Төрийн өндөрлөгүүдийн золголт

Хуучирсан мэдээ: 2011.02.04-нд нийтлэгдсэн

Төрийн өндөрлөгүүдийн золголт

XVII жарны цагаагчин Төмөр туулай жилийн шинийн нэгний билэгт сайн өдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Төрийн 9 хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөөнд хүрэлцэн очиж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл нартай золгов. Золголтын дараа Төрийн хан хуурч Ц.Цэрэндорж Төрийн хан хуурыг цэнгүүлэн гэрийн жавар үргээж, төр түвшин, түмэн олон амгалан байхыг бэлгэдэн ерөөл айлдлаа.

Өмнө нь төр, засгийн удирдлагууд Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдэд очдог байсан бол энэ жил Гандантэгчинлэн хийдийн хамба Д.Чойжамц, Дашчойлин хийдийн хамба Ч.Дамбажав нар Төрийн ордонд морилон ирж төрийн гурван өндөрлөгтэй золгон, хотол олныхоо сайн сайхны төлөө ном хурж байгаа тухай айлтгав. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар жил бүрийн цагаан сарын шинийн нэгэнд хамгийн өндөр настай буурлуудын гэрт очиж золгодог байсан уламжлал энэ жил өөрчлөгдлөө.

Сар шинийн нэгний энэ өглөө ахмадуудаа төлөөлж Төрийн ордоны ёслол, хүндэтгэлийн танхимд хүрэлцэн ирсэн АИХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга асан Ц.Готов, Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Л.Цогзолмаа, Хөдөлмөрийн баатар, IIIэмнэлгийн мэдрэлийн тасгийн зөвлөх, доктор, профессор Ж.Хайрулла, Аж үйлдвэрийн салбарын зөөлөн эдлэлийн анхны Хөдөлмөрийн баатар оёдолчин Л.Дашням, Ардын жүжигчин, профессор Д.Жаргалсайхан, Соёлын гавъяат зүтгэлтэн, зохиолч Б.Бааст, БХЯ-ны Ахмадын хорооны дарга, хошууч генерал С.Гомбосүрэн, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ГХЯ-ны нэгдүгээр орлогч сайд асан Д.Ёндон нартай төрийн гурван өндөрлөг золгож, гарын бэлгээ гардуулан дурсгалын зураг авахуулжээ.

Сар шинийн энэ өдөр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хэвлэл, мэдээллийн ажилтнуудад өгсөн ярилцлагадаа “Сайхан өдөр болж байна. Үүнийг гарч байгаа Туулай жилд ард түмэн, улс орны маань ажил, амьдрал ч өөдрөг сайхан байхын шинж гэж бэлэгшээж байна. Энэ билэгт сайн өдөр ахмадуудынхаа төлөөллийг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Монгол түмэн төрлөөрөө түвшин амгалан, элгээрээ энх амгалан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье” гэлээ хэмээн Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж