Гагнасан гинжийг таслагтун, Хэнээр вэ?

Хуучирсан мэдээ: 2010.08.11-нд нийтлэгдсэн

Гагнасан гинжийг таслагтун, Хэнээр вэ?

2000 он гарч байх мөчид Монгол улс шинэ зуунд өргүй орлоо гэж хөл, хөөр болж байлаа. Энэ ажлыг хийсэн хүн нь Н. Энхбаяр. Дараа нь “Мянгуужингийн үлгэр” гэх нэрийг авсан “Мянганы зам”-ын ажлыг эхлүүлсэн. Тухайн үед хүмүүс түүнээс өөр хүн энэ их ажлыг хийж чадахгүй гэж бодож байв. Тэр үеийн төрийг энэ л хүн цэвэрлэнэ гэж бодож байсан хэрэг л дээ. Гэтэл авилгалын “загалмайлсан эцэг” нэрийг авч  Сүхбаатарын нэрэмжит хэвлэх үйлдвэр, Төмөртэйн ордны тодорхой хувь, “ТВ9”, “ТВ5”, “Зууны Мэдээ”, “Шаргалжуут”, “Гурван нуур”, “Оргил рашаан” сувилал гээд хотыг тойрсон бараг бүх газар түүнийх болоод ирэв. Энэ хүний оролцоотойгоор 2000 онд Тосонцэнгэлийн сургуулийг төгссөн гурван хүн нэгэн зэрэг төрийн нарийн бичгийн дарга, агентлагын даргаар томилогдож байсан баримт бий. Зарим шүүмжлэгчдийн хэлснээр бол түмний сонирхлоос дээгүүр явцуу ашиг сонирхлоороо нэгдэгчдийн Монгол төрийг хэрж тушсан бахим гэгчийн хар гинж чухам энэ үеэс бий болсон түүхтэй аж.

Энэ бүх үйл явдлын өрнөл бүр ч дэвэрч нэг хэсэг цөөнгүй улстөрчид Ерөнхийлөгчийн засаглалтай болох тухай ч ярих болсон билээ. Харин энэ үеэр МАХН-ын одоогийн ерөнхий нарийн бичгийн дарга У. Хүрэлсүх “ТВ9” телевизийн нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа “Энэ нөхрийн амьдралын философи гэж юу байдгийг би хэлье. Энэ хүн бусдыг хооронд нь зөрчилдүүлж тэр зөрчил, тэр хэрүүл дундаас үсэрч байгаа очоор нь хооллож амьдардаг хүн”, “МАХН-ыг шинэчлэх нэг том зүйл бол энэ намд шургалсан Энхбаярын гар хурууг тасдаж хаях хэрэгтэй. Энэ хүн бол аюултай хорчин хүн”, “Энэ хүнд эрх бүхий байгууллага эрүүгийн хэрэг үүсгэж шалгах  болжээ”, “Монгол өнөөдөр хоёр ерөнхийлөгчтэй, эхнийх нь Цолмон, хоёр дахь нь Н. Энхбаяр” зэргээр хэлж гарч ирсэн нь ард түмнийг “Одоо л МАХН-ыг шинэчлэх нь, төрийг цэвэрлэх нь” гэж бодуулахад хүргэсэн билээ. Гэвч тийм зүйл болсонгүйгээр барахгүй У.Хүрэлсүх 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Н.Энхбаярыг “МАХН-ыг төлөөлж чадах хүчтэй лидер.., Манай намд үүнээс сайн хүн алга” гэх зэргээр эргээд танигдахын аргагүй болж билээ.

Яг үнэндээ түүнийг ингэж хэлүүлэх нь учиртай байсан юм. Яагаад гэвэл өмнө нь хонь, чоно байсан хүмүүсийг нэг талынх мэт яриулах нь Н. Энхбаярын рейтингийг өсгөх биш, унагаах байсан аж. Үүнийг ч тухайн үеийн МАХН-ын удирдлагууд ч мэдэж байсан нь ойлгомжтой. 2010 оны хоёрдугаар сарын 28-нд олон нийтийн телевизээр Н.Энхбаяр ярихдаа “2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн луйврыг С. Баяр, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга нарын явуулга” гэж байсан юм.. Ингээд нэг удаа улиран ард түмний төлөөлөл болсон түүнийг дахин үлдээх эсэхийг шийдэх сонгууль ч болдгоороо болов. Харин үр дүн нь түүний эсрэг гарсан юм. Албан тушаалаа өгөөд удаагүй байтал түүний хийсэн зарим “но-той, ноцтой” үйлдлүүд илэрч эхлэв. Их өрийг тэглэснээс ес, арван жилийн дараа Монголд айлчилсан Оросын ерөнхийлөгч “Нэлээд хэдэн тэрбумаар яригдах төлбөр дутуу шүү” гээд барайлгаад одов. Хүмүүс “Нээрээ энэ чинь юу билээ, өрөө тэглэчихсэн биш бил үү” гээд айх, гайхах зэрэгцэн сандралдаж байв. Үүний дараа буюу энэ оны хоёрдугаар сарын 28-нд өр цайруулагч маань олон нийтийн тодотголтой телевизээр “Би Ерөнхийлөгчийн сонгуулийг булхайтай болсон гэж хэлнэ. Гэхдээ үүнийг би ардчилсан намын гишүүдтэй холбож яримааргүй байна. Энэ бол зуун хувь МАХН-ын тухайн үеийн дарга, нарын бичгийн дарга нартай холбоотой. Бүр тодруулж хэлбэл С. Баяраар тэргүүлүүлсэн хэдэн хүний луйвар…” гэж шал өөрийг өгүүлэх нь тэр. “Хамтарсан засгийн газар сайн ажиллаж чадахгүй байна. Би уг нь эднийг юм хийх болов уу гэж харж байсан юм. Юм хийхийн тулд л хамтарсан засгийн газрыг байгуулсан юм болов уу гэж. Гэтэл тэд юу ч хийсэнгүй” гэх хариултыг ч өгч байв.
Хачирхалтай нь тэр их өрийн талаар ам нээсэнгүй. Түүгээр ч барахгүй С. Баярыг сайн улстөрч гээд магтаж байснаа хүртэл мартчихаж. Монгол төр гэх ашиг сонирхлоороо нэгдсэн увайгүй нөхдийн гагнасан гинжийг тэр тасалж чадахгүй болсон төдийгүй амиа хаацайлах өвөрдөлтэй нэгэн болон хувирчээ.Анх У. Хүрэлсүхийг гарч ирж байхад Н.Энхбаяр “Залуу хүмүүсээр цусаа сэлбэлээ” гээд магтаж байсан удаатай. Гэвч У. Хүрэлсүх гинж тасдахгүй нь мөн л ойлгомжтой боллоо.

Ингээд монголчууд С.Баярт итгэж эхлэв. МАХН-ын даргаар С. Баяр сонгогдож, Ерөнхий сайдаар томилогдоод байсан цаг. Ерөнхий сайд болоод “Таван төгөлдөршил”-ийн тухай ярьж, түүнийг Засгийн тэргүүн байхад Татварын ерөнхий газрын дарга ажлаа өгсөн зэрэг нь “Одоо л Монгол төрд хариуцлага гээч юмыг тогтоох нь” гэсэн итгэл, найдварын олон нийтэд авчирсан. Гэвч удалгүй өвчин тусч түүнийг нь далимдуулан “ТВ5”, “ТВ9”, “Зууны мэдээ” гэх мэдээллийн хэрэгсэлүүдээр “Өвчтэй хүнээр Засгийн газрыг толгойлуулах хэрэггүй”, “Угаасаа Засгийн газар нь юу ч хийж чадахгүй” зэрэг бор шувууг нисгэж, гүйцэтгэх засаглалд түүний байр суурийг ганхуулж эхэлсэн. Ийнхүү бас гинж таслах найдвар үгүй болж ажлаа өгөв.

Дараахан нь нэгэн хэвлэлд С.Баяр, “Н.Энхбая¬рыг улс төрөөс зайлуу¬лах ажлыг Н.Энхбаяр өөрөө хийгээд байх шиг. Сав л хийвэл бусдыг ял¬лан буруутгаж, өөрийгөө өмөөрч  магтаад яваа. Өмнөхөө үгүйсгээд, орон гаран юм яриад байгаа хүн улс төрийнхөө ирээ¬дүйг өөрөө л баллаад байгаа юм биш үү” гэх яриаг өгч байв. Өмнө нь өөрийг нь муулж байхад юу ч дуугараагүй тэрээр яг Оюутолгой, Тавантолгойн асуудлыг ярьж эхэлсэний дараа өөрийн Засгийн эрхэнд байхдаа батлуулсан гэрээгээ цээжээрээ хамгаалан ийн хариу өгөв. Үүнээс харахад “Төрийн тушаа болсон “гинж”-ийг ч тэр таслахгүй нь бололтой.Харин ч бас нэгэн цагираг биш биз гэсэн хардлага төрүүлж байна.
Дараахан нь сонгогдсон МАХН-ын шинэ дарга жам ёсоороо Ерөнхий сайдаар томилогдов. Энэ хүн бол Сү.Батболд.  2009 оны Монголын баячуудыг магнайлсан эрхэм. Ерөнхий сайд болохдоо хэлсэн үг, өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангаагүйг эрс буруутгаж, Тавантолгой орд, боловсролын салбарт гаргасан санаачилгыг нь харсан олон нийт одоо л “тасалчих хоншоортой хүн гараад ирлээ” гэж бодож байв. Гэтэл түүнийг “Чингис хаан” зочид буудлыг луйвартай аргаар өөрийн болгосон, түүний мэдэлд олон тооны газар байдаг тухай ярих болов. Мөн  Ерөнхийлөгч асан Н. Энхбаяр “Миний бие намын дарга, Ерөнхий сайдаар ажиллахдаа Сү.Батболдыг Гадаад хэргийн дэд сайдаар томилж анх улс төрд хөтлөн оруулж ирж, итгэж дэмжсэн. Энэ мэтээр МАХН-аас Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүн болсон маш олон хүнийг дэмжиж, тулж, тусалж, зааж зөвлөж, бас зэмлэж загнаж, урам зориг ч өгч улс төрд өдий зэрэгтэй явахад нь гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн. “гэж яриа өгчээ.

Мөн тэрээр, “ АН-аас ч нэлээн хэдэн хүнийг дэмжиж, Ерөнхий сайд хүртэл болгож, бас хариуцлага ч тооцож, хатуужуулан өсгөсөн. Ач тусыг заавал хариулахдаа ч биш, чадвал хариулна л биз, хамгийн гол нь мартахгүй байх нь чухал. Төрөлхөөсөө төрийн өндөр албан тушаалтан байсан юм шиг өчигдрөө мартах нь эцсийн эцэст итгэж дэмжсэн ард түмэн, сонгогч олноо мартахад хүргэнэ” гэж ярьсан нь Ерөнхий сайдын ард төдийгүй өнөөгийн улс төрийн хоёр том хүчний лидерүүдийн ард Ерөнхийлөгч асан маань байгаа шүү гэдгийг сануулав бололтой. Одоогоор С.Батболд энэ гинжийг таслах уу, гагнах уу гэдэг нь тодорхойгүй л байна.

2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээр Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ. Тэрээр гарч ирэхдээ “Ард түмэнтэйгээ амь нэг Ерөнхийлөгч байна”, “Ардчилсан ерөнхийлөгч байх болно”, “Шүүхийн тогтолцоог шинэчлэнэ, авлигатай тэмцэх газрыг ард түмэнтэй ойртуулна” гэж гарч ирсэн. Харин Ерөнхийлөгч болсоныхоо дараа нь НҮБ, Копенгагений хурал дээр илтгэл тавьсан зэрэг нь “За одоо л нэг тас татах нь” гэж ойлгогдож байв. Тэгээд ч тэр дээр дурьдсан гурвуулангийнх нь үйл хэрэгт үнэлэлт дүгнэлт өгдөг байв.  Гэтэл Авлигатай тэмцэх газрын олон нийтийн зөвлөлд Ардчилсан намын төлөөллийг оруулсан, өөрийн намын хүмүүст одонгоо тараасан зэрэг нь тэрээр үүнийг хийж чадах уу, үгүй юу гэдэг эргэлзээг төрүүлээд байна. Цаазын ялыг таягдахыг хүссэн Ерөнхийлөгч Монголын төрд батаар гагнагдсан гинжийг тас татах болов уу?
Гинжийг тасдах гэж оролдох болгонд нөгөөх гинж маань харин ч улам батжиж, тасдах эзэн нь гэж бодож байсан нь хүртэл бас нэгэн хэлхээ цагираг болон цаашаагаа хэн нэгэнтэй холбоотой болоод явах нь гайхалтай. Энэ нь цаашдаа Монголын төрд гагнагдаад байгаа том хар гинжийг тасдан хаях зоригтой аавын хүү байгаа юм уу гэх асуултыг байнга л босгож ирнэ . Дараа нь дахиад л “Гагнасан гинжийг таслагтун! Хэнээр…”хэмээн мөрөөдсөөр л.

Б. Болорсүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж