Хоу Ифань гран-пригийн аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2010.08.12-нд нийтлэгдсэн

Хоу Ифань гран-пригийн аварга боллоо

Манай улсад анх удаагаа зохион байгуулагдсан FIDE-гийн өндөр зэрэглэлийн, шилдэг 12 эмэгтэй шатарчны өрсөлдсөн эмэгтэйчүүдийн гран-при тэмцээн өчигдөр өндөрлөлөө. Тэмцээний сүүлийн өргийн тоглолтууд өчигдөр болж, тэмцээний ялагчийг тодруулах шийдвэрлэх тулаан БНХАУ-ын шатарчин Хоу Ифань болон Болгарын Антоанета Стефанова нарын хооронд өрнөсөн юм. Онооны хувьд давуу үзүүлэлттэй байсан Хоу Ифаньд тэнцээ хангалттай байсан бол Стефанова зайлшгүй хожлын төлөө тоглосон. Өрөг ширүүн өрнөж, тэнцээгээр өндөрлөснөөр “Их тэнгэр” цогцолборт хоёр долоо хоногийн турш үргэлжилсэн тав дахь удаагийн эмэгтэйчүүдийн гран-при тэмцээний ялагчаар хамгийн залуу оролцогч болох БНХАУ-ын шатарчин, их мастер Хоу Ифань найман оноотой тэргүүлэв. Тэрбээр тэмцээний туршид нэг ч хожигдоогүй цорын ганц шатарчин болсон юм. Харин хоёрдугаар байрт Стефанова 7,5 оноотой бичигдсэн ОХУ-ын Татьяна Косинцева 6,5 оноотой гуравдугаар байрт шалгарлаа. Манай шатарчин Б.Мөнгөнтуулын тухайд сүүлийн өрөгт Катарын Чжу Ченьд хожидсоноор 3,5 оноотой 11-рт бичигдлээ.

Тэмцээний хаалтын ажиллагаа өчигдөр 16.00 цагаас Улсын эрдмийн драмын театрт болж, шатарчдад шагналыг нь гардуулсан юм.

Тэмцээний дүн:

  1. Хоу Ифань /БНХАУ/ – 8 оноо
  2. Антоанета Стефанова /Болгар/ – 7,5 оноо
  3. Татьяна Косинцева /ОХУ/ – 6,5 оноо
  4. Жао Сьюэ /БНХАУ/ – 6,5 оноо
  5. Конеру Хампи /Энэтхэг/ – 6,5 оноо
  6. Майя Чибурданизе /Гүрж/ – 6 оноо
  7. Сью Юйхуа /БНХАУ/ – 5,5 оноо
  8. Шень Ян /БНХАУ/ – 5 оноо
  9. Чжу Чень /Катар/ – 5 оноо
  10. Мэри Себаг /Франц/ 4 оноо
  11. Б.Мөнгөнтуул /Монгол/ 3,5 оноо
  12. Илдиз Бетул /Турк/ – 2 оноо

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж