Сүүлийн үеийн эдийн засгийн статистик мэдээллүүдээс үзвэл АНУ-ын эдийн засгийн төлөв байдал бүүдгэр байгаа бол Атлантын далайн нөгөө талд, Герман гэсэн ягштал ажиллаж байгаа хөдөлгүүртэй еврозоны эдийн засаг урагшилсаар байна. Гадаад худалдааны алдагдал улам бүр нэмэгдэж байгаатай холбоотойгоор АНУ-ын эдийн засгийн хоёрдугаар улирлын өсөлт өмнөхөөс бага байх болно гэж эдийн засагчид үзэж байна. “Европын зээлийн зах зээлтэй холбоотойгоор АНУ-ын эдийн засаг удааширч эхэлсэн. Тэгтэл Европын эдийн засаг дахин өсч эхлээд байхад АНУ-ын өсөлт доогуур байна” гэж Нью-Йорк хотод байрладаг “MF Global” компанийн ахлах эдийн засагч Жим О’Сулливан ярьж байна.
АНУ-д ажилгүйдэл 9.5 хувьтай байгаа бөгөөд Вашингтон эдийн засагтаа сэргээх нэмэлт санхүүжилтын талаар хэлэлцэж эхлээд байна. АНУ-ын төв банкны бодлого Японы иенийн ханшинд шууд нөлөө үзүүлж, өнгөрсөн долоо хоногт иен сүүлийн 15 жил байгаагүйгээр ханш чангараад байна. Японы ерөнхий сайд Наото Кан, Японы төв банкны захирагч Масааки Ширакава нар энэ асуудлаар ойрын үед хэлэлцэхээр төлөвлөж байна. Түүнчлэн АНУ-ын эдийн засаг эрчээ авахгүй бол өсч байгаа Европын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх болно гэж эдийн засагчид болгоомжилж байна.
Т.Бадрах