
Москва хотод нас баралтын төвшин өнгөрсөн жилийнхээс бараг хоёр дахин ихсээд байгаа бөгөөд албан тушаалтнууд үүнийг утаа тортогтой холбож үзэхийг хүсэхгүй байгаа ч эмч нар албан бусаар холбоотой гэж үзэж байна. Сүүлийн долоо хоногт анх удаа өчигдөр мягмар гаригт Москва хотод өтгөн утаа арилж, нарны гэрэл тусч, жаахан бороо орсон байна.
Цаг агаар хэт халуун байгаагаас тус улсын эдийн засаг, тэр дундаа хөдөө аж ахуйн бүтээмжинд ноцтой нөлөө үзүүлж байна гэж Оросын том банкны мэргэжилтнүүд ярьж байна. Улаанбуудай экспортлохыг хориглосноос дөрвөн тэрбум ам.долларын хохирол учирна гэж Москвад байрладаг “HSBC” банкны ахлах эдийн засагч Александр Морозов ярьж байна. Энэ жил тарьсан ургацынхаа бараг гуравны нэгийг нь алдаж байгаа учир Оросын Засгийн газар улаанбуудайн экспортдоо хориг тавьсан юм.
Түүнчлэн цаг уурын онцгой нөхцөл байдал, утаа манантай холбоотойгоор зарим үйлдвэрүүд хаагдсан. Эдийн засгийн зардал, хохирлоос гадна хүний амь эрсэдсэн явдал олон гараад байгаа бөгөөд одоогийн байдлаар 52 хүн түймэрт өртөн нас барсан байна.
Орон нутгийн болон дээд төвшний удирдлагуудаа хангалттай арга хэмжээ авсангүй, бэлтгэлгүй байна хэмээн олон нийт бухимдалтай байгаагаа илэрхийлж байна. ОХУ-ын ерөнхий сайд Путин Москва хотын даргыг дуудаж уулзан Москва мужийн ойн захиргааны дарга Сергей Гордейченког ажлаас нь халсан байна. Тус муж ойн түймэртэй холбоотой онц байдал зарлахад тэрээр амралтаа авса байсан юм.
Ерөнхийлөгч Дмитрий Медведев зуны амралтаа дуусгалгүй ажилдаа орсон бөгөөд түймэр гарчихаад байхад амарсаар байгаа ойн салбарын дарга нарыг ажлаас нь халах болно гэж мэдэгдсэн байна. Мөн эрт ажилдаа ороогүй хэмээн Москва хотын дарга Юрий Лужковыг Кремлиэс донгодсон байна. Түүнийг өнгөрсөн ням гаригт ажилдаа орсон нь сайн юм болсон, гэхдээ түүнээс ч өмнө ажилдаа ирэх ёстой байсан юм гэж нэрээ хэлээгүй Кремлийн нэгэн албан тушаалтан ярьсан байна.
Т.Бадрах