14 байгууллагыг торгожээ

Хуучирсан мэдээ: 2011.02.03-нд нийтлэгдсэн

14 байгууллагыг торгожээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 36 аж ахуйн нэгжид шалгалт хийж, энэ сарын 1-нд дүгнэсэн байна. Шалгалтад тус  дүүрэг дэх бууз, банш, хиам, майонез, цагаан идээ, хэвийн боовны үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа 36 аж ахуйн нэгж, байгууллага, иргэд хамрагджээ. Шалгалтын явцад БНСУ-аас импортоор оруулж ирсэн савлагаатай хоолны төрөл бүрийн хачир, цагаан будаа, элсэн чихэр, цагаан самар, өнгөт самар зэргийг “Савласан хүнсний бүтээгдэхүүний шошгололтонд тавигдах ерөнхий шаардлага” MNS CAC 1:2007 стандартын заавал байх мэдээллийг агуулсан нэмэлт шошгыг эх хэл дээр бичилгүйгээр худалдааны газруудад их хэмжээгээр тараасан, мөн хадгалалтын хугацаа дууссан, үйлдвэрлэсэн он сар тавигдаагүй хиам, түргэн гэмтэх бүтээгдэхүүн, чихрийн цуглуулга, худалдаалж байсан зэрэг зөрчлүүд илэрчээ. Шалгалтаар хууль тогтоомж зөрчин ажиллаж байсан 14 аж ахуйн нэгж, иргэнд 710.0 мян.төгрөгийн торгууль, чанар, аюулгүй байдлын шаардлага хангахгүй, хадгалалтын хугацаа дууссан 27 нэр төрлийн, 436.5 мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг хураан авч, устгажээ. Мөн зөрчлийг арилгуулахаар долоон аж ахуйн нэгжид улсын байцаагчийн албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч, гүйцэтгэлд нь хяналт тавин ажиллаж байна.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж