Гэр рүү дайрсан жолооч сэтгэцийн өвчтэй байжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.07-нд нийтлэгдсэн

Гэр рүү дайрсан жолооч сэтгэцийн өвчтэй байжээ

Сүхбаатарын талбайд суулт зарлаж байгаа иргэд рүү өнөөдөр өглөө Ланд круйзер-80 маркийн машин гэнэт дайрч зургаан хүн гэмтээсэн талаар бид мэдээлсэн. Хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс 11.00 цагт мэдээлэл хийлээ. Тус төвийн дарга цагдаагийн хурандаа Т.Сайнжаргал “Сүхбаатарын талбайд суулт зарлаж байгаа иргэд рүү 01-40 дугаарын Ланд круйзер-80 маркийн хар ногоон өнгийн машин талбайн баруун талаар явж байгаад гэнэт огцом эргэж гэр рүү дайрсан хэрэг гарлаа. Хэрэг болох үеэр Замын цагдаагийн газрын албан хаагчид зогсоох арга хэмжээ авахыг оролдсон боловч чиглэлээ өөрчилсөн.Тэр үед Нийслэлийн цагдаагийн газрын ажилтнууд зогсоох арга хэмжээ авахыг оролдсон ч шууд гэрийг  мөргөсөн. Эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан 15 ажилтан  жолоочийг саатуулж, шуурхай мэдээлэл өгсөн” гэж мэдээллээ. Түүнээс зарим зүйлийг тодруулсан юм.

-Гэмт хэргийг үйлдэгч сэтгэцийн өөрчлөлттэй гэсэн мэдээлэл байна?

-Гэмт хэрийгг үйлдэгч М.Машбат гэдэг хүн 48 настай бөгөөд энэ сарын 5-нд бидний хэлж заншсанаар Шархадны эмнэлэгт эмчлүүлж байгаад гарсан. Эхнэр Б-ийн ярьж байгаагаар М.Машбат  сэтгэцийн өөрчлөлттэй гэж мэдээлж байна.

-Сэтгэцийн өөрчлөлттэй хүн жолоо барих эрхтэй байдаг билүү. Өмнө нь бас гэмт хэрэгт холбогдож байсан гэсэн?

-М.Машбат 1999 онд Эрүүгийн хуулийн 239.3-аар  хэрэгт татагдан танхайн хэргээр нэг жилийн ял сонсч, тэнэсэн харгалзаж байсан юм. Мөн 2000 онд танхайн хэргээр хэрэгт татагдан, дөрвөн жилийн ял сонсоод, ял эдлэх хугацаа дуусахаас долоон сар, хоёр хоногийн өмнө суллагдсан. Тэрбээр 2004 онд В ангиллаар жолоо барих эрх авсан юм билээ.

-Өглөө үүрээр хаашаа явж байсан юм бол. Машин нь өөрийнх нь эзэмшлийнх мөн үү?

-Машинаа улсын үзлэгт оруулах хэрэгтэй байна гэж хэлээд гарсан гэж эхнэр нь хэлж байгаа. Уг машин нь түүний хүргэн Д.Аранжингийн нэр дээр бүртгэлтэй бөгөөд хадам ээждээ бэлэглээд нэг сар болж байгаа ч нэрээ шилжүүлээгүй юм билээ.

-Гэмтсэн хүмүүсийн бие ямар байгаа бол?

-Хэрэг гарах үед гэрт 17, гадаа 51 нийт 68 хүнталбай дээр байсан юм билээ. Гэрт байсан хүмүүсээс зургаа нь гэмтсэнээс дөрвийг нь эмнэлэгт хэвтэх шаардлагагүй гэж үзсэн байна. Харин хоёр хүнд шинжилгээ хийж байна.

-Сэтгэцийн өөрчлөлттэй иргэн хэрэг хүлээх чадваргүй. Түүнд эрүүгийн хэрэг үүсгэх үү?

-Хэрэг хүлээх чадвартай эсэхийг  шинжээчийн дүгнэлтээр тогтооно. Тухайн үед бие нь ямар байгааг шалгаж тогтоодог. Одоогийн байдлаар Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйл ангиар хүний амь насыг санаатай хөнөөхийг оролдсон гэсэн үндэслэлээр шалгаж эхэлсэн.

Х.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж