Хятад“iPhone” 57 ам.долларын үнэтэй

Хуучирсан мэдээ: 2010.08.16-нд нийтлэгдсэн

Хятад“iPhone” 57 ам.долларын үнэтэй

“iPod” чинь “iPhone” утас шиг байгаасай гэж хүсч байсан уу? Тэгвэл тийм боломж бий боллоо. Хятадын нэгэн компанийн бүтээсэн “Apple Peel 520” төхөөрөмж ийм боломж олгож байна. Хятадын өмнөд хэсэгт амьдардаг 22 настай программистын зохион бүтээсэн төхөөрөмж “Apple iPod Touch”-ын гадна давхар гэрт суурилуулан нэмэлт үйлдлүүд хийх боломжтой болгосон байна.

“Apple Peel 520” гэр нь баттерей, суурь залгууртай бөгөөд дуудлага хийх боломж олгосон SIM карттай. Хэрэглэгчид мөн текст мессеж явуулах боломж олгох тусгай программ суулгаж болно. Тохируулгыг нь бүрэн хийн, цэнэглэсний дараа “Apple Peel”-ээр таван цаг тасралтгүй ярьж болно. Эсвэл хүлээлтийн горим дээрээ 120 цаг ажиллана.

Хятадад өргөн ашигладаг QQ месенжер ашиглан уг төхөөрөмжийг зохион бүтээсэн хүнтэй “CNN” агентлаг холбогдон асуултдаа хариулт авсан байна. (тэрээр утсаар ярихаасаа татгалзсан бөгөөд “Maxpy” гэдэг онлайн нэрээр холбогдсон байна) Яагаад “Apple Peel 520”-ийг бүтээх болсон талаар түүнээс тодруулахад үүний гол шалтгаан нь эдийн засаг байсан: “Би iPhone-д дуртай ч Хятадад энэ их үнэтэй” гэж ярьжээ. Макспи энэ төхөөрөмжөө өнгөрсөн оны дөрөвдүгээр сард угсарч эхэлсэн бөгөөд одоогоос сарын өмнө онлайнаар хэрэглэгчдэд танилцуулсан. “Yosion Technology” хэмээх өөрийн үүсгэн байгуулсан компаниар дамжуулан үйлдвэрлэж, нийлүүлж байна.

АНУ-д худалдаанд гарснаасаа хойш хоёр жил гаруйн дараа өнгөрсөн оны аравдугаар сард “iPhone” гар утсыг албан ёсоор танилцуулсан. “iPhone” гар утас АНУ-д 588-аас 740 ам.долларын үнэтэй байгаа бол “iPod Touch” 235 ам.доллар хавьцаа үнэтэй байна. Харин “Apple Peel” 57 ам.доллараар Хятадад зарагдаж байна. “Apple Peel” Хятадын хэрэглэгчдийн сонирхлыг хэр татах нь одоогоор тодорхойгүй байна. Макспи одоогоор ердөө 150 орчим ширхэг төхөөрөмжийн урьдчилсан захиалга аваад байгаа гэнэ. Хэдийгээр эдгээр төхөөрөмжийг бөөнд нь үйлдвэрлэхээр Макспи сонирхож байгаа ч эхлээд ямар нэг зохиогчийн эрхтэй холбоотой асуудал үүсэх эсэх тухай асуудлыг нэг тийш нь цэгцлэхээр төлөвлөж байгаа гэнэ.

Энэ төхөөрөмжийн талаар “CNN” агентлаг “Apple” компанийн Бээжин, Хонг Конг дахь төлөөлөгчидтэй холбон тэдний байр суурийг сонсохоор оролдсон хэдий ч одоогоор “Apple” энэ талаар мэдэгдэл гаргаагүй байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж