
Монгол Улсад айлчлал хийж буй Английн Парламентийн гишүүн Жон Манн, МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар нар өнөөдөр Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн хамт олонтой уулзаж ажил байдалтай нь танилцлаа. Тус дүүргийн 15 дугаар хорооны өрхийн эмнэлгийн байр шаардлага хангахгүй болсноос шинээр орчин үеийн шаардлага хангасан, загвар болохуйц байртай болохоор хөөцөлдөж байгаа аж. Холбогдох яам, нийслэлийн эрх бүхий байгууллагуудын зөвшөөрөл, тендер гээд цаг хугацаа авсан олон шат дамжлагыг олон улсын зөвлөх, ажлын хэсгийн хүчээр даван туулж байгаагаа тэд ярьж байлаа. Английн Парламентийн гишүүн Жон Манн, шинээр барих барилгаа хөгжингүй орнуудын жишгээр бариулах, орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр тоноглох, чадварлаг боловсон хүчнээр хангаж ажилласнаар жинхэнэ загвар өрхийн эмнэлэг болж чадна хэмээн зөвлөлөө.
Д.Цээнэ