Julia Roberts: “Би түүн шиг дураараа аялмаар байна”

Хуучирсан мэдээ: 2010.08.11-нд нийтлэгдсэн

Julia Roberts: “Би түүн шиг дураараа аялмаар байна”

Ирэх баасан гаригт нээлтээ хийх “Eat, Pray, Love” киноны гол дүрд тоглосон Холливуудын хөөрхөн хүүхэн, жүжигчин Julia Roberts-той Popsugar цахим хуудасны сэтгүүлч ярилцсан байна. Энэхүү киног Английн зохиолч эмэгтэй Elizabeth Gilbert-ийн “Eat, Pray, Love” номноос сэдэвлэн бүтээсэн юм. Сая, сая эмэгтэйчүүдийн сэтгэлийг булаасан тэрхүү бестселлер хэрхэн дэлгэцэнд амилах нь бүгдийн анхаарлыг татаж байгаа билээ. Харин Julia Roberts киноныхоо талаар хэрхэн ярьж байна?

-Энэ кинонд тоглох санал ирэхийн өмнө та “Eat, Pray, Love” номыг уншсан байсан уу?

-Тийм. Энэ номыг алдаршиж эхлэх тэр үед нь уншчихсан байсан. Номын дэлгүүрээс худалдаж аваад эхний 30 хуудсыг уншаад л шууд дурласан. Тэгээд amazon сайтаас нэгийг худалдаж аваад шууд Чикагод байдаг нэг сайн найз руугаа явуулаад хамтдаа уншицгаая гэж уриалсан шүү /инээв/.

-Ингэхэд та залуу охид, бүсгүйчүүдэд ямар нэгэн зөвлөгөө өгвөл ямар вэ?
 

-/дахиад л инээмсэглээд/ Ээжтэйгээ л ярилц. Ээждээ бүхнээ ярь. Тэр л чамайг хамгийн сайн мэднэ. Чамайг нүүрний будаггүйгээр, ганган дэгжин хувцасгүйгээр, өндөр өсгийтгүйгээр мэддэг бараг ганц хүн чинь ээж чинь шүү дээ. Тийм болохоор Холливуудын оддоос битгий зөвлөгөө ав. Тэдний зөвлөгөө худлаа байх болно.

-Та номын зохиогч эмэгтэйтэй уулзаж байсан уу?

-Би Liz Gilbert-тэй Ромд уулзсан. Анхандаа би түүнтэй уулзана ч гэж нэг их төлөвлөөгүй байсан л даа. Ryan /Ryan Murphy-уг киноны найруулагч/, Liz хоёр маш дотно харилцаатайг би мэддэг байсан. Би нэг талаас түүнтэй уулзахаас жаахан санаа зовниж байсан. Учир нь түүнтэй уулзна гэдэг чинь “би” гэсэн үг, бас би түүнтэй уулзаад дурлачих байх гэж айж байлаа /инээв/. Уулзаад танилцчихвал би яг түүнийг дууриаж жүжиглэх гэж чармайгаад хэтэрхий “тэнэг” болчих байх гэж бодсон юм л даа. Гэхдээ л бид уулзсан. Надад гайхалтай гоё байсан. Тухайн үед би “Гайхалтай, надад түүн шиг найз аль эртнээс байсан болоосой” гэж бодож байсан шүү. Түүнтэй уулзсан хэн ч бай найзууд болохыг хүсэх байх аа.

-Зураг авалтын үеэр Италид хэр их идсэн бэ? Хамгийн дуртай хоол чинь юу байв?

-Миний хамгийн дуртай хоол угаасаа паста. Би баяр хөөртэй эсвэл стресс гунигтай үедээ паста л идмээр санагддаг. Ингэхэд зураг авалтын үеэр би хичнээн таваг паста идсэнээ ч тоолж чадахгүй байна. Liz Gilbert Италид аялж явахдаа пицца идэж байсан яг тэр газар нь бид зураг авалт хийсэн, бас. Тэнд бид өглөө эрт очсон юм л даа. Тэгэхэд лав би нэг шинэ өдрийг 10 том зүсэм пицца идэж эхлүүлсэн шүү. Түүнийгээ ердөө хагас цагийн дотор л идэж дуусгасан. Италид зураг авах хугацаанд би л лав нэлээд жин нэмсэн. Ryan намайг бараг 10 паундаар таргалсан гээд байсан. Гэхдээ түүнээс арай бага л даа. Гэхдээ би таргалж байсандаа ердөө ч санаа зовоогүй. Паунд бүртээ хайртай байсан шүү /инээв/. Манай багийнхан “Санаа зоволтгүй ээ. Чи Энэтхэгт очоод шууд л нэмсэн жингээ хаях болно” гэцгээж байсан ч тэд нарын хэлснээр болоогүй ээ.

-Жүжигчин Javier Bardem-тай хамтран тоглоход ямар байв?

-Ямар нэг гөлөг шинээр авах шийдвэр гаргахтай л адилхан байсан. Эхэндээ бид тийм сүрхий танилууд байсангүй. Бүгдийг шинээр эхэлсэн. Өдрийн хоол хамтдаа идэцгээж, хамтд дэлгүүр хэсч, удалгүй найзууд болсон. Түүний дараанаас бүх зүйл надад таатай, эвтэйхэн болж эхэлсэн. “No Country For Old Men” кинонд тоглосных нь дараа би түүнийг маш их үнэлэх болсон. Тэр бол ер бусын жүжигчин шүү. Ер бусын гэдгийг би дахин хэлмээр байна. Нэг тийм түгээмэл биш өөр хүн. Би түүнд “Эхэндээ би чамтай арга эвээ ололцож чадна гэдэгтээ нэг л итгэлгүй байсан. Хэцүү байх гэж бодож байлаа. Харин энэ бүхний эцэст чамтай хамтран ажиллана гэдэг диваажин гэдгийг ойлголоо” гэж хэлсэн шүү.

-Та жинхэнэ амьдрал дээр  Liz Gilber-тэй адилхан амьдрахыг хүсч байна уу? Магадгүй зарим талаар?

-Мэдээж миний амьдрал хуучнаараа л байх болно. Энэ бүх амьдралын хэв маягийг би амьдралынхаа туршид бий болгосон шүү дээ. Зарим нь сайн, зарим нь магадгүй муу. Гэхдээ би засъя гээд засч чадахгүй зүйлс ч байна. Гэхдээ энэ бүхний дараа надад нэг тийм өөр мэдрэмж төрөх болсон. Түүний ном надад их зүйлийг өгсөн. Liz олсон бүхэн надад тус болно байх гэж би боддог. Би түүн шиг дураараа аялмаар байна. Бүхнийг овун санаа, дотоод сэтгэлийн гэрэл гэгээтэйгээр хиймээр байна. Үүнийг маш ихээр хүсч байна. Нэг зүйлийг хэлэхэд би таван дотны найзтай. Тэдэндээ бүгдэнд нь “Eat pray love”-ийг бэлэглэсэн шүү.

Ж.Нил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж