Гурилан бүтээгдэхүүний үнэ хэлбэлзэж байна

Хуучирсан мэдээ: 2010.08.16-нд нийтлэгдсэн

Гурилан бүтээгдэхүүний үнэ хэлбэлзэж байна

Улаанбуудайн гол экспортлогч ОХУ экспортоо зогсоохоо мэдэгдсэнээс хойш гурил, гурилан үнэ нэмэгдэж магадгүй гэсэн таамаг гараад байсан. Ингээд дэлхийн зах зээл, хөрш улсуудад гурил, гурилан бүтээгдэхүүний үнэ ямар байгааг мэдээлж байна.

Эстонид: Эстонийн зарим үйлдвэрлэгчид намраас бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэхээр төлөвлөж байна гэж мэдэгдээд байна. Энэ нь Эстони еврозоны гишүүн болж чадах эсэх тухай асуудалд ноцтой нөлөө үзүүлэхгүй ч тус улсын бизнесүүд, хэрэглэгчдийн хувьд муу мэдээ болж байна. Дэлхийн зах зээл дээр улаанбуудайн ханш өсөөд байгаатай холбоотойгоор Эстонийн шар айрагны хамгийн том үйлдвэрлэгч “Саку Оллетхас”  компани намраас шар айрагны үнээ 0.5-аас 1 кроноор өсгөнө гэж мэдэгдсэн байна.

Орост: Ган, түймэрт өртсөн мужуудад гурилын ханш өссөн байна. Хэдхэн хоногийн өмнө нэг ширхэг талх Москва хотод 15 рубль байсан бол одоо 18 рубль бол, үнэ нь 20 хувь өсөөд байна. Оросын талхны худалдаачид талхны үнэ цаашид өсч болзошгүй гэж худалдан авагчдадаа сануулаад байна. Гурилын үнэ чанар, төрлөөсөө шалтгаалаад 30-50 хувь өсөөд байгаа тул гурилан бүтээгдэхүүний ханш ойролцоогоор 12 хувь өсөөд байна гэж Москва хотын нэгэн дэлгүүр сануулах самбартаа анхааруулсан байна гэж “AFP” агентлаг мэдээлэв.
Орос улс даяар талхны үнэ ханш өсөөд байгаа асуудлаар Оросын Засгийн газар баасан гаригт хуралдаад “Оросын холбооны монополийн эсрэг албыг зах зээл дээр ган, түймрээр шалтаглан бүтээгдэхүүний үнийг 20 хувь хүртэл хэмжээгээр хөөрөгдөж байгаа хувь хүмүүс, байгууллагуудад арга хэмжээ авах шийд гаргасан байна.

Орост энэ жил инфляци албан ёсны дүнгээр 6-7 хувь байгаа нь өмнө байгаагүй доогуур үзүүлэлт бөгөөд Оросын Засгийн газар энэ хэмжээг өсгөхгүй бодлого баримталж байна. “Шударга бус зах зээлийн оролцогчид хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулахад анхаарах хэрэгтэй. Үгүй бол тэд бүтээгдэхүүн дамласнаасаа илүү олон дахин нугалсан төлбөр, торгууль төлөх болно” гэж ОХУ-ын ерөнхий сайд Владимир Путин баасан гаригт Монополийн эсрэг албаны дарга Игорь Артемеевтэй уулзахдаа мэдэгдсэн байна. Артемеев Татарстан, Курск, Магадан мужуудад олон арван компаниудын эсрэг хэрэг нээж шалгаж эхлээд байна гэж Путинд танилцуулсан байна. Түүнчлэн Москва хотын өрсөлдөөний албаны ажилтнууд талхныхаа үнийг бараг 20 хувь өсгөөд байгаа жижиг талхны газрууд, цехүүд дэлгүүрүүдийн эсрэг хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

Долоогоос наймдугаар сарын хооронд Москва хотод талхны үнэ 10-15 хувиар нэмэгдсэн байна гэж Монополийн эсрэг албаныхан ярьж байна. Харин Оросын зарим бизнес эрхлэгчид гурилан бүтээгдэхүүний үнийн талаар өөр байр суурь илэрхийлж байна. “Нэг тонн гурил зургадугаар сард 6,000 рубль байсан. Харин одоо 10,500 рубль болж үнэ нь 75 хувиар нэмэгдээд байна. Ийм байхад талхны үнэ яах билээ? Талхыг гурилаар хийдэг биз дээ” гэж Оросын зарим талх үйлдвэрлэгч ярьж байна.

Их Британи: талх, пивоны үнэ төдийлөн өсөхгүй гэж Британийн Линкольншайр нутгийн фермерүүд ярьж байна. Орос улс улаанбуудайн экспортдоо хориг тавьсан, Канадад хөдөө аж ахуйн ургац нь үерт сүйдсэн зэрэг мэдээтэй холбоотойгоор Их Британид нэг тонн улаанбуудайн ханш 100 паундаас167 паунд болж өсөөд байна. 2007 оны үед үүнтэй төстэй асуудал тулгарахад супермаркетуудаас илүү өндөр үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэгчид худалдаж авахад хүрч байсан бол харин энэ жил тийм байдал давтагдахгүй гэж Линкольншайрын фермерүүд ярьж байна. Их Британийн “Үндэсний Фермерүүдийн Эвлэлийн” дарга Марк Леготт Линкольншайрын мэдээллийн агентлагт ярилцлага өгөхдөө “Их Британид эрэлт хэрэгцээгээ хангах нийлүүлэлт хангалттай бий. Улаанбуудайн ханш өсч байгаа нь Орост тохиолдож байгаа зүйлс болон зах зээл дээр түүхий эдийн брокерууд ханшны зөрүүний бизнес хийхээр оролдож байгаатай холбоотой. Улаанбуудайн ханш 167 паунд болсон ч буцаж бууж эхлээд байна. Тээрэмдэгчид болон шар айраг нэрэгчид буудайгаа өмнөх ханшаар худалдаж аваад хадгалчихсан байгаа болохоор ойрын хугацаанд бүтээгдэхүүний үнэ өсөх үндэслэл байхгүй. Энэ намар Их Британи болон Европ ургац сайн авбал улаанбуудайн ханш дахин буух болно” гэж ярьж байна. Талх, шар айрагнаас гадна өөр нэг салбарт үнийн хэлбэлзэл гарч магадгүй нь мах болон тахианы махны зах зээл гэж тэр сануулж байна. Учир нь тэдгээр фермүүдэд гурил үйлдвэрлэхэд гардаг тэжээлийг их хэмжээгээр ашигладаг бөгөөд гурилын үнэ нэмэгдэх нь дам дамандаа махны үнэнд нөлөөлж магадгүй гэж ярьжээ.

Тодруулга: Баасан гаригт АНУ-ын зах зээл дээр нэг бушель (27.1 кг) улаанбуудай 8.41 ам.доллар хүрсэн байна. Даваа гаригт Оросын рубль 42 төгрөг, Их Британийн паунд 1999 төгрөгний ханштай байлаа.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж