
“Иргэн хүнийхээ хувьд, ерөнхийлөгчийн хувьд би Исламчууд өөрсдийн шашнаа энэ улсад байгаа бусад шашин шүтэгчтэй ижил тэгш эрхтэйгээр шүтэх эрхтэй гэж итгэдэг. Энэ нь доод Манхеттэн дүүргийн хувийн өмчийн газарт шашны барилгыг орон нутгийн хууль, журмын дагуу барьж болно гэсэн үг. Энэ бол Америк. Шашны эрх чөлөөтэй байдлыг баримтлах үзэл маань ганхашгүй байх болно” хэмээн Нью-Йорк хот болон улс даяар хэлэлцэгдэж байгаа халуун маргааны талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн байна. Исламын шашны ариун Рамадан сарыг Цагаан Ордныхоо Төрийн Зоогийн танхимд хүндэтгэл үзүүлэн ёслон тэмдэглэх үеэрээ Обама ийнхүү ярьсан байна.
2001 оны 9 сарын 11-нд болсон террорист халдлагын улмаас 3,000 орчим хүн нас барсан хоёр цамхгаас холгүй газар 100 сая ам.доллараар Исламын шашны төв байгуулах гэж байгаа асуудлаар Цагаан Ордон өмнө нь байр сууриа илэрхийлээгүй байсан юм. Цагаан Ордны хэвлэлийн төлөөлөгч Роберт Гиббс энэ асуудлыг орон нутгийн шийдэх асуудал гэж ярьж байсан юм. Обамагийн энэ мэдэгдэл хэдийн халуун мэтгэлцээн өрнүүлж эхлээд байна. Бүгд Найрамдах намынхан болон Сара Палин, Ньют Гингрич нар Обамагийн үзэл бодолтой санал нийлэхгүй байгаагаа мэдэгдсэн байна. Түүнчлэн еврейн иргэний эрхийн бүлэг болох “Нэр төр буртаглахын эсрэг холбоо”-ноос Обамагийн шийдийг эсэргүүцсэн байна.
Нью-Йорк хотын дарга Майкл Блүүмберг Обамагийн шийдийг таатай хүлээн авч байгаагаа мэдэгдсэн бөгөөд “энэ бол шашин шүтлэгийн эрх чөлөөний асуудал” гэж ярьсан байна. Харин зарим Бүгд Найрамдах намынхан өөр бодолтой байна. “0-байршлын сүүдэр туссан газар моск барих нь мусулманьчууд хувьд бодлогогүй, хайхрамжгүй байдал гаргаж байгааг илэрхийлж байна. Мусульманчууд моск барих эрхтэй ч тэд энэ эрхээ буруу ашиглаж, үүгээрээ маш их шаналал амссан олон хүнийг давхар доромжилж байна” гэж ярьж байна.
Дахин сонгуулийн өмнөх жил ойртож байгаа тул энэ асуудлаар хэлэх түүний үг сонинуудын тэргүүн нүүрэнд бичигдээд зогсохгүй дэлхий даяарх мусульманчуудад сонсогдох болно гэдгийг мэдэж байгаа. Ерөнхийлөгч үүнийгээ ч мэдүүлэхийг хүссэн бөгөөд Баасан гаригт Цагаан Ордонд болсон хүлээн авалтанд исламын шашинт улсууд, тухайлбал Саудын Араб, Инденез зэрэг улсуудын 100 гаруй төлөөлөгч оролцсон бөгөөд Обама ерөнхийлөгчийг үг хэлснийх нь дараа зочид босож зогсож алга ташсан байна.
Моск барих талаар Обамагийн хэлсэн үг нь исламын ертөнцөд дэмжлэг авч байгаа бол харин Америкчууд энэ талаар өөр бодолтой байгааг санал асуулгууд харуулж байна. “CNN” агентлагийн явуулсан санал асуулгаас үзвэл санал асуулгад оролцсон америкчуудын бараг 70 орчим хувь нь моск барих төлөвлөгөөг эсэргүүцэж байгаа бөгөөд дөнгөж 29 хувь нь дэмжсэн байна. Түүнчлэн Ардчилсан намын олон тооны улс төрчид энэ асуудлаар байр сууриа илэрхийлэхээс зайлсхийгээд байна.
100 сая ам.доллараар моск барих “Cordoba Initiative” төсөл хэрэгжүүлэх гэж байгаа бүлгийнхэн үүнийгээ исламын соёлын төв байх бөгөөд зөвхөн мөргөлийн газар биш мөн усан бассейн, хоолны сургууль, урлагийн студиуд байх болно гэж төлөвлөсөн байна. 9 сарын 11-ны үйл явдлын дийлэнх хохирогчид болон моск барихыг эсэргүүцэгчид үүнийг исламын террористуудын халдлагаас болж нас барсан хохирогчдын дурсгалыг доромжилсон үйлдэл гэж үзэж байна. Гэвч 9-11-ны зарим хохирогч моск барихыг дэмжиж байна. Одоогоор моск барих төслийг санаачлагчид Нью-Йоркийн орон нутгийн зөвлөлөөс зохих зөвшөөрлүүд аваад байгаа ч Нью-Йоркийн Консерватив намынхан кампанит ажил зохион байгуулан энэ төсөлд хориг тавихаар төлөвлөж байна.
Т.Бадрах