олсон орлого, эд зүйлийг нь хураах хүртэл хариуцлага хүлээлгэнэ.
-“Алтантариа” хоёр удаагийн үйлдлээр бүтээгдэхүүний үнээ бараг 50 хувиар нэмсэн гэлээ. Тус компанийг монополь байдлаа ашигласан гэж үзэх үндэслэлтэй юү?
-“Алтантариа” ХХК нь улаан буудайн гурилын 25 орчим хувийг эзэлдэг. Тус компанийг хуулийн дагуу давамгай байдалтай аж ахуйн нэгжид тооцож байгаагүй ч зах зээлд нөлөөлж буй өнөөгийн байдлаар нь шинээр мөрдөгдөж буй хуулийн дагуу зах зээлд давамгай байдлатай гэж үзэж болохоор байгаа. Тус компанийг давамгай байдалтай гэж үзвэл бүтээгдэхүүнийхээ үнийг огцом нэмсэн, нийлүүлэлтээ хязгаарласан үйлдэл нь хууль зөрчсөн байж болзошгүй байна. Иймд тус компанийнханд бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсэн шийдвэрээ эргэн харж, хэрхэн шийдвэрлэснээ хоёр хоногийн дотор буюу наймдугаар сарын 18-ны дотор мэдэгдэхийг шаардаад байна гэлээ.
Харин энэхүү мэдээллийг “Алтантариа” компанийн зүгээс эсэргүүцсэн бөгөөд ийн худал ташаа мэдээлэл цацаж байгаагийн эсрэг хууль, шүүхийн байгууллагад хандана гэв.
Гурил үйлдвэрлэгч зарим компани Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болоод Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газартай гэрээ байгуулан гурилын үнээ эргэж бууруулахаар болсон байна. Тэд улаанбуудайг тонн тутмыг нь 220 мянган төгрөгөөр худалдан авч, харин гурилын үнээ бууруулахаар болжээ. Хамгийн их хэрэглэдэг нэгдүгээр зэргийн гурилын үнийг 480 төгрөгт барихаар болсон байна. Энэ үнэ дээр тухайн борлуулагч тээврийн зардал, ашгаа нэмлээ гэхэд 20-40 төгрөгөөс хэтрэхгүй гэж Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрынхан тооцоолжээ. Харин байдал ямар байгааг бид мэдээлэл өгсөн газраас 100 гаруйхан метрийн зайд орших “Бөмбөгөр “худалдааны төвөөс сурвалжиллаа.
“Улаанбаатар” гурил олдоц муутай байна
Яг долоо хоногийн өмнө “Бөмбөгөр” худалдааны төвийн гурилын худалдаалагчидтай уулзан сурвалжилж явахад хөл ихтэй, хүмүүс ч бухимдуу байсан бол өчигдрийн хувьд бухимдах ч хүнгүй эл хульхан орчин угтсан юм. Хэдэн худалдагч нар нь бие биесээ цаашлуулан наадаж цагийг өнгөрөөж харагдана. Лангуунуудад хураасан гурилын ихэнх нь “Алтантариа “ХХК” гэсэн шошготой байх юм. ОХУ-аас импортоор оруулж ирсэн гурил бас багагүй байлаа. Харин үнэ ханшаа бууруулахаар амласан “Улаанбаатар”, “Милл хаус” компаниудын гурил тун ховор байх юм. “Улаанбаатар гурил” үйлдвэрийн 25 кг-аар савласан гурилыг 13 мянган төгрөгөөр борлуулж байгаа нь кг тутам нь 520 төгрөг болж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрынхны мэдээлсэнтэй үнийн хувьд дүйж байв. Гэвч хамгийн их эрэлттэй 10 кг-ын савлагаатай гурил тасарчээ. Таван кг-аар савласан нь 3500 төгрөгөөр зарагдаж байгаагаас кг тутмын үнэ өсч, 700 төгрөгт хүрсэн байлаа. Харин “Алтантариа” ХХК-ийн дээд болон нэгдүгээр зэргийн гурил долоо хоногийн өмнөхтэй ижил 700-800 төгрөгийн үнэтэй байгаа бол хоёрдугаар зэргийн гурил кг нь 500 төгрөг болон хямдарч 100 төгрөгөөр буурчээ. “Милл хаус” болон бусад хувийн үйлдвэрийн гурилын бараа сураг ч алга. Тэдгээрийг санаж сэрэн асууж байгаа хүн ч тааралдсангүй. Худалдагчид олдоцтойгоор нь “Алтантариа”-н гурилаар лангуугаа дүүргэсэн байлаа. Ямартай ч гурилын үнэ буурах магадлалтай гэдгийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрынхан хатуу мэдэгдэж байгаа. Тус газраас явуулсан судалгаагаар манай улсын улаанбуудайн гурилын жилийн хэрэгцээ 240 орчим тонн байдаг ажээ. Өнгөрсөн онд монголчууд 211 мянган тонн гурил “идсэн”. Одоо байгаа гурил, улаан буудайн нөөц, энэ намар хураах ургац зэргийг тоовол ойрын хоёр жилдээ гурилын нийлүүлэлтэд доголдол гарахгүй гэж тэд мэдэгдэж байна. Харин худалдааны төвүүдэд байдал эсрэгээрээ шахам байгаа нь компаниудын бас нэгэн башир арга уу, төрийн албаныхны түр тайвшруулалт байв уу гэдгийг бид эргэн мэдээлэх болно.
Д.Цээпил