Б.Батцэцэг олимпийн аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2010.08.16-нд нийтлэгдсэн

Б.Батцэцэг олимпийн аварга боллоо

Бээжингийн олимпийн наадмаас түүхэндээ анх удаа олимпийн алтан медалийг ихэрлүүлэн хүртэж байсан монголчууд бид ердөө хоёр жилийн дараа их спортын ирээдүй, залгамж халаа болсон өсвөрийн тамирчдынхаа дундаас олимпийн цэл залуухан аваргатай боллоо.

Олон улсын олимпийн хорооны шийдвэрээр их спортын залгамж халаа, ирээдүйн олимп, дэлхийн аваргуудад итгэл урам хайрлаж, тэднийг мэргэжлийн өндөр төвшинд бэлтгэхэд чиглэн, энэ жил анх удаа Хүүхдийн олимпийн наадмыг санаачлан, Сингапур улсад зохион байгуулж байгаа билээ.

Хүүхдийн спортын анхдугаар наадмын хоёр дахь өдөр буюу өнөөдөр бөхийн чөлөөт барилдааны эмэгтэйчүүдийн 60 кг-ын жинд өрсөлдсөн Баатарзоригийн Батцэцэг Энэтхэгийн бөхийг аваргын төлөөх шийдвэрлэх барилдаанд ялснаар монгол охин олимпийн тэнгэрт алтан соёмбот далбаагаа мандуулж, төрийнхөө сүлд дууллыг эгшиглүүллээ.  

Манай тамирчин B хэсэгт өрсөлдөж, эхний тойрогтоо Шинэ Зеландын бөх Таяла Фордыг 3:0, дараагийн тойрогт Гвинейн Соуаре Аминатаг цэвэр ялж, улмаар Европын өсвөрийн аварга, Оросын Светлана Липатоваг оноогоор ялжээ. Ингээд хэсгийн аваргын төлөө Нигерийн тамирчин Кристиана Виктортой барилдан, 3:1-ээр ялснаар, А хэсгээс нэгээр гарч ирсэн Энэтхэгийн бөх Поожа Дандатай алтан медалийн төлөө барилджээ. Нэгдүгээр үед манай тамирчин 2:1-ээр ялж, 2-р үед 1:0-ээр ялагдан, шийдвэрлэх 3-р үед
аварга тодрохоор болсон. Хэн хэн нь оноо авалгүй цаг дууссан ба барьц
сонгон манай тамирчин түрүүлж оноо авснаар их спорт, олимпизмын түүхэн дэх Хүүхдийн анхдугаар олимпийн аварга болж, бас нэгэн шинэ түүх эхлүүллээ.

Өдгөө 17 настай Б.Батцэцэг нь дасгалжуулагч Д.Мөнхбаярын удирдлагад бэлтгэл, сургуулилтаа базаадаг, Налайх дүүргийн тамирчин юм. Тэрбээр Хүүхдийн олимпийн наадамд өрсөлдөх эрх хүртсэн Монголын гурав дахь тамирчин бөгөөд өнгөрсөн тавдугаар сард Узбекстаны Ташкент хотноо болсон “Сингапур-2010” хүүхдийн олимпийн эрх олгох чөлөөт бөхийн Азийн бүсийн тэмцээнээс хүрэл медаль хүртсэнээр хүүхдийн олимпийн наадамд өрсөлдөх эрхтэй болсон юм. Хүүхдийн олимпийн наадамд дэлхийн 204 орны 14-18 насны 3531 өсвөрийн тамирчин спортын 26 төрөлд 184 багц медалийн төлөө өрсөлдөж байгаагийн дотор Монгол Улс өсвөрийн 11 тамирчнаа сойж байгаа билээ.

Б.Бадмаа

Фото зургийг энд дарж үзнэ үү

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж