Өнгөрсөн сард Монголын захиргааны шүүхээс Цөмийн энергийн агентлаг (ЦЭА) “Khan Resources” компанийн олборлох лицензийг хүчингүй болгосныг буруу гэсэн шийд гарсан юм. Харин тус агентлаг шүүхийн шийдийг давж заалдах гэж байна гэсэн мэдээ даваа гаригт цацагдсаны дараа “Khan Resources” (TSX:KRI) компанийн хувьцааны ханш арван хувиар буурч 0.315 ам.доллар болсон байна гэж олон улсын хөрөнгө оруулалтын агентлагуудын мэдээлэлд өгүүлж байна.
Долдугаар сарын 19-нд гарсан шүүхийн шийдвэр “Khan Resources” компанийн хамтарсан компани болох “Central Asian Uranium Co.Ltd” компанийн эзэмшиж байсан лицензийг хүчингүй болгосон Монголын ЦЭА-ийн шийдвэрийг хүчингүй болгосон. “Central Asian Uranium Co.Ltd” нь “Khan Resources”, Оросын “Приаргунский” болон Монголын Засгийн газрын хамтарсан хөрөнгө оруулалт бүхий компани юм. Тус компаний эзэмшиж буй гол лиценз нь Монголын зүүн хойд хэсэгт байрладаг Дорнод дахь, өмнө нь оросуудын ажиллуулж байсан ураны ил орд юм. Уг ордыг 22,000 тонн ураны нөөцтэй гэж тооцоолж байгаа.
“Шүүхээс маш тодорхой шийд гаргасан байтал ЦЭА давж заалдах шийд гаргасанд бид маш их сэтгэл дундуур байна. Шүүх энэ асуудлыг зүй зохисоор нь “Central Asian Uranium”-ын талд түргэн шуурхай шийд гаргаж өгнө гэж бид итгэж байна” гэж “Khan” компанийн ерөнхий гүйцэтгэх захирал Грант Эдей ярьсан байна.
Энэ оны дөрөвдүгээр сард ЦЭА “Khan” компанийн уул уурхайн олборлолт, хайгуулын хоёр лицензийг зарим хууль дүрэм зөрчсөн хэмээн цуцалсны дараа Канадын хөрөнгө оруулалттай тус компани тус байгууллагын шийдвэрийн талаар шүүхэд гомдлоо мэдүүлсэн юм. Лиценз эзэмшиж байгаа Канадын “Khan” компаниас гадна Оросын төрийн өмчийн, дэлхийн тав дахь том ураны үйлдвэрлэгч “ARMZ”, Хятадын албан ёсны оффшор ураны нөөцийн агент “China National Nuclear Corporation” нар Дорнодын ураны ордыг өөрийн болгон үйл ажиллагаа явуулах сонирхол ихтэй байгаа юм гэж мэдээлсэн байна.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард “Khan” компанид “ARMZ” 33 сая ам.долларыг бэлнээр өгөн уг ордыг авах санал тавихад “Khan” компани татгалзсан юм. Түүнээс хойш хэдэн сарын дараа Хятадын “CNNC” компани 51.8 сая ам.долларыг “Khan” компанид санал болгосон ч тавдугаар сард саналын хугацаа нь дууссан юм.
Т.Бадрах