
-Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл олголт хэдэн хувьтай байна вэ?
-Зээл олгох ажлыг нийслэлд дүүргүүдийн Засаг дарга, орон нутагт аймаг сумын засаг дарга нараар ахлуулан зохион байгуулдаг. Нийслэлийн зургаан дүүрэгт зээл олголт 99, харин орон нутагт 95 хувь буюу улсын хэмжээнд 92 хувьтай дуусах шатандаа явж байна. Орон нутагт Хаан, Хас, Хадгаламж банкаар, нийслэлд Капитрон, Голомт, Улаанбаатар банкаар тус тус дамжуулан олгож байгаа.
-Зарим банкны салбар хөдөө орон нутагт байхгүйгээс зээлээ авч чадахгүй байна гэсэн гомдол байсан. Зээл олголтод ямар хүндрэл гарч байна вэ?
-Манай байгууллагын зүгээс арилжааны банкуудад санал тавьж, харилцан гэрээ байгуулдаг. Хаан банк 21 аймгийн бүх сумдад салбартай учраас хүндрэл гарахгүй. Харин Хадгаламж, Хас банкууд зарим суманд салбаргүй. Гэхдээ бүх аймгийн төвд Хас, Хадгаламж банк салбартай учраас аймгийнхаа төвөөс зээлээ авч байгаа. Харин барьцаа хөрөнгө хангалтгүйгээс зарим төслийн зээл саатах тохиолдол байна. Үүнд манай байгууллагын зүгээс банкуудад хөрөнгийг нь үнэлэхдээ зах зээлийн жишгийг барих санал тавьдаг. Гэрээнийхээ журмыг биелүүлэхгүй бол гэрээгээ цуцалдаг. Жишээ нь, төрийн банк гэрээнийхээ зарим нөхцлийг зөрчсөн учраас зээл олголтоо өөр банкинд шилжүүлсэн. Гэхдээ тухайн арилжааны банкууд эрсдэлээ 100 хувь өөрсдөө хүлээдэг болохоор өндөр шалгуур тавих нь аргагүй. Зээлийн шаардлага хангасан, эргэн төлөгдөх боломжтой, цаашид өсөх ирээдүйтэй үйлдвэрлэлд л зээл олгоно шүү дээ. Зээл хүсэгч иргэдийн олонх нь өөрийн хөрөнгө муутай байдаг нь зээл авахад хүндрэл үүсгэх бас нэг нөхцөл болдог.
-Магадгүй зээлийн эргэн төлөлт хангалтгүй байдгаас банкууд барьцаа хөрөнгөө ихээр тогтоодог юм болов уу?
-Зээлийн эргэн төлөлт бол сайн байдаг. Ер нь банкууд ямар нэг эрсдэл гарахаас сэргийлж өндөр шалгуураар зээлээ олгож байгаа гэж бодож байна.
– Улсын хэмжээнд нэг жилд дунджаар зээл хүссэн хэдэн төсөл ирүүлдэг вэ. Тэдний хэдэн хувьд нь Засгийн газраас төсөвлөсөн хөрөнгө очиж байна?
-Засгийн газраас 2008 онд нэг тэрбум төгрөг жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлд зарцуулсан. Энэ нь аймаг бүрт хуваагаад үзвэл нэг аймагт 60-70 сая төгрөг ногдож маш цөөхөн хувьд хүрч байсан бол 2009, 2010 онд 30 тэрбум төгрөг төсөвлөж дунджаар нэг аймагт 700 орчим сая төгрөг оногдож байгаа юм. Гэхдээ энэ нь хангалттай гэсэн үг биш. Учир нь улсын хэмжээнд жилд дунджаар иргэд, аж ахуйн нэгжээс зээл авах шаардлагатай 6000 гаруй төсөл ирүүлдэг. Үүний дөнгөж 10 хувьд нь л хөнгөлөлттэй зээл олгодог.
-Тэгвэл үлдэж байгаа төслүүдээс шаардлага хангасан нь дараа жил зээлд хамрагдах боломжтой юу?
-Боломжтой. Зээлд хамрагдаж чадаагүй төслүүдээс зах зээлд өрсөлдөх чадвартай, шаардлага хангасан төсөл олон байдаг. Гэхдээ дан ганц Засгийн газрын зээл гэхгүйгээр гадаадын төсөл хөтөлбөр, төрийн бус байгууллагуудын төсөлд хамрагдах боломжтой байдаг.
-Төслүүдээс харахад ихэвчлэн ямар салбар, чиглэлийн үйлдвэрлэл зонхилж байна вэ?
-Иргэд, аж ахуйн нэгжийнхэн бүхий л салбар, чиглэлээр үйлдвэрлэл эрхлэх хүсэлт ирүүлдэг. Жишээ нь, хөдөө орон нутагт мал аж ахуй түүхий эд боловсруулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, гэр ахуйн бараа, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэл гэх мэт бүхий л салбар чиглэлийнх байдаг гэв.
Дээрх ярианаас харахад хүндрэл үүсдэг гол шалтгаан нь зарим банк хөдөө, орон нутагт салбаргүй байгаа нь бус харин банкууд барьцаа хөрөнгийн хэмжээ их байх шаардлага тавьдаг нь зээл олголт саатахад нөлөөлсөн бололтой. Жижиг дунд үйлдвэрлэлийн газар, Арилжааны банкуудын гэрээнд зээл олгох нөхцлийг тогтоох тухай тусгадаггүй. Банкууд өөрсдөө барьцаа хөрөнгийн хэмжээ, зээлийн бусад нөхцлөө тогтоодог болохоор өөрийн хөрөнгө муутай иргэд, аж ахуйн нэгжийнхэн зээл авч чадахгүй байгаа аж. Гэхдээ нэг хувийн хүүтэй, гурван жилийн хугацаанд эргэн төлөгдөх нөхцөл нь бүх банкинд адил байдаг нь нэг давуу тал гэж хэлж болохоор байна.
Ингээд хаана ямар банкаар дамжуулан зээлээ авах боломжтой талаарх мэдээллийг хүргэе.
Аймгуудыг ерөнхийд нь гурван хэсэг болгон гурван банкаар зээл олгохоор төлөвлөжээ. Үүнд:
Говьсүмбэр, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Ховд аймаг-Хаан банк,
Архангай, Хөвсгөл, Говь-Алтай, Өвөрхангай, Дорноговь, Дундговь, Орхон, Завхан, Сэлэнгэ аймаг-Хадгаламж банк,
Баянхонгор, Дархан-Уул, Увс, Өмнөговь, Баян-Өлгий аймаг Хас банкнаас зээл олгохоор тооцсон байна.
Хаан банкны хувьд 21 аймгийн бүх сумдад салбартай болохоор зээл хүндрэх асуудал гарахгүй. Хадгаламж банк 21 аймаг, 245 суманд салбартай. Тус банкны салбар суманд нь байхгүй иргэд заавал аймгийн төв орж зээлээ авах болох нь. Хас банк бүх аймгийн төвд салбартай хэдий ч Өвөрхангай аймгийн Хархорин, Завхан аймгийн Тосонцэнгэл, Өмнөговь аймгийн Ханбогд, Хэнтий аймгийн Бор-Өндөр гэсэн дөрөвхөн суманд салбартай юм байна. Тэгэхээр Хас банкнаас зээл авах Увс, Баян-Өлгий, Өмнөговь аймгийнхан төвөөсөө олон зуун км алслагдсан сумынхан зээлээ авахаар зардал гарган аймгийн төвөө зорихоос өөр аргагүй аж.
С.Отгон