Хоу Ифань: Ээжтэйгээ байнга хамт тэмцээнд явдаг

Хуучирсан мэдээ: 2010.08.12-нд нийтлэгдсэн

Хоу Ифань: Ээжтэйгээ байнга хамт тэмцээнд явдаг

Хэдхэн хоногийн өмнө болсон сурагчдын дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээнээс алтан медаль хүртсэн, шатрын спортын ОУХМ А.Энхтуул манай улсад болж буй FIDE-гийн гран-при тэмцээний оролцогч, их мастер Хоу Ифанийн дотны найз юм. А.Энхтуул өдгөө “Их тэнгэр”-т болж буй тэмцээний зохион байгуулалтын ажилд тусалж байгаа тул найзтайгаа тэнд уулзах боломж гарчээ. Дотны найзуудын, үе тэнгийн шатарчин охидын ярилцлагыг хүргэе.


А.Энхтуул: Сайн уу, Ифань? Уулзсандаа баяртай байна.

Хоу Ифань: Сайн. Баярлалаа. Би ч гэсэн баяртай байна. Гэхдээ чи надаас ярилцлага авч байгаад гайхаж, бас их таатай байна /инээв/. Нээрэн чамд би баяр хүргэх ёстой шүү дээ. Сурагчдын дэлхийн аварга болсныг чинь сонсоод их баярласан.

А.Энхтуул: Баярлалаа. Надад ч бас чамтай ярилцах сонирхолтой санагдаж байна. Манай Монголд анх удаагаа ирээд ямар сэтгэгдэлтэй байна?

Хоу Ифань: Монгол их сайхан орон юм байна. Хүмүүс нь их найрсаг, дотно. Маш гоё байгальтай, цэнгэг агаартай юм. Надад таалагдаж байгаа. 

А.Энхтуул: Чамайг тэмцээнд оролцох бүрт ээж чинь дандаа хамт явдаг нь надад гоё санагддаг. Ихэнх хүүхдүүдийн хувьд ийм боломж олддоггүй шүү дээ?

Хоу Ифань: Тийм ээ, би их азтай шүү. 2001 оноос хойш ээж дандаа надтай хамт тэмцээнд явдаг болсон.

А.Энхтуул: Энэ тэмцээний бэлтгэлээ яаж хангав?

Хоу Ифань: Нэг их бэлдээгүй ээ. Гэхдээ ирэхээсээ өмнө Хятадын лигийн тэмцээнд тоглосон. Бас өөр олон тэмцээнд тоглосон байсан болохоор бэлтгэл ерөнхийдөө жигд байна.

А.Энхтуул: Тэмцээний нээлтийн үеэр чиний зураг олон сонин дээр гарсан байсан. Нэгдүгээр нүүрэнд нь /инээв/.

Хоу Ифань: Тийм үү. Ямар ч байсан нээлт болсон өдөр надад их гоё байсан. Чингис хааны хөшөөтэй, бас танай улсын баатрын хөшөөтэй талбайд нээлтийн ажиллагаа болсон нь сайхан санагдсан.

А.Энхтуул: Тэмцээний үеэрх амралтын өдрүүдээр юу хийсэн бэ?

Хоу Ифань: Эхний амралтын өдөр тэмцээний зохион байгуулагчдын төлөвлөсөн хөтөлбөрийн дагуу ивээн тэтгэгч байгууллагуудаар зочилсон. Тэд нар бидэнд гарын бэлэг өгсөн.

А.Энхтуул: Ямар?

Хоу Ифань: “Гоёо” компанийн ноолууран бүтээгдэхүүн. Тэр надад их таалагдсан. “Гоёо” компанийн лого нь нил ягаан өнгөтэй юм байна лээ. Би тэр өнгөнд дуртай болохоор бүр ч их таалагдсан. /инээв/

А.Энхтуул: Гүржийн шатарчин, дэлхийн аварга, их мастер Майя Чибурданизетэй хариуцлагатай өрөг тоглолоо /өнгөрсөн даваа гаригт/. Тоглолт ямар болсон бэ?

Хоу Ифань: Тийм ээ. Тоглолт ерөнхийдөө явсаар байгаад тэнцээ рүү орлоо. Их сонин, сонирхолтой тоглолт болж, тэнцлээ.

А.Энхтуул: Одоо хоёр өрөг үлдлээ. Тэмцээнд одоогийн байдлаар манлайлж явна. Үлдсэн хоёр өрөгтөө ямар төлөвлөгөөтэй тоглох вэ?

Хоу Ифань: Би зөвхөн сайн тоглохыг л хичээнэ.

А.Энхтуул: Монголын залуу шатарчид болон шатар сонирхогчдод өөрийн зүгээс зөвлөгөө өгөөч?

Хоу Ифань: Шатар бол маш ачаалалтай, хүнд спортын нэг гэж боддог. Миний хувьд шатар маш чухал. Хэрэв шатарт сонирхолтой хүмүүс энэ спортоор хичээллэвэл тодорхой амжилтад хүрнэ гэж боддог.

А.Энхтуул: Сонирхолтой яриа өрнүүлсэн найздаа баярлалаа. Амжилт хүсье. Зав гарвал манайд заавал зочлоорой.

Хоу Ифань: Маш их баярлалаа. Эргээд тухтай уулзъя.

А.Энхтуул энэ үеэр мөн Хятадын их мастер
Хоу Ифаний ээжтэй уулзжээ.

-Сайн байна уу? Тантай уулзсандаа баяртай байна.

-Сайн. Баярлалаа. Би ч гэсэн баяртай байна.

-Танд манай Монгол ямар санагдаж байна?

-Монголын үзэсгэлэнтэй байгаль, цэвэр агаар үнэхээр сайхан санагдаж байна. Хүмүүс нь бүгд их сайхан найрсаг зантай. Гадагшаа гараагүй учраас зарим зүйлийн талаар сайн хэлж мэдэхгүй байна л даа. Миний охины бие сая яльгүй өвдөөд. Тэгэхэд хүн бүр элэг нэгт хүмүүс шиг тусалж байхыг хараад миний сэтгэл их хөдөлсөн.

-Та шатар тоглодог уу?

-Мэдээж хэрэг охин минь шатарчин учраас би тоглох дуртай. Шатрын нүүдлийг бол мэднэ шүү /инээв/.

-Таны охин 2008 онд ОХУ-ын шатарчин, их мастер Александр Костеньюктай дэлхийн аваргын титмийн төлөө өрсөлдсөн. Гэвч Хоу Ифань дөрвөн өргөөс гурав тэнцэж, нэг хожигдсоноор ялагдал хүлээж, хоёрдугаар байр эзэлж байсан. Та тэр тоглолтод харамсдаг уу?

-Мэдээж, би эх хүн учраас охин маань насанд хүрсэн бүсгүйтэй эн тэнцүү тоглож байхыг хараад бахархаж, сэтгэл хөдөлж л байлаа. Охиныхоо ялалт, ялагдал бүртэй үргэлж хамт байдаг болохоор хожигдоход нь бас харамсах сэтгэл ч төрж байсан.

-Та охинтойгоо 2001 оноос хойш үргэлж хамт тэмцээнд явах болсон. Тэгэхээр эцэг, эхчүүдэд хандан өөрийн бодлоо хуваалцаач?

-Тийм ээ. Шатрын спорт маш сайхан бас их гунигтай юм шиг. Би олон жил дагаж явсны хувьд ямар их ачаалалтай байдгийг нь сайн мэднэ. Тиймээс хэрэв танай хүүхэд шатарт сонирхолтой, энэ спортоор хичээллэхийг хүсч байвал мэргэжлийн багшид суралцуулж, анхны суурийг нь зөв тавьж өгөх хэрэгтэй юм болов уу гэж хувьдаа боддог. Хамгийн чухал зүйл бол хүүхдийнхээ санааг хэрэгжүүлж, дэмжих явдал.

-Баярлалаа. Хоу Ифань энэ тэмцээнд маш сайн тоглож байгаа учир таны охин түрүүлэх байх аа. Та итгэлтэй байна уу?

-Одоо ч арай түрүүлчихлээ гэж хэлэх болоогүй байна. Хамт хүлээж л байя. Монголын гран-прид түрүүлбэл надад их сайхан санагдах болно. Охиндоо итгэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж