
Анх 1992 онд Английн хөлбөмбөгийн топ зэрэглэлийн клубуудын өрсөлдөх Премьер лигийн систем бий болсноос хойш энэ жил 19 дэх удаагаа зохион байгуулагдаж байна. Өнгөрсөн жилийн аварга Лондонгийн “Челси” клуб энэ жил аваргаа хамгаалан өрсөлдөх учиртай. Мөн 1992 оноос хойш 11 удаад нь түрүү авсан “Манчестер Юнайтед” гол өрсөлдөгчдийн нэг байх нь гарцаагүй. Түүнчлэн зуны арилжаа, наймааны үеэр их хэмжээний мөнгө зарлагадаж, олон шилдэг тоглогчдыг эгнээндээ элсүүлсэн “Манчестер Сити”, дээр нь “Арсенал”, “Ливерпуль” зэрэг хууччуул цомын төлөөх гол өрсөлдөөний гол баатрууд байх болов уу.
Шинэ улирал албан ёсоор наймдугаар сарын 14-нд эхэлсэн бөгөөд лигийн сүүлийн тоглолт ирэх оны тавдугаар сарын 22-нд болно. 2010/11 оны улиралд нэгэн шинэ дүрэм хэрэгжих болсон нь Премьер лигт тоглож буй багууд 25 хүний бүрэлдэхүүнтэй байх ба тэдний дунд хамгийн багадаа найман тоглогч 21 нас хүрэхээсээ өмнө дотоодын клубтээ дор хаяж гурван улиралд бүртгэлтэй байсан гэсэн шаардлага тавьж байгаа юм. Энэ нь Премьер лигийн клубуудын залуу тоглогчдын хөгжилд эерэг нөлөө үзүүлэх чухал алхам ажээ.

Шинэ улирлыг нээж, “Манчестер Сити” “Тоттенхэм”-ийн талбайд зочилсон юм. Шинэ улирлын эхний өдөр нийт найман тоглолт болсноос өнгөрсөн улирлын аварга “Цэнхрүүд” Стэмфорд Бриж цэнгэлдэхдээ “Уэст Бром”-ыг хүлээн авч тоглон, бут ниргэсэн. Харин өчигдөр Английн хөлбөмбөгийн ногоон талбайд өрнөсөн ганц тоглолт нь “Ливерпуль” болон “Арсенал”-ын хоорондох сонгодог тулаан /дугаар шилжих мөчид тоглолтын дүн гараагүй байв/ байлаа.
Эхний өдрийн тоглолтоос “Астон Вилла”, “Блэкбурн”, “Блэкпуль”, “Вулверхэмптон” болон “Челси” багууд өрсөлдөгчөө хожиж, анхны гурван оноогоо авснаас “Уэст Бром”-ыг 6:0-ээр бут ниргэсэн “Цэнхрүүд” Премьер лигийн хүснэгтийг манлайлж эхэлсэн юм. Өнгөрсөн улирлын “Мэргэн бууч” Дидье Дрогба шинэ улирлын гараагаа тун ч амжилттай эхлүүлж, хет-трикийн эзэн болсныг дурдах нь зүйтэй. Бусад тоглолтын тухайд “Тоттенхэм” талбайдаа “Ман Сити”-тэй, мөн “Сандерлэнд” талбайдаа “Бирмингхэм”-тэй тэнцсэн бол “Болтон”, “Фулхэм” нар гоолгүй тэнцсэнээр оноо хуваасан юм.
Бямба гаригт болсон тоглолтын дүн:
“Тоттенхэм” 0 – 0 “Манчестер Сити”
“Астон Вилла” 3 – 0 “Уэстхэм Юнайтед”
“Блэкбурн” 1 – 0 “Эвертон”
“Болтон Вандерерс” 0 – 0 “Фулхэм”
“Сандерлэнд” 2 – 2 “Бирмингхэм”
“Уиган Атлетик” 0 – 4 “Блэкпуль”
“Вулверхэмптон” 2 – 1 “Стоук Сити”
“Челси” 6 – 0 “Уэст Бромвич Албьон”
С.Цэлмэг