Японы мэргэжлийн сумо бөхийн ертөнцөд их аварга Асашёорюү Д.Дагвадорж, Хакухо М.Даваажаргал, Кёкүшюзан Д.Батбаяр нарын хүчит бөхчүүдийг залгамжлан барилдаж яваа Монголын бөхчүүд өнөө хэр хүрээллээ хүчтэй хадгалж явааг бид мэднэ. Тэдний түрүүч өдгөө мэргэжлийн сумо бөхийн дээд зиндаад илүүрхэн барилдахын сацуу хувийн амьдралаа зохиож, гэр бүл, үр хүүхэдтэй болоод байгаа. Мэргэжлийн сумогийн хамгийн олон фентэй бөхчүүдийн нэг озэки Харумафужи өнгөрсөн есдүгээр сард сүйт бүсгүйгээ танилцуулж, Японы Ивате их сургуулийн оюутан М.Баттуултай гэрлэлтээ батлуулсан бол сар шинийн босгон дээр Монголын хоёр залуу хүчтэн Японд хуримаа хийжээ.
Өдгөө дээд зиндаанд хүч үзэж буй Мооконами Г.Базарсад нэгдүгээр сарын 29-нд хуримын ёслолоо хийсэн бол Коорюү Э.Мөнх-Оргил маргааш нь буюу нэгдүгээр сарын 30-нд мөн хуримлажээ. Хоёр залуу хүчтэний хоёулангийнх нь эхнэрийг Одгэрэл гэдэг аж.
Коорюү, Мооконами нарын хуриманд Хакухо М.Даваажаргал, озэки Харумафүжи нарын тэргүүтэй хүчтэнүүдээс гадна сумогийн холбооны удирдлагууд гээд 300-гаад зочин иржээ. Коорюү, Мооконами нар хоёул нэг нэг хүүхэдтэй юм.
Б.Энх