Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг руу өнөө өглөө 08.45 цагийн орчимд явж байсан “Хонда срү” маркийн авто машин 61-ийн гарам орчимд осолдож, 10 настай хүүхэд эндэж, дөрвөн хүн хүнд гэмтэл аван, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн байна.
Замын цагдаагийн газраас авсан мэдээллээр хүүхэд авто машины цонхоор шидэгдсэнээс газар дээрээ амиа алджээ. Газар дээр нь ажилласан шинжээчдийн урьдчилсан дүгнэлтээр жолооч хурд хэтрүүлэн давхисан нь осол гарах үндсэн шалтгаан болжээ гэжээ. Мөн хүүхдэд хамгаалалтын бүс зүүлгээгүй байсан нь цонхоор шидэгдэж амиа алдахад хүргэсэн байна.
Орон нутгийн замд жолооч нар хурд хэтрүүлэн давхиж, зарим тохиолдолд гүйцэт түрүүлэх хөдөлгөөнийг хийснээс нарийнхан замд осол гарч эрүүл мэндээрээ хохирох тохиолдол олонтаа давтагдаж буй тул аль болох хурд багатай явахыг жолооч нарт Замын цагдаагийн газраас анхааруулж байна.
Г.Дарь