Нийтийн номын сан хүүхдэд үнэгүй үйлчлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.02.03-нд нийтлэгдсэн

Нийтийн номын сан хүүхдэд үнэгүй үйлчлүүлнэ

Улаанбаатар хотын нийтийн номын сан иргэдэд үйлчилгээгээ ойртуулж, мэдээлэл авах эрхийг нь хангах зорилгоор уншигчдыг бүртгэх болон гэрээр ном олгох үйлчилгээний төлбөрөө хямдруулжээ. Энэ сарын 1-нээс хэрэгжүүлж байгаа өөрчлөлтөөр бага ангийн сурагчид номын сангийн уншигч болохдоо төлбөр төлөхгүйгээс гадна жил бүрийн сунгалтаа үнэ төлбөргүй хийлгэх эрхтэй болж байгаа юм.
Мөн ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 6-12 дугаар ангийн сурагчид уншигчийн бүртгэл болон сунгалт хийлгэхдээ 1000 төгрөг төлөх аж. Өмнө нь насанд хүрэгчид 7000, ахмадууд болон хүүхдүүд 1500 төгрөгөөр уншигчийн эрх нээлгэдэг байжээ. Түүнчлэн гэрээр ном авч уншихад хоногт 300 төгрөгийн хураамж төлдөг байсныг 100 болгон хямдруулсан байна. Дашрамд дуулгахад, олон улсын хэмжээнд нийтийн номын сангийн үйлчилгээ нь үнэ төлбөргүй байдаг ба иргэд гэрээсээ номын сангаар үйлчлүүлдэг гэнэ. Улаанбаатар хотын нийтийн номын сан энэ туршлагыг хэрэгжүүлэхээр анхны алхмаа хийж буй нь энэ ажээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж