Хүүхдийн анхдугаар олимп өнөөдөр хөшгөө нээнэ

Хуучирсан мэдээ: 2010.08.14-нд нийтлэгдсэн

Хүүхдийн анхдугаар олимп өнөөдөр хөшгөө нээнэ

Азийн “Арслан” хотноо өнөөдөр хүүхдийн анхдугаар олимпийн наадам хөшгөө нээх гэж байна. Олон улсын олимпийн хорооноос анх удаагаа зохион байгуулж буй хүүхдийн олимпийн наадамд дэлхийн 204 орны 14-18 насны 3531 өсвөрийн тамирчин хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмцэхээр Сингапурт цуглаад байна. Тэд спортын 26 төрөлд 184 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Дашрамд сонирхуулахад, ОУОХ-нд бүртгэлтэй 205 улс байдгаас бүгд хүүхдийн анхдугаар олимпод оролцохоор төлөвлөсөн байсан боловч Кувейт улсын олимпийн хороог улс төрийн нөлөөнд автсан хэмээн үзэж, ОУОХ-ноос түр хугацаанд уралдаан, тэмцээнд оролцох эрхийг нь түдгэлзүүлээд байгаа юм. Гэхдээ тус улсын өсвөрийн тамирчид энэ удаагийн хүүхдийн олимпод оролцоно, гэхдээ улсынхаа далбаа бус олимпийн далбаан дор өрсөлдөх ажээ.

Зохион байгуулагч Сингапураас нийт 129 тамирчин хүүхдийн олимпод оролцох бол Австралийн баг 100 хүний бүрэлдэхүүнтэй хүрэлцэн ирээд байгаа нь хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй багт тооцогдож байна.

Манай улсын тухайд тус наадамд нийт 11 тамирчнаа сойно. Жүдо, чөлөөт бөх, бокс, гимнастик, триатлон, усанд сэлэлт болон хөнгөн атлетик гэсэн спортын долоон төрөлд манай өсвөрийн тамирчид эх орноо төлөөлөн олимпийн дэвжээнд гарах учиртай. Харин манай тамирчдын салхийг хагалж, маргааш 09.00 цагаас Т.Энхжаргал триатлоны төрөлд хүч сорих юм.

Хүүхдийн олимпийн нээлтийн ажиллагаа өнөөдөр орон нутгийн цагаар 20:10 цагаас /Монголын цагаар ч адилхан 20:10/ Сингапур хотын төвд орших хөвдөг цэнгэлдэхэд болох юм. Олимпийн наадмыг нээх цагийн тухайд 2010 оныг бэлгэдэж, 20:10 гэсэн цагийг сонгожээ. Хүүхдийн олимпийн наадмын уралдаан, тэмцээнүүд нийт 18 цэнгэлдэх, талбайд зохиогдох бөгөөд зуны олимпийн наадмаас ялгаатай нь оролцож буй бүх тамирчид хүүхдийн олимп эхлэхээс дуусах хүртэл зохион байгуулагч оронд байж, тэндхийн соёл, өв заншилтай танилцах гэнэ.

Хүүхдийн олимпод оролцох Монголын тамирчид:

Д.Ананд /Бокс, 57 кг/, дасгалжуулагч Н.Наранмандах
О.Дөлгөөн /Жүдо, 66 кг/, дасгалжуулагч Д.Энхбаатар
Г.Эрдэнэболд /Спорт гимнастик/, дасгалжуулагч Ц.Алтантөгс
Д.Соёлсайхан /Спорт гимнастик/, дасгалжуулагч Ч.Энхтүвшин
Т.Энхжаргал /Триатлон/, дасгалжуулагч Н.Наранбат
Х.Мичидмаа /Хөнгөн атлетик/, дасгалжуулагч Б.Батхүү
Г.Шижирбаатар /Хөнгөн атлетик/, дасгалжуулагч Б.Батхүү
Г.Өлзийбадрах /Усанд сэлэлт/, дасгалжуулагч Г.Галбадрах
Э.Сүрэнням /Усанд сэлэлт/, дасгалжуулагч Г.Галбадрах
Б.Батцэцэг /Чөлөөт бөх, 60 кг/, дасгалжуулагч Д.Мөнхбаяр
Э.Оюунболд /Чөлөөт бөх, -100 кг/, Б.Адьяахүү

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж