Үнийн хөөрөгдлөөр амьсгалсан өдрүүд

Хуучирсан мэдээ: 2010.08.16-нд нийтлэгдсэн

Үнийн хөөрөгдлөөр амьсгалсан өдрүүд

БУРУУТНЫГ ОЛЖ ЧАДСАНГҮЙ

Эдийн засгийн салбарт өнгөрсөн долоо хоногт өрнөсөн гол үйл явдлын нэг нь яах аргагүй гурилын үнийн өсөлт байлаа. Хаврын хавсрагатай зэрэгцэн тэнгэрт хадаж байсан махны үнэ аажим аажмаар буурч, бусад өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ ч харьцангуй тогтворжиж байтал гурилын үнэ гэнэт өсөв. Энэ сарын эхний долоо хоногт нийслэлийн зах, худалдааны төвүүдэд килограмм нь дунджаар 450 төгрөгөөс хэтрэхгүй байсан гурилын үнэ хоёр дахь долоо хоногоос 20-240 төгрөгөөр нэмэгдсэн юм. Үүний шалтгааныг ОХУ-д ган гачиг болохын зэрэгцээ олон мянган түймэр асч ихээхэн хэмжээний хохирол амссан, дэлхийн зах зээлд улаанбуудайн үнэ хэт өссөнөөс үүдэлтэй мэтээр зарим хүн тайлбарлаж байв. Хэдийгээр дээрх шалтгаанаас үүдэн ОХУ улаанбуудайн экспортдоо түр хугацаагаар хориг тавьсан нь үнэн боловч манай улсад гурилын үнэ өсөх гол шалтгаан болж чадахгүй юм.

Үйлдвэрлэгчид болон ченжүүд гурилын үнийг анх хөөрөгдсөн буруутнаар бие биенийгээ цоллож, нэр цэвэр үлдэхийн төлөө хэрэндээ л үзэлцэв. Гэвч манай улсын Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар ийм тохиолдолд жинхэнэ гэмтэнд зохих хариуцлагыг хүлээлгэж чаддаггүй болохоор тэгсхийгээд асуудал намжиж байх шиг байна. Нэгэнт л өссөн үнийг эргээд буулгана гэсэн ойлголт байдаггүй хойно эцсийн дүндээ хэрэглэгчид л хохироод үлдэв. Харин өнгөрсөн мягмар гарагт Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг дэмжих газар болон Тариалан эрхлэлтийг дэмжих сангийнхан дотоодын гурил үйлдвэрлэгчидтэй уулзаж, килограмм гурилыг үйлдвэрээс борлуулах үнийг 480 төгрөгөөс хэтрүүлэхгүй байхаар гэрээ хийсэн юм. Өдгөө гэрээ ёсоор үндэсний голлох үйлдвэрлэгчид болох “Улаанбаатар гурил”, “Милл Хаус” зэрэг компаниуд килограмм гурилаа 480 төгрөгөөр борлуулж байгаа. Харин ченжүүд жижиглэнгээр борлуулах үнээ бууруулахгүй л байна.  

ХУВЬ НИЙЛҮҮЛЭГЧДИЙН ХУРАЛ ХОЙШЛОВ

“АНОД” банк ХК-ийн хувь нийлүүлэгчдийн ээлжит бус хурлыг өнгөрсөн пүрэв гарагт хийхээр товлосон байв. Хурлаар тус хувьцаат компанийн санхүүгийн байдал болон өнгөрсөн долдугаар сарын 23-нд “АНОД” банкийг албадан татан буулгах тухай Монголбанкны Ерөнхийлөгчийн гаргасан 446 тоот шийдвэрийн талаар хэлэлцэж, хувьцаа эзэмшигчдэдээ мэдээлэл өгөхөөр төлөвлөөд байсан юм. Гэсэн ч хурал болоогүй. Хурлыг зохин байгуулах комиссынхон “Жижиг хувьцаа эзэмшигчдийн хүсэлтээр хурлыг хойшлуулсан” гэсэн тайлбар өгч байгаа. Гэхдээ бодит байдал дээр жижиг хувьцаа эзэмшигчид хурлаа хойшлуулах бус, аль болох түргэхэн шиг хуралдаж, асуудлаа шийдэхийг хүсч байгаа нь хэнд ч ойлгомжтой. Харин томоохон хувь эзэмшигчид л өөртөө ашигтай хувилбарыг хайн цаг хожихын тулд уг хурлыг хойшлуулсан гэвэл арай илүү үнэнд нийцэх болов уу. Ямартай ч “АНОД”-ын асуудал цэгцэртэл нэлээд хугацаа шаардлагатай бололтой.

КАНАДУУД ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫГ СОНИРХОЖ ЭХЭЛЛЭЭ

Сүүлийн үед эдийн салбарыг дэмжих зорилго бүхий үзэсгэлэн яармаг ихэвчлэн уул уурхайн сэдвийг хамардаг болсон. Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн баасан, бямба гарагт манай улсын эдийн засгийн гол салбарын нэг хөдөө аж ахуй, газар тариалан эрхлэгчдэд зориулсан нэгэн үзэсгэлэн Сэлэнгэ аймагт боллоо. Үзэсгэлэнд Монголын 200 гаруй, Канадын 15 компани, аж ахуйн нэгж оролцжээ. Манай улсын уул уурхайн салбарт олон жил хамтран ажиллаж байгаа канадчууд энэ удаа хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулах, хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхийн зэрэгцээ өөрсдийн ашигладаг хөдөө аж ахуйн машин механизм, шинэ технологиудаа үзэсгэлэнгийн үеэр танилцуулсан байна. Тодруулбал, ган хайлуулагч, хад чулуу цэвэрлэгч, үтрэмийн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг шилдэг компанийн төлөөлөгчид ирсэн аж. “Атар III-2010” үзэсгэлэнг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Канад улсын Элчин сайдын яам, Сэлэнгэ, Төв аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулсан юм.

ТОП-20 ИНДЕКС ӨСӨВ

Монголын Хөрөнгийн бирж өнгөрсөн долоо хоногт таван удаа үнэт цаасны арилжаа явуулж, 33 хувьцаат компанийн 79.7 сая төгрөгийн үнийн дүн бүхий 399.9 мянган ширхэг хувьцааг арилжсан байна. ТОП-20 индекс 10204.47 нэгж байгаа нь өмнөх долоо хоногийнхоос 98.01 нэгжээр буюу 0.96 хувиар өссөн дүн юм. Индексийн сагсад багтах “Улаабаатар зочид буудал” /13.21/, “Гермес центр” /12.20/, УИД /10.47/, “Ремикон” /5.56/, “Мах импекс” /3.45/, МЦХ /3.03/, “Шарын гол” /2.44/, “Хөх ган” /1.31/ хувиар тус тус өссөн нь индексийн өсөлтөд нөлөөлжээ.
Зах зээлийн нийт үнэлгээ 7.2 тэрбум төгрөгөөр буюу .084 хувиар өсч, 860.5 тэрбум төгрөг болсон байна. Нийт 33 үнэс цааснаас 16 үнэт цаасны ханш өсч, долоон үнэт цаасны ханш буурч 10 үнэт цаасны ханш тогтмол байлаа. “Гермес центр” ХК 137.1 мянган ширхэг хувьцаа арилжсан нь хамгийн олонд тооцогдож байна. Үнийн дүнгээр “Хөх ган” ХК 17.1 сая төгрөгийн хувьцаа арилжсан нь хамгийн өндөрт тооцогдож байна.
 

НЕФТЬ ИМПОРТ НЭМЭГДСЭЭР БАЙНА

Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн долоо хоногт Гаалын орлогын энэ оны хагас жилийн гүйцэтгэлийг танилцуулсан. Орлогын гүйцэтгэлийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад орлого 63 хуву 136.2 тэрбум төгрөгөөр өсчээ. Орлогыг төрлөөр нь авч үзвэл экспортын татвар 488.7 сая төгрөгөөр буурсан байна. Харин импортын шар айрагны онцгой албан татвар 425.6 сая, автомашины онцгой албан татвар 9383.6 сая, гаалийн татвар 28728.4 сая төгрөгөөр нэмэгджээ. Түүнчлэн нефть импортийн хэмжээ 16.5 хувь буюу 44.9 мянган тонноор өссөн байна. Энэ оны хагас жилийн байдлаар гаалийн байгууллага улсын төсөвт 315 тэрбум, 726 сая төгрөгийн орлого оруулжээ.

Ч.ДАШДЭЛЭГ

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж