Хаврын эхэн сарын шинийн нэгэн, XVII жарны төмөр туулай жилийн шинийн нэгний өглөө Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Батболд нар Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлэв.
XVII жарны сар шинийн баяраар төрийн гурван өндөрлөгийн өмссөн дээл малгай тэргүүтэн өмнөх жилүүдийн гоёлоос нь илүү даруухан байлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шинийн нэгний өглөө хурган дотортой саарал дээл, орой дээрээ сампин зангидсан саарал булган малгайгаар гоёжээ. Харин УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн хувьд хүрэн өнгөтэй энгийн, даруухан дээл, малгай тэргүүтнээр гоёсон бол Ерөнхий сайд С.Батболд гүн ногоон өнгийн үйтэн хуар дээл, булган малгайг сар шинийн гоёлоороо сонгожээ. Харин төр засгийн гурван өндөрлөгт буй нэгэн ижил зүйл гэвэл тэдний малгай тэргүүтэн нь гурвуулаа дөрвөн талтайгаас гадна, орой дээрээ бат бэх байхын билэгдэл сампин зангидсан байлаа.
Өмнөх жилүүдийн сар шинийн баяраар төрийн өндөрлөгүүд ихэвчлэн том мөнгөн товчтой, тод өнгийн үйтэн хуар дээл өмсөж, бүсээ тойрсон арслан, бар, хангарьд, луу бүхий дөрвөн хүчтэний билэгдэл дүрс тоногтой, арал дээрээ төрийн сүлд эсвэл очир хөөмөлдөн, алтдаж хийсэн бүсээр гангардаг байлаа. Харин энэ удаад төрийн гурван өндөрлөг сар шинийн дээлнийхээ мөнгөн товчны оронд шилбэ зангидаж, энгийн даавуун бүс сонгосон байлаа.
А.Сүх