Б.Мөнгөнтуул: Хичээх тусмаа алдах гээд байдаг

Хуучирсан мэдээ: 2010.08.12-нд нийтлэгдсэн

Б.Мөнгөнтуул: Хичээх тусмаа алдах гээд байдаг

“Их тэнгэр” цогцолборт үргэлжилж буй FIDE-гийн эмэгтэйчүүдийн гран-при тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байгаа Б.Мөнгөнтуултай хийсэн ярилцлага FIDE-гийн албан ёсны вэбсайтад тавигдсаныг толилуулъя.

-Мөнгөнтуул аа, өөрийнхөө тухай танилцуулаач?

-Би бага байхаасаа л шатар тоглож эхэлсэн. Аав минь надад зааж өгдөг байлаа. 15 настайдаа олон улсын мастер цол хүртэж, өнгөрсөн жил эрэгтэйчүүдийн олон улсын мастер болсон.

-Та олон жил ОХУ-д амьдарсан. Тэнд амьдрах танд таалагддаг уу?

-2000 онд аав маань Москва хотод олон улсын институтэд ажиллахаар болж, манай гэр бүл тийшээ нүүсэн юм. Би дунд сургуулиа төгсөөд ОХУ-ын Нийгмийн ухааны их сургуульд элсч орсон. Энэ жил их сургуулиа дүүргээд эх орондоо ирлээ.

-Ямар мэргэжлээр төгссөн бэ?

-Нийгмийн ажилтан, сурган хүмүүжүүлэгч.

-Шатрын бэлтгэлээ хэнтэй хамтарч хийдэг вэ?

-Москвад би олон улсын мастер Владимир Вулфсонтой хамтран ажиллаж байсан юм. Харин гран-при тэмцээний өмнө их мастер Юрий Якович Монголд ирж, миний бэлтгэлд тусалсан.

-Шатар тоглохоос гадна өөр юу сонирхдог вэ?

-Ном унших, ширээний теннис тоглох, гадуур зугаалах, бас заримдаа гүйх дуртай. Фитнессээр хичээллэх гэж оролдсон ч тийм үр дүнтэй болоогүй.

-Ямар төрлийн ном унших дуртай вэ?

-Төрөл бүрийн л ном уншдаг. Харин энэ тэмцээний үеэр би Виктор Гюгогийн “Les Miserables” гэдэг ном уншиж байгаа. Ерөнхийдөө адал явдалт зохиолд дуртай. “Ants”-ын гурван боть, мөн Францын зохиолч Бернерийн “Empire of Angels” номонд дуртай. Бас шинжлэх ухааны, зөгнөлт зохиол таалагддаг юм.

-Кино театр, театрт очдог уу?

-Заримдаа кино театрт очиж, кино үздэг. Харин сүүлийн үед театрт очоогүй удсан байна, бараг хоёр жил болчихжээ. Саяхан Монголдоо ирсэн болохоор одоогоор амралтын байдалтай л байна. Гэхдээ удахгүй Москва руу буцна.

-Москватай харьцуулахад Улаанбаатар жижигхэн хот. Амьдралын хэв маягийн хувьд аль нь таалагддаг вэ? Том метрополитан хот уу, эсвэл жижиг хотын энгийн амьдрал уу?

-Жижиг хотын тайван амьдралыг сонгох байх. Хол явах ч шаардлагагүй. Гэхдээ өнгөрсөн хоёр жилийн турш би Москвад амьдарсны хувьд тэндхийн амьдрал хэцүү гэж хэлэхгүй. Москвад ч бай, Монголд ч бай би тэгж их яараад байдаггүй.

-Олон шатарчин найзуудтай юу?

-Миний ихэнх найзууд шатарчин биш ээ. Энд ч, Москвад ч, монгол, орос, сургуулийн, их сургуулийн гээд олон найз нар бий.

-Дэлгүүр хэсэх дуртай юу?

-Тийм ч дуртай биш. Мэдээж хэрэг гадуур алхаж явахдаа дэлгүүрээр ордог.

-Мөнгөө хэрхэн зарцуулдаг вэ?

-Москвад бол мөнгөө юунд зарцуулаад дуусгачихсанаа мэддэггүй юм. Тэнд бүх юм нь үнэтэй, тэгэхээр ихэнх мөнгөө хоол хүнс, дэлгүүр, бас найзуудтайгаа уулзах үеэрээ л үрчихдэг байх.

-Та шатрын ямар арга барилыг илүүд үздэг вэ? Хэвлэлийн хурлын үеэр та Смысловыг онцолж байсан?

-Тийм ээ. Би Смысловын тоглолтын арга барилаас суралцдаг. Бас Юдит Полгар, Гарри Каспаров байна.

-Анх ямар шагнал хүртэж байснаа санадаг уу?

-Тийм ээ. Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцоод хоёрдугаар байрт шалгарч байлаа. Тэр үед би зургаан настай байсан, анхны шагналаас гадна анхны тэмцээн минь байсан. Жаахан бас ичимхий хүүхэд байсан болохоор шагналын тавцанд аавтайгаа хамт гарч байж билээ.

-Шатрын спортоор ямар амжилт гаргахыг хүсдэг вэ?

-Яг одоогоор бол илүү чадварлаг болохыг зорьж байгаа. Харин ирээдүйд эрэгтэйчүүдийн их мастер болохыг хүсдэг.

-Шатар тоглохдоо ихэнх эмэгтэйчүүд тэнцэхийг санал болгодог. Харин таны хувьд эцэс хүртэл нь тоглохдоо юу боддог вэ?

-Хэзээ ч бууж өгөхгүй гэж боддог. Хожих боломж байхгүй байхад ч гэсэн зорилгынхоо төлөө тэмцдэг.

-Тоглох эсвэл дасгал хийхийн алинд нь илүү дуртай вэ?

-Тоглох. Өдөр бүр шатрын бэлтгэл хийдэг болохоор заримдаа уйтгартай санагддаг юм.

-Нутагтаа өндөр зэрэглэлийн тэмцээнд оролцож байгаад сэтгэгдэл ямар байна? Эх нутгийн салхи нь хүртэл өөр гэж ярьдаг даа?

-Би тоглолтдоо анхаарч, бусад зүйл анхаарлаа сарниулахгүй байхыг хичээж байгаа. Мэдээж хэрэг, монголчууд маань намайг дэмжиж байгаад баяртай байгаа. Гэхдээ нөгөө талаар энэ нь миний сэтгэлийг зовоож, анхаарал сарниулж байгаа гэж болно. Би илүү сайн тоглохыг хичээх тусам зарим үед алдаа гаргаад байдаг. Магадгүй өөр газар байсан бол илүү сайн тоглох байсан ч байж болох юм. Энэ дашрамд, миний бэлтгэл сургуулилтын зардлыг хариуцсан Мonnis компанийн хамт олонд талархлаа илэрхийлье. Бас би Оюутолгой компани болон Хаан банктай хамтран ажиллахаар нэг жилийн хугацаатай гэрээ байгуулсан.

-Та хүүхэдтэй болохоороо тэдэндээ шатар тоглохыг зааж өгөх үү?

-Мэдээж би хүүхдүүддээ шатар хэрхэн тоглохыг зааж өгнө. Гэхдээ хүүхдүүдээ мэргэжлийн шатарчин болгоно гэж боддоггүй юм. Ээж нь мэргэжлийн шатарчин байхад хүүхдүүд нь яах юм бэ. Ер нь ихэнх шатарчид тэгдэг байх. Мэргэжлийн шатарчин хүмүүс хүүхдүүдээ өөрсдийнх нь амьдралыг давтаасай гэж хүсдэггүй.
-Ярилцсанд баярлалаа.

Орчуулсан С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж