Хоу Ифань: Косинцеватай хийсэн тоглолт хүнд байлаа

Хуучирсан мэдээ: 2010.08.12-нд нийтлэгдсэн

Хоу Ифань: Косинцеватай хийсэн тоглолт хүнд байлаа

“Их тэнгэр” цогцолборт хоёр долоо хоногийн турш үргэлжилсэн FIDE-гийн тав дахь удаагийн эмэгтэйчүүдийн гран-при тэмцээний ялагч болсон БНХАУ-ын шатарчин Хоу Ифань өдгөө 16 настай, дэлхийн хамгийн залуу их мастер юм. 2008 онд 14 настайдаа FIDE-гийн эрэгтэйчүүдийн олон улсын мастерийн болзол хангасан тэрбээр өдгөө дэлхийн эмэгтэй шатарчдын чансааны жагсаалтын гуравдугаарт эрэмбэлэгдэж буй.

-Баяр хүргэе, Ифань! Тэмцээний өргүүдээс хамгийн хэцүү нь аль нь байв?

-Баярлалаа. Тэмцээний эхний тойрогт Татьяна Косинцеватай хийсэн тоглолт хүнд байсан. Би их аюултай байрлалд байсан, бараг хожигдож ч болохоор байсан шүү.

-Тэмцээний өмнө өөрийгөө ялагч болно гэж бодож байв уу?

-Миний хувьд анх удаагаа Монгол улсад ирээд шинэ улс орон, шинэ өв соёлтой танилцах их сонирхолтой байлаа. Харин тэмцээний тухайд сайн амжилттай оролцохыг л зорьсон. Миний гол зорилго сайн тоглолт гаргах явдал байсан. Тэмцээний үр дүнгийн талаар харин бодоогүй юм байна.

-Та хэнтэй хамтарч бэлтгэлээ хийсэн бэ?

-Одоогоор надад хоёр дасгалжуулагч бий. Хятадын шатрын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Е Жянчуань болон Юй Шаотенг нар миний бэлтгэлд тусалдаг.

-Та ихэвчлэн өндөр зэрэглэлийн, нээлттэй тэмцээнд тоглодог. Та Юдит Полгарын адилаар ямар нэг төлөвлөгөө гаргадаггүй юм уу, зөвхөн эрэгтэйчүүдтэй тоглох гэж?

-Полгар тухайн үедээ үнэхээр хүчтэй байсан. Түүний төвшин, чансаа бусад эмэгтэй шатарчдаас хол давуу байсан болохоор эрэгтэй шатарчидтай тоглодог байсан байх. Харин миний хувьд эрэгтэйчүүдийн, эмэгтэйчүүдийн хамаагүй аль ч тэмцээнд тоглох болно.

-Шатрын хувьд шүтэж, хүндэлж явдаг хүн бий юу?

-Тийм ээ, Бобби Фишер. Тэр үнэхээр хүчтэй шатарчин байсан, зан чанараараа бусдаасаа огт өөр. Зөвлөлтийн школь дэлхийд ноёрхож байх үед дэлхийн аварга болж чадсан Америкийн шатарчин юм. Түүний арга барил надад таалагддаг.

-Та тоглолтын ямар арга барилтай вэ?

-Байрлалын болоод тактикийн. Гэхдээ идэвхтэй тоглохыг л зорьдог.

-Дараагийн тэмцээн? Москвад болох дэлхийн түргэн тоглолтын аварга шалгаруулах тэмцээнд оролцох уу?

-Ирэх есдүгээр сард Ханты-Мансийск хотод болох шатрын 39-р олимпиадад оролцоно. Түргэн тоглолтын дэлхийн аваргын тухайд хэлж мэдэхгүй байна. Одоогоор тэмцээний удирдамжийг харж амжаагүй л явна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж