Хот хөдөөг хамтад нь хөгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.08.12-нд нийтлэгдсэн

Хот хөдөөг хамтад нь хөгжүүлнэ

Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы энэ хаврын хуралдаанаар Засгийн газраас “Утаагүй Улаанбаатар” хөтөл­бөрийг хэлэлцүүлэхээр оруулж ирсэн. Харин тус хөтөлбөрийг агуулга, цар хүрээ хумигдмал  байна гэж үзсэний улмаас “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөр болгож ажлын хэсэг хөтөлбөрийн нэр агуулгад өөрчлөлт оруулсан  юм. Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөр нь  Монгол Улсын хэмжээнд бүтээн байгуулалтыг өрнүүлснээр хот төлөв­лөлт, эрчим хүч, инженерийн дэд бүтэц, авто замын сүлжээг олон улсын жишигт хүргэх. Мөн Монгол Улсын нийт хүн амын орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, иргэдийг ажлын байраар хангах замаар ул­сын хэмжээнд тулгараад байгаа эдийн засаг, нийгмийн бэрхшээлтэй асуудлуудыг цогцоор шийдэж нийгмийг хөгжих боломжоор жигд хангах, хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь бий бол­гож баталгаажуулахад энэхүү хө­төлбөрийн зорилго оршиж байгаа аж.

Харин хөтөлбөрийн шаардлага, үндэслэлийн хувьд Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны хөтөлбөрийн 2,4,2 заасны дагуу хүн амын дотоодын шилжилт хө­дөл­гөөнийг бодлогоор зохицуулж, бүс болон бүсийн тулгуур төв, дагуул хотуудын төлөвлөлт удирдлагыг сайжруулан дэд бүтцийг эрчимтэй, зөв төлөвлөлттэй хөгжүүлж хот хөдөөгийн хөгжлийн ялгааг багас­гахад оршиж байгаа төлөвлөжээ. Өмнөх “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөр нь зөвхөн нийслэл хотын хорт утааны хэмжээг багасгахад чиглэж байсан бол хөтөлбөрийн нэрийг өөрчилж “Шинэ бүтээн байгуулалт” болгосноор хот хөдөө гэж ялгалгүйгээр хөтөлбөрийн цар хүрээ нэмэгдэх боломж нээгдэж нийслэл хотод хийгдэхээр яригдаж байсан хөгжлийн асуудлууд Монгол орны нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамарсан хөтөлбөр болж батлагдсан нь давуу тал гэж харж болохоор байгаа юм.

“Шинэ бүтээн байгуулалт” хөтөл­бөрт Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагаа хийх ажилд тусгагдсан байсан “Хотууд” болон “Шинэ Улаанбаатар-Ногоон нийслэл”, “Хө­дөө­гийн хөгжил”, “Орон сууц” бодлогын баримт бичгийн хүрээнд хийгдэх ажлуудыг тусгаж өгснөөс гадна “100 мянган айлын орон сууц”, “Барилгын материалын үйлдвэр” зэрэг төслүүдийн хүрээнд хийгдэхээр төлөвлөж байсан төлөвлөгөөнүүдийг ч орхигдуулалгүй тусгагдсан байна.

Уг хөтөлбөр нь нийтдээ хөтөл­бөрийн зорилго, шаардлага үн­дэслэл,  хэрэгжүүлэхэд баримтлах зарчим, зорилт хамрах хүрээ, хэрэгжүүлэх цаг хугацаа зэрэг нийт найман бүлэг бүхий зүйл заалтаас бүрдэж байгаа юм.

Хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд хө­дөө орон нутагт хийхээр төлөвлөж байгаа  нь бүсийн тулгуур төв аймаг сумдад эмнэлэг, сургууль, цэцэрлэг, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, спорт цогцолбор, худалдаа үйл­чилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын амьдралд зайлшгүй шаардлагатай байдаг нийгмийн дэд бүтцийн барилга байгууламж бий болгохоор төлөвлөсөн аж. Нө­гөөтэйгүүр хөдөөгийн хүн амын соёл, боловсрол болон эрүүл мэн­дийн үйлчилгээний чанар хүр­тээмжийг нэмэгдүүлж нийслэлрүү чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг саармагжуулах арга хэмжээ авахаар тусгажээ. Мөн нийслэл хот гэлтгүй зарим аймаг нэг сумдын төвд хүн амын өдөр тутмын хэрэглээ нэмэгдэж байгаа улмаас агаарын бохирдлын хэм­жээ ихсэж хэрэглээ дагасан байгаа. Үүнийг багас­гах зорилгоор эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлж, гэр хорооллын айлуудад түлж байгаа түүхий нүүрсний хэрэглээг үе шаттайгаар багасгах үүднээс аж ахуй нэгж, айл өрхийг утаагүй түлш шатдаг хий, цахилгаан эх үүсвэрээр ажилладаг шинэ тех­нологи хэрэглэх нэвтрүүлэх замаар агаарт тархаж байгаа хорт хийг 2013 он гэхэд 60-аас доошгүй хувиар бууруулах гэж заажээ.

Үүгээр зог­сохгүй хот дотор болон хот орчмын нийтийн зорчигч тээврийн хэрэгслийг байгалийн шатдаг хий, цахилгаан эх үүсвэрт шилжүүлж, авто тээврийн хэрэгслээс ялгарах утааг бууруулах цогц арга хэмжээ авах хэрэгтэй гэж заасан байна. Мөн хаа хамаагүй хөглөрч газрын хөрсөнд шингэлгүй хэдэн арван жилээс эхлээд олон зуун жилээр газрын хөрс хотын өнгө зүсэнд сөрөг нөлөө үзүүлж байгаа хог хаягдлыг цуглуулж тээвэрлэн хадгалаад дараагаар нь ялган ангилж дахин боловсруулах, эргүүлж ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, байгальд халгүй аргаар устгах технологи, менежментийн цогц бодлого  гадна, олон улсын стандартад нийцээгүй, байгаль орчныг бохирдуулж байгаа авто тээврийн хэрэгсэл болон өөрөө явагч хэрэгслийг Монгол Улсад экспортлохгүй байх талаар холбогдох гэрээ, хэлэлцээрийг тухайн улс орнуудтай байгуулах талаар “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрт тусгаж өгсөн байна.

Өнгөрсөн жилүүдэд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор жил дараалан олон тэрбум төгрөгийн ажил хийж байсан боловч өнөөг хүртэл бодитой үр дүн өгөөгүй байгаа юм. Харин “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрт “Барил­гын материалын үйлдвэр” төс­­лийн хүрээнд аймаг, нийслэл, бүсийн тулгуур төвүүдэд барилгын материалын үйлдвэр байгуулж, үйлд­вэрлэл, технологийн парк, ма­те­риалын сорилт шинжилгээний иж бүрэн лаборатори байгуулан, улмаар нэмүү өртөг шингэсэн, чанартай бү­тээгдэхүүн үйлдвэрлэж, үндэсний компаниудын үйлдвэрлэсэн барилгын материалын хэрэглээг дэмжих талаар заасан байгаа юм.

Мөн Улаанбаатар хоруу чиглэсэн төвлөрлийг бууруулахын тулд нийслэлд төвлөрсөн их сургуулийн тоог цөөрүүлэх замаар бүсийн тулгуур төвүүдэд оюутны хотхон шинээр байгуулах “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрт тусгаж өгчээ.
Тус хөтөлбөр нь 2010-2012 он дараачийн үе нь 2013-2016 он гэсэн хоёр үе шаттайгаар хэрэгжих аж. “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрт тусгасанаар бол 2013 он гэхэд агаа­рын бохирдол хорт хийг 2010 онд байсан хэмжээнээс даруй 60 хувиар бууруулсан байх аж.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж