Б.Эрдэнэбат: “Монголын урлаг бол гайхамшигтай”

Хуучирсан мэдээ: 2010.08.12-нд нийтлэгдсэн

Б.Эрдэнэбат: “Монголын урлаг бол гайхамшигтай”

Монголын фольк рок “Алтан ураг” хамтлагийн ахлагч Б.Эрдэнэбаттай уулзан шинэ уран бүтээл цомгийнх нь талаар ярилцлаа.

-“Алтан ураг” хамтлагийн шинэ цомгууд мэндэлжээ. Ямар ямар цомгууд төрөв өө?

-Шинээр нийт таван цомог гаргаж байгаагаас “Цус”, “Ховс” гээд хоёр цомог
нь эхний ээлжинд ирсэн. Үлдсэн “Эрт урьдын цагт”, “Монгол” гээд этник
цомог, “Үндэстэн” нэртэй дан ардын дуу хөгжмийн гурван цомог маань дараа
нь худалдаанд гараад байна.

-Яагаад таван цомгоо нэг дор гаргах болов?

-Алтан ураг хамтлаг яг фольк рок гэсэн урсгал чиглэлээр тоглож байгаа.
Ардын хөгжмөөр ямар урсгал чиглэлүүдийг тоглож болох вэ гэдгийг хүмүүст
нэг ёсондоо оюунд нь мэдлэг болгох үүднээс ийм урсгал чиглэлүүд байдаг
юм байна, ардын хөгжмөөр ингэж тоглож болдог юм байна гээд энэ бүхнийг
хүргэх үүднээс таван цомгийг гаргасан. Бас дараа дараагийн өөр урсгал
чиглэлийн юмнууд маань шинэ уран бүтээл маань болоод явж байна.

-Цомгуудаа илүү дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?

-Хэт дэлгэрэнгүй ярьчихвал амархан хоол болох байх аа. Урлаг хөгжим
гэдэг бол хүн сонсоод тэндээсээ таашаал авдаг зүйл. Заавал юу бодсоноо
тулгах нь гол  биш. Бид юу бодсоноо нэрээрээ өгчихсөн байгаа. Үүнээс
цаашаа ургуулаад хүн өөрөө өөрийнхөө сэтгэхүйгээр тархиндаа
төсөөлөлүүдийг үүсгэж, хөгжмийг илүү гоё мэдэрнэ. Хүн хүн өөрөө
өөрийнхөөрөө хүлээж авах ёстой. Тэрэнд заавал ийм байх ёстой, ингэж
сонсох ёстой, энэ зургийг харах ёстой гэсэн юм байхгүй. Ямар нэгэн
зүйлийг хүн өөрийнхөөрөө л хүлээж авах ёстой. Тийм болохоор сонсоод үзэх
хэрэгтэй. Маш гоё уран бүтээл хийхийг хичээсэн. Бид нарыг дэмжээд
монгол хүн болсон гэдгээрээ монгол урлагаа түлхүү сонсоосой л гэж хүсэе.

-Цомог худалдаанд гарчихсан уу?

-“Hi-Fi”-р зарагдаж байгаа. Цомог тус бүр нь арван мянган төгрөгөөр
борлогдож байгаа. Бид нар ерөнхийдөө аль болох хямд үнэтэй байлгахыг
хичээдэг.

-Цомгуудынхаа баярыг хэзээ хийх вэ?

-Яг хугацаа товлоогүй байна. Гэхдээ есөн сар гаргаж байгаад томхон
цомгийн баяр гэж хийх бодолтой байна. Гэхдээ цомгийн баяр гэхээсээ илүү
тайлан маягтай “Алтан ураг” хамтлаг яг юу хийж бүтээж байгаан, юуг
цаашдаа зорьж байгаа вэ гэсэн тайлан хэтийн төлөвлөлт хоёрыг харуулсан
арга хэмжээ зохион байгуулах бодолтой байна.

-Энэ зун гадаадаар нилээд явж тоглолт хийсэн. Энэ талаараа сонирхуулахгүй юу?

-Энэ жил ерөнхийдөө “South Gobi Energy Resources” компанитай манай
хамтлаг хамтарч ажиллаж байгаа. Энэ хүрээндээ Hong Kong нилээд хэдэн
тоглолт хийсэн. Францад болсон фестивальд оролцсон. Энэ фестивальд
оролцох далимаараа европын орон Голлонд, Бельги, Итали, Германд байгаа
монголчууд болон гадныханд өөрсдийгөө зүгээр таниулах гэсэн үүднээс
сурталчилгааны тоглолт хийж явсан. Яг энэ завсараараа Hong Kong болсон 
“Music Matters 2010” гээд уулзалтанд оролцсон. Үүнд Мадоннаг хамгийн анх
гаргаж ирж байсан продюссер, “Sony Music” компани гээд дандаа том, том
хүмүүсийн ирсэн.

-Гадны оронд монголын урлагаа таниулж явахад хэр хүлээж авч байна?

-Мэдээж Монголын урлаг бол гайхамшигтай. Бид үүний нэгээхэн хэсэг гэж
төлөөлж явж байгаа. Монголын урлагийн  соёл, түүх, зан заншил гээд бүгд
гайхамшигтай. Гадныханы 99 хувь нь бүгд гайхаж, биширч, догдолж, хүлээж
авдаг. Монголын урлаг гайхамшигтай гэдэгт итгэлтэй байж болно оо.

-Хамтлагийнхаа дуучны тухай танилцуулахгүй юу? Хүмүүс тэр бүр танай хамтлагийг уртын дуучинтай гэж мэдэхгүй байх аа

-Алтан ураг хамтлагийн уртын дуучин Х.Эрдэнэцэцэг гэж эмэгтэй бий. Яахав
хүмүүст болохоор байгаа ч юм шиг байхгүй ч юм шиг санагдаж болох юм.
Бид нар хархираа хөөмийгөөр дуу дуулдаг, бас дан хөгжмийн бүтээл хийдэг
энэ дундаа уртын  дуу, эмэгтэй хүнтэй холбоотой уран бүтээл хийх
тохиолдол байдаг. Заримдаа жижигхэн хэсгээр хийх ч юм уу, заримдаа бүтэн
дуулах зэргээс үүдээс байгаа, байхгүй мэт санагддаг байж магадгүзй ээ.
Ер нь “Алтан ураг” хамтлагийн уртын дуучин гэж явдаг.

-Цомгоо гаргачихаад хамтлагууд цомгийн баяраа хийн, тайлан тоглолтондоо ордог. Танай тоглолтын тов хэзээ вэ?

-Түрүү жил “UB Palace”-т тоглолтоо хийсэн. Энэ жилийн хувьд том
хэмжээний тоглолт хийхээр бодож байгаа. Нилээн ажиллагаатай том ажил
байгаа болохоор тэрийг тухайн үед нь задлаад хүмүүст хшргэх нь илүү зөв
байх аа. Маш гоё тоглолт хийн хүмүүст хүргэхийг хүсч байгаа. Мөн Алтан
ураг хамтлагтай илүү дэлгэрэнгүй танилцаж юу боддогыг мэдэхийг хүсвэл 
гэсэн сайтаар зочлоод бидэнтэй хамт байгаарай. Монголд байгаа хүмүүс
цомог худалдаад авах бололцоотой. Гадаадад байгаа хүмүүст одоохондоо ийм
боломж байхгүй байгаа болохоор манайх сайтаа шинэчлэн дуунуудаа татаж
авахаар байрлуулсан байгаа.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж