Эвдрэлд орсон газрыг тоолжээ

Хуучирсан мэдээ: 2011.02.04-нд нийтлэгдсэн

Эвдрэлд орсон газрыг тоолжээ

БОАЖЯ-наас холбогдох газруудтай хамтран 2009-2010 онд уул уурхайн олборлолт болон бусад үйл ажиллагааны улмаас эвдрэлд орж орхигдсон газрын тооллогын дүнг энэ сарын 1-нд танилцуулсан билээ. Тооллогыг Хэнтий, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговь, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Говьсүмбэр, Дундговь, Сүхбаатар, Төв, Булган, Сэлэнгэ гэсэн 15 аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хийсэн юм. Нэгдсэн дүнгээр дээрх 15 аймгийн 56 сумын нутаг дэвсгэрт 2009-2010 онд нийт 566 нэгж талбарт 3984.46 га газар эвдрэлд орж, орхигдсон байгааг тогтоожээ. Эвдрэлд орсон талбайн 60 орчим хувь нь буюу 340 аж ахуйн нэгж байгууллагын, үлдсэн нь гар аргаар ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагаанд өртсөн байгаа нь судалгаанаас харагдаж байна.

Өнгөрсөн  оны дүнгээр Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Говьсүмбэр, Дундговь, Сүхбаатар гэсэн 6 аймгийн 14 сумын 51 нэгж талбарт 690.3 га талбай, Төв, Булган, Сэлэнгэ аймагт 6 сумын 30 нэгж талбар 1422.15 га талбай, нийт есөн аймгийн 21 сумын 81 нэгж талбарт 2112.45 га эвдрэлд орж нөхөн сэргээгдэлгүй орхигджээ. Иймд, тооллогын дүнд үндэслэн дээрх аж ахуйн нэгжүүдэд холбогдох хариуцлага тооцох, нөхөн сэргээлт хийлгэх, экологид учирсан хохирол, нөхөн сэргээлтэд зарцуулсан төлбөрийн нөхөн төлүүлэх арга хэмжээг шат дараатай авах юм байна. Энэ хүрээнд эзэн холбогдогчийг нарийвчлан тогтоох ажлыг Цагдаагийн байгууллагатай хамтран тогтоох ажлыг эхлүүлж байна. Ингэснээр улсад буюу байгальд учирсан хохирлыг эзэн холбогдогчоор нөхөн төлүүлэх, цаашид ийм байдал давтагдуулахгүй байх чиглэлийг БОАЖЯ-наас хатуу  баримталж ажиллана гэв.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж